Чингис хааны Ауруг орд
- 2017-12-03
- Үнэн
- 1

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Рашаан дэрсний ухаа гэж нэрийдэх толгодын дунд Аваргын балгас хэмээх эртний нэгэн хотын туурь бий. 1950-аад онд нэрт эрдэмтэн Х.Пэрлээ уг туурийг “Чингис хааны их орд Ауруг орд мөн хэмээн тогтоож, 1961-1976 онд хэд хэдэн удаа судалгаа хийсэн байдаг. Хожим 1992 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд дэвсгэр зургийг үйлдэн нэлээд хэдэн цэгт геофизикийн судалгаа явуулсан байна. Улмаар 2001 оноос Монгол- Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн хээрийн шинжилгээний анги нарийвчилсан малтлагыг байгалийн шинжлэх ухааны олон талын судалгаатай хослуулан гүйцэтгэж энэ хот нь орд өргөө, газар тариалан, төмрийн дархны агуулах болон бусад жижиг үйлдвэрлэлийн газартай байсныг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, энэ туурийг XII-XIV зууны үед холбогдох Чингис хааны Их орд, Монголын эзэнт гүрний эхэн үеийн улс төр, эдийн засгийн төв, хожим нь онгон шүтээний хамгийн хүндтэй газар байсныг тогтоожээ. Аваргын балгас буюу Чингис хааны Ауруг ордын туурь нь Хэрлэнгийн Хөдөө арлын бүс нутагт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн хамгийн чухал археологийн дурсгалын нэг юм. Түүхэн сурвалж бичигт тэмдэглэсэн баримтаас үзвэл Чингис хаан улирлын шинжтэй дөрвөн ордтой байжээ. Ордууд нь эхэн үедээ цаг улирлын байдал, малын бэлчээр даган нүүдэллэж байсан бөгөөд сүүлдээ суурьшин хот хүрээ болон өргөжсөн гэж судлаачид үздэг. Эдгээр ордноос Ауруг орд нь тухайн үедээ хамгийн хүндтэй гол орд байсан бөгөөд Хэрлэнгийн Хөдөө аралд байрлаж үйл хэргийг нь Бөртэ хатан эрхлэн явуулдаг байсан хэмээн түүхчид үздэг юм. Сонирхуулахад, Ауруг гэдэг үг нь хуучирсан учир Монголын ярианы хэлэнд агуу их гэсэн утгатай ч “аварга” гэдэг үг болж хувирчээ. “Ауруг” гэдэг үгийн үндэс нь агуур, уурхай, (агуурхай), агуулах, агуулга гэдэг үгстэй нэг гаралтай. Тэгэхээр “Ауруг” гэдэг үг нь угтаа аливаа юмыг агуулах амбаар, склад гэдэг үгтэй утга ижил хэмээн эрдэмтэд үзжээ. XIII зууны үед хааны ордын дэргэд аливаа хүнс тэжээл, эд барааг агуулах байр, байшин байсан учраас хааны орд төв газраа “Ауруг” гэж нэрлэсэн байх магадлалтай гэж Ц.Дамдинсүрэн гуай тэмдэглэн үлдээсэн нь бий.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (1)
(103.26.194.76)
Монголчууд 13-р зуунд ийм байгууламж барьж байсан юм бол бид өдийд иймэрхүү хөгжилтэй байх уу? Жаахан бодитой хараач.