Ж.Ганбаатар: Бичил уурхайчдыг хууль бус олборлогчоос ялгах боломж бүрдсэн
- 2017-12-08
- Үнэн
- 0
УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Чуулганаар бичил уурхайгаас ашигт малтмал олборлохтой холбогдсон журам, дүрэм, аргачлалыг хэрэгжүүлэх нэгдсэн ойлголт, хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг асуудлын талаар хэлэлцэв.
Энэ үеэр УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.ГАНБААТАРААС дараах зүйлийг тодрууллаа.
-Бичил уурхайд ямар эрдэс давамгайлж байна вэ?
-АМГТГ-аас гаргасан судалгаагаар 78 хувийг алтны бичил уурхай эзэлж байна. Үүний дараа жонш, нүүрс, өнгөт нүүрс ордог.
-Монголбанкинд ирж буй нийт алтны хэдэн хувийг бичил уурхайчид тушаадаг юм бол?
-Арваннэгдүгээр сард Монголбанкинд тушаасан 18 тонн алтны 60 гаруй хувийг хувь хүн тушаасан. Үүнд бичил уурхайчид багтдаг.
-Бичил уурхайн салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал олон бий. Түүний нэг нь бичил уурхай тойрсон асуудал. Хүмүүс бичил уурхайд ажиллагсад болон хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг андуурдаг. Өнгөрсөн хугацаанд манай салбарын нэр хүндийг хамгийн ихээр харлуулсан нь хууль бусаар алт олборлогчид юм. Нэгдүгээрт, газрын асуудал хурц байна. Бичил уурхайчид газар авах гэхээр ямар нэгэн тусгай зөвшөөрөлд орсон байдаг. Мөн алтаа боловсруулах газар нь хангалттай биш байна. Алт боловсруулах цех улсын хэмжээнд хоёрхон байдаг. Үүнийг нэмэгдүүлэхгүй бол Монгол Улсад мөнгөн усны аюул нүүрлэхээр байна. Түүнчлэн санхүүжилт, тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Үүний дээр нөхөн сэргээх, аюулгүйн ажиллагааны журмыг тусгасан. Энэ журмыг баталснаар бичил уурхайн эрх зүйн орчинд далайцтай өөрчлөлт орж байна. Журмыг баталснаар хууль бус олборлогчидтой тэмцэх эрх зүйн орчин бүрдсэн. Манай улсад бүртгэлтэй 7-8 мянган бичил уурхайчин бий. Тэдэнд хаана ажиллах газрыг нь заагаад өгчихсөн. Тиймээс бүртгэлтэй болж цаашдаа татвар төлөх эрх зүйн орчин нь бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, бичил уурхайчид хууль бус олборлогчдоос ялгарах боломж бүрдэж байна гэсэн үг.
-Нөхөн сэргээлт ямар байна вэ?
-Хариуцлагатай бичил уурхай гэж яриад байгаагийн гол зорилго нь нөхөн сэргээлт хийх юм. Өнгөрсөн хугацаанд 200 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн. Улсын хэмжээнд нийт 120-оод талбайд бичил уурхайн олборлох зөвшөөрөл олгосон ч одоогоор бүх талбайд олборлолт хийгээгүй байгаа. Урьд нь сумаас шууд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт ханддаг байсан бол шинэ журмаар сумдаас ирүүлсэн саналыг аймагт нэгтгээд аймаг нь хөгжлийнхөө бодлоготой уялдуулж Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт уламжилдаг болсон.
Б.МӨНХ

Сэтгэгдэл (0)