У.Сувдсүрэн: Иргэд газар эзэмших, өмчлөх эрхийн талаар зөрүүтэй ойлголттой байна

Нийслэлийн Газрын албанаас иргэдийн газар өмчлөлийн ажилд туслах гурван сарын аяныг зохион байгуулсан нь ирэх сарын 4-ний өдөр өндөрлөх юм. Энэ хугацаанд ямар үр дүнд хүрсэн талаар нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.СУВДСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Манай нийслэлийн иргэдийн 15 хувь нь л газраа өмчилж авсан гэх тоон мэдээлэл байдаг. Энэ кампанит ажлыг зохион байгуулсан гурван сарын хугацаанд ямар ахиц гарав?

-Бидний зохион байгуулсан кампанит ажил есдүгээр сарын 4-нөөс эхэлсэн. Нийслэлийн 3, 4 дүгээр бүсэд эзэмшсэн газар их байдаг. Тиймээс ирэх онд энэ бүсэд анхаарлаа хандуулж газар өмчлөх ажлыг явуулна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд нийслэлийн зургаан дүүргийн 3142 иргэнийг газраа өмчилж авахад дэмжлэг үзүүлэх зорилготой кампанит ажлыг Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн юм. Одоогийн байдлаар 1200 иргэний газраа өмчилж авах захирамж гараад шийдвэр нь дүүргүүддээ хүргэгдэж байна. Хамгийн сүүлд энэ сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэгт газар өмчлөлд дэмжлэг үзүүлэх аян эхлээд явж байгаа юм.

-Та бүхэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй ажил юу байна вэ?

-Иргэдийн хувьд зарим нэг ойлголтын зөрүү байна. Тухайлбал, тэд газраа өмчлөх, ашиглах, эзэмших гэж юу болох талаар тодорхой ойлголтгүй, буруу зөрүү ойлгох явдал байх юм. Зарим нь манайхаас олгодог газар өмчлөлийн шийдвэрийг газраа өмчлөөд авчихсан мэт ойлгох тохиолдол байна. Уг нь тэр шийдвэрийг үндэслээд дүүргийнхээ Газрын албанд материалаа бүрдүүлж өгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах ёстой юм л даа. Өөрөөр хэлбэл, таны газар болон тэр газар дээр байгаа байшин барилга чинь тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх учиртай. Үүнийг манайхан ойлгохгүй байна. Тиймээс бидний зүгээс явуулж байгаа гурван сарын аян, кампанит ажил маань иргэдэд Газрын тухай болон Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийг сурталчлан таниулахад томоохон хувь нэмэр болж байгааг энд зориуд тодотгомоор байна.

-Аяны хугацаанд айл өрхөөр орж ажиллав уу, эсвэл дүүргүүд дээр сургалт сурталчилгаа явуулсан уу?

-Бид аяныхаа бэлтгэл ажлыг сайтар хангаж, 10 мянган ширхэг тараах материал хэвлүүлсэн. Түүнд та газраа өмчилж авахын тулд ямар материал, бичиг баримт бүрдүүлсэн байвал зохих вэ гэдгийг нэг бүрчлэн жагсааж, газраа өмчилж авах хүсэлтээ илэрхийлсэн бүх айл өрхөд хүргэсэн байгаа. Дараа нь айлуудаар явж мэдээллээ баталгаажуулсны дараа хороон дээр нь сууж ажилласан. Хашаа байшин нь кадастрын болон зураг зүйн алдаа дутагдалтай байвал газар дээр нь очиж, холбогдох албаныхантай асуудлыг нь шийдээд явж байна.

-Иргэд газраа өмчилж авах сонирхолгүй байдаг юм уу эсвэл энэ үйл ажиллагаа хүндрэлтэй байдаг юм болов уу. Нийслэлийн хэмжээнд 15 хувь гэдэг дэндүү бага тоо биш үү?

