Газрын тосны хориг арга хэмжээ Иранд нөлөөлөхгүй

Европын холбоо Иранд хориг тавихтай холбогдуулан үүсэх газрын тосны хомсдлыг Саудын Арабаас нөхөх боломжтой гэж АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Дэвид Петреус мэдэгдлээ.
-Барууны орнууд Саудын Арабыг Ираны эсрэг босгох нь-

                                                          АНУ-ын холбоотнуудаар хүрээлэгдсэн Иран

Европын холбоо Иранд хориг тавихтай холбогдуулан үүсэх газрын тосны хомсдлыг Саудын Арабаас нөхөх боломжтой гэж АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Дэвид Петреус мэдэгдлээ.
Ойрын хэдэн долоо хоногт Иранд оног дуулсан хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэх аж. Д.Петреусын хэлснээр Саудын Араб газрын тосны экспортоо нэмэгдүүлэх өндөр чадамжтай Персийн булангийн орон бөгөөд тус улсаас импортлох газрын тосны хэмжээг ихэсгэснээр нефтийн үнэ хямдрах ч боломжтой аж.
Үүнээс өмнө Газрын тосны нөөц, экспортоор тэргүүлдэг Саудын Араб өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд тааруулан газрын тосны олборлолтоо нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл бүс нутагт ноёрхлоо тогтоохыг хичээж буй Иран улсын дургүйг ихээхэн хүргэснийг Тегераны албаныхан хэлжээ. Хэрвээ Саудын Арабын газрын тосоор Иранаас үүсэх хомсдлыг орлуулбал Тегеранд оногдуулах газрын тосны хориг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж тус улсын төв банкны Европтай холбогдох үйл ажиллагаанд хязгаарлалт хийхэд асуудалгүй болох гэнэ.

Саяхан Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцааны сайд нар Брюссель хотноо уулзан Ираны газрын тосны экспортод хориг тавих шийдвэрийг баталсан билээ.
Тэд Европын холбооны бүх гишүүн орныг Иранаас газрын тос импортлохыг зогсоох шинэ багц бүхий эл хоригийг бүрэн хэрэгжүүлэх цаад талын хугацааг энэ оны долдугаар сарын 1-ний өдөр гэж тохиролцож гарын үсэг зуржээ. Иран газрын тосоор баялаг Персийн булангийн орон бөгөөд тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь газрын тосны экспорт юм. Тус улсын газрын тосны экспортод хориг тавьснаар Тегераны цөмийн хөтөлбөр, зэвсгийн дэвшилтэт технологийн судалгаанд саад болж чадах аж.
Европын олон бизнесмэн Ираны нефть химийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулахыг зөвшөөрч, хамтарсан үйлдвэрүүд барихаар тогтоод байжээ. Дээрх багц хоригт бизнесийн эдгээр үйл ажиллагааг цуцлахыг тусгасан байна.

Түүнчлэн уг хоригт Ираны байгалийн хий, тус улсын төв банкны мөнгөн тэмдэгт, зоосон мөнгө, алт, мөнгө зэрэг үнэт металаас гадна очир алмазын солилцоо болон тус улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гадаад худалдааг хаах заалтуудыг оруулжээ.
АНУ болон бусад барууны орнууд Ираныг энхийн зорилгоор гэх нэрийн доор цөмийн зэвсгийн технологи хөгжүүлж байна гэж одоог хүртэл буруутгасаар байгаа юм.
Харин Тегеран дотоодын эрчим хүчний шаардлагаас улбаалан уран баяжуулж байна гэж барууны орнуудын шүүмжлэлийг үгүйсгэсэн хэвээр байна. Барууны орнуудын Иранд оногдуулж буй дээрх хориг арга хэмжээнд Ираны Ази тив дэх хамгийн том хэрэглэгч Япон, Өмнөд Солонгос улс нэгдэн тус улсаас авах газрын тосны импортоо аажмаар бууруулахыг зөвшөөрчээ.