-Гурван сарын аяны хугацаанд харж байхад иргэд газраа өмчилж авах нь маш хүндрэлтэй, хэцүү ажил гээд хийсвэрээр ойлгочихсон байдаг бололтой юм. Дүүргийнхээ Газрын албанд нэг ч удаа очиж үзээгүй байж, “Хөөцөлдөхөд бүтэх юм уу, үнэн хэцүү шүү дээ” гэх нэгэн байхад зарим нь хөдөө гадаа ажилтай, зав чөлөө хомс байдаг юм шиг байна. Бас газар өмчлөлийн ач холбогдол, үр өгөөжийг ер ойлгохгүй, байгаа газраас нь хэн нэгэн ирж хөөгөөд байхгүй л бол зүгээр сууж байдаг хэсэг бүлэг ч байна. Ялангуяа ахмад настан, тэтгэврийн хүмүүс бол нэг их тоохгүй байх жишээтэй. Зарим нь кадастрын зурагт ороогүй, хууль бусаар хашаа хатгаж, байшин барьчихсан хүн ч байх л юм. Ер нь Газар өмчлөлийн тухай хуульд гэр бүлийн хэрэгцээнд гэх заалт 2008 он хүртэл байсан. Түүнээс хойш иргэн бүрт 0.05 га газар өмчлүүлнэ гэж заасан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор үл ойлгох явдал байдаг юм байна. Гэхдээ л манай албанаас ийм арга хэмжээ зохион байгуулсны үр дүнд иргэдийн идэвх маш их нэмэгдсэн. Хэдийгээр дүүрэг бүрт тодорхой хугацаанд ажиллаад өөр тийш очиж байгаа ч гэсэн бидний ажилласан дүүргийн иргэдийн өргөдөл хүсэлт илт нэмэгдэж байгааг манай Газрын албаныхан хэлж байгаа. Энэ нь бидний ажлын гол үр дүн, өгөөж гэж бид ойлгож байна.

-Одоогоор газраа эзэмшиж байгаа иргэд өмчилж авъя гэвэл ямар баримт бичиг бүрдүүлж, хэнд хандах ёстой вэ?

-Дүүргийнхээ Газрын албанд өргөдлөө өгөх ёстой. Гэхдээ газар эзэмшиж байгаа эрхийн гэрчилгээ эх хувиараа, кадастрын зураг, иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын хорооны даргын тодорхойлолт зайлшгүй хэрэгтэй. Учир нь, тэнд таны оршин байгаа гудамж, хашааны дугаар заавал байх ёстой. Үүнийг хорооны дарга баталсан байх нь чухал.

-Газраа өмчилж авахад төлбөр хураамж нь ямар байдаг юм бэ?

-Үүнд газар эзэмшигч этгээд 0.07 га газартай байлаа гэхэд жилдээ 3400 төгрөг төлсөн байх ёстой. Өмчилж авсны дараа үл хөдлөх хөрөнгийн татвар гэж 2000 гаруй төгрөг л төлдөг. Харин кадастрын зурагт өөрчлөлт орвол тухайн компанид ажлын хөлсийг өгөх шаардлагатай болно.

-Газар өмчлөх ажил маань тодорхой дэс дараалалтай явдаг юм аа даа. Эхлээд эзэмших гэх мэтчилэн, тийм үү?

-Юуны өмнө та өөрт ногдох газрын эзэмших гэрчилгээг авсан байх ёстой. Тэр нь кадастрын зурагт багтсан, баталгаатай газар байна. Түүний дараа өмчлөх тухай ярина. Ер нь шинэ газар авахын тулд дүүргийнхээ тухайн жилийн газар эзэмшүүлэх талбай, хуваарийг сайтар судлах нь чухал. Энэ нь дүүргийн Газрын албаны сайт дээр тавигддаг. Нэг зүйлийг анхааруулахад, манайхан газар эзэмших хугацааг бас анхаарч баймаар юм билээ. Баянзүрх дүүрэгт ажиллаж байхад эзэмших хугацаа нь дуусчихсан 1200 гэрчилгээ гарч ирсэн. Түүнийг яаж шийдэхээ мэдэхгүй хүлээж байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.9.90.227)

    2017-11-28

    Энэ бол бүтдэг ажил биш юм билээ. Шал худлаа ингээд газар өмчлөх ажлыг бүр мөсөн хаах байх. Өмчлөж авсан нь хожно. Авч чадаагүй нь хохь нь болно. Хэн газар өмчилж авч чадсан бэ? гэдгийг ард түмэн мэдэж авах хэрэгтэй. Мөнгөтэй хүмүүс л ....