Мэдээж АНУ, барууны нөлөө бүхий гүрний удирдлагууд Япон, Өмнөд Солонгосыг тэднийг дэмжихийг хүссэн. Харин Хятад, Энэтхэг улсууд Иранаас авах газрын тосны импортоо зогсоохгүй гэж мэдэгдсэн. Иран газрын тосны гадаад дахь энэхүү “онгорхой зай”-г нөхөхөөр хэд хэдэн оронд хүсэлт илгээжээ.
Тэдгээрээс Камбож улс Иранаас газрын тос импортлохоо мэдэгдэж энэ зайг нөхөхөө илэрхийлсэн анхны орон болов. Энэтхэгийн сангийн сайд Пранаб Мукержи “Обамагийн засаг захиргаанаас ирэх дарамтыг үл харгалзан Иранаас газрын тос импортлохоо үргэлжлүүлсээр байх болно.
Иранаас авдаг байгалийн хийн импорт нийслэл ШинэДелигийн эрчим хүчний гол тулгуур” гэж хэлжээ. Газрын тосны дэлхийн дөрөв дэх том хэрэглэгч орны Сангийн сайд П.Мукержи өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Чикаго хотод Иранаас авах газрын тос, байгалийн хийн импортоо бууруулах уу гэсэн сэтгүүлчийн асуултад “боломжгүй” гэж товч бөгөөд тодорхой хэлсэн байна. “Энэтхэг болон тус улсын өрсөлдөгч Хятад хоёр өнгөрөгч оны есдүгээр сараас энэ оны нэгдүгээр сард Ираны газрын тосны экспортын 34 хувийг худалдан авсан” гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлжээ. Тус агентлагаас сүүлд мэдээлсэн тайланд Энэтхэг дээрх хугацаанд ес, Хятад зургаан хувиар илүү нефть Иранаас импортолсон байна.
Иран өдөрт 2.5 сая торх газрын тос экспортолдог. Үүний 500 мянга орчим нь дээрх хориг арга хэмжээний өмнө Европ тивд тэр дундаа эдийн засгийн хямралд өртсөн Грек, Испани, Италид нийлүүлэгддэг байж.

Харин үлдсэнийг нь Хятад, Энэтхэгт, Япон, Өмнөд Солонгос импортолдог. Түүнчлэн Ираны газрын тосны жижиг хэрэглэгч олон орон буй гэнэ.
ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВНА
“Газрын тосны экспортод хориг тогтоож Исламын бүгд найрамдах улсыг хүнд байдалд оруулахыг санаархсан орнуудад өөрсдөд нь хориг арга хэмжээ оногдуулахаар бид шийдсэн” гэж Ираны Газрын тосны сайд Рустам Кашеми “Ройтерс” агентлагт мэдээлжээ.
Тэрбээр цааш нь “Барууны орнуудын энэ санаархал Ираны эдийн засагт ноцтой хохирол учруулж чадахгүй. Европ импортоо зогсоосон ч бидэнд өөрсдийн гэсэн зах зээл бий” гэжээ. “Тун удахгүй” хэмээн сүрдүүлсэн өрнөдийнхний хязгаарлалт хэрэгжиж эхэлсэн ч бидэнд мэдрэгдэхгүй өнгөрнө гэж Р.Касеми онцолжээ.
Ираны парламент өнгөрөгч сарын 29-нд барууны орнуудын эсрэг нэгэн тогтоолыг баталжээ. Гэхдээ уг тогтоолыг танилцуулахыг түр хугацаагаар хойшлуулсан гэнэ. Өнгөрөгч сарын 23-нд Европын холбоо Ираны газрын тосод хориг тавих тогтоолыг баталж, тогтоолыг бүрэн хэрэгжиж дуусах сүүлчийн хугацааг ирэх долдугаар сарын 1-ний өдөр гэж шийдвэрлэсэн.

Тегераны эрх баригчдын “Хориг арга хэмжээнд хориг арга хэмжээ оногдуулах” тогтоол хэрэгжих өдөр долдугаар сарын 1 хүртэл хойшлох бололтой. Гэхдээ Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн мэдээллээс шалтгаалж уг тогтоол үүнээс өмнө ч хэрэгжиж магадгүй аж.


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)