Ц.Чинзориг: Монголоос хожуу цэрдийн дунд үеийн тэмээн хяруул төст үлэг гүрвэлийг анх удаа оллоо

ШУА-ийн Палеонтологи, геологийн хурээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Японы Хоккайда их сургуулийн докторант Ц.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн олдворыг тодорхойлон тогтоосон бөгөөд олон орны судлаач, эрдэмтдийн анхаарлыг татаад байгаа юм. Уг олдворыг анх 1994 онд Монгол-Японы хамтарсан экспедицийнхэн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Төгрөгийн ширээ гэдэг газраас олсон ч тодорхой хугацаагаар судалгаанд хамрагдалгуй орхигджээ. Түүнийг нь Ц.Чинзориг судлан шинжилж, судалгааны үр дүнгээр энэ олдвор нь тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл болохыг баталсан байна.

 

-Хэдэн сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан үлэг гүрвэлийн шинэ төрлийг нээсэн гэсэн. Аль үед амьдарч байсан үлэг гүрвэлийн олдворыг илрүүлэн тодорхойлсон бэ?

 

-Би үлэг гүрвэлийн томоохон бүлгүүдийн нэг болох тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн чиглэлээр судалгаа хийдэг. Энэ бүлгийн үлэг гүрвэлийн төрөл зүйлүүдийн олдвор Монгол болон Умард Америкийн Цэрдийн хурдас хуримтлалд олноор олддог. Монголын говиос энэ бүлэгт чухал байр суурийг эзэлдэг галлимимус (Gallimimus bullatus Osmolska, Roniewicz et Barsbold , 1972 ), харпимимус (Harpymimus okldnikovi Barsbold and Perle, 1984), ансэримимус (Anserimimus planinychus Barsbold, 1988) зэрэг төрөл өмнө нь олдсон байдаг. Гэхдээ эдгээр төрөл миний тодорхойлсон үлэг гүрвэлээс өөр наснаас олдож тогтоогдсон юм. Шинээр тогтоосон төрөл зүйлийн нэршил эйпиорнитомимус түгрикинэнсис нь (Aepyornithomimus tugrikinensis Chinzorig et al., 2017) буюу aepyornis - заан шувуу, ~mimic- төстэй, tugrikinensis- олдвор анх олдсон газрын нэр Төгрөгийн ширээ гэсэн үгнүүдийн хоршлоос бүтсэн. Энэхүү шинэ төрөл зүйлийн дэлхийн судлаачдын сонирхлыг татаад буй шалтгаан бол өмнө нь энэ бүлгийн дээрх төрлүүд олдож байсан хурдас хуримтлал буюу өөр наснаас (Жодохт буюу одоогоос 85 сая жилийн өмнөх, олон улсын нэршлээр Campanian) анх удаагаа олдож тогтоогдсоноороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн төрөл зүйлийг анх удаа Монголоос тогтоосон гэсэн үг юм. Урьд нь тогтоосон үлэг гүрвэлийн төрлүүд нь голдуу Монголын говь нутгийн Хожуу цэрдийн галавын төгсгөл үе буюу 65-71 сая жил эсвэл эхэн үе буюу 95 сая жилийн өмнөх үед хамаарах хурдас хуримтлалаас элбэг олддог бол түүнээс илүү эртнийх нь 120-125 сая жилийн тэртээд хамаарах төрөл зүйл нь Түрүү цэрдийн хурдас хуримтлалаас олдож байдаг.

 

Тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн таван төрөл зүйлийг Монголын говиос тогтоосон ба шинээр тогтоогдсон төрөл зүйлийг нэмснээр зургаан төрөл зүйл болсныг дэлхийн эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн. Сонирхуулахад, энэ бүлгийн үлэг гүрвэлийн дэлхий даяар баттай тогтоосон төрөл зүйлийн тоо 15 байдгийн зургаа нь Монголын говиос олдсон байдаг. Харин шинэ төрөл зүйл болон тогтоосон олдворын үндсэн газар болох Төгрөгийн ширээгээс голдуу махан идэшт үлэг гүрвэл велоцераптор, өвсөн идэшт эвэрт үлэг гүрвэл протоцератопс болон эртний гүрвэлийн олдвор түгээмэл олддог. Тэмээн хяруул төст үлэг гүрвэл олдсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

 

-Шинээр илрүүлсэн үлэг гүрвэлийн төрөл зүйл өмнө нь олдсоноосоо юугаараа ялгаатай, ямар онцлогтой вэ?

 

-Шинэ төрөл зүйл болохыг тогтоосон үлэг гүрвэл Цэрдийн галавын дунд үе буюу одоогоос 80-85 сая жилийн өмнө амьдарч байжээ. Цэрдийн галавын дунд үеийн тэмээн хяруул төст үлэг гүрвэл олдсон нь Монголд анхны тохиолдол. Умард Америкийн ижил настай хурдсаас энэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор элбэг олддог. Гэхдээ энэ хоёр газар цаг уурын хувьд эрс тэс ялгаатай орчинг илэрхийлж байдаг ба эдгээр амьтад өөр өөр орчин цагт амьдарч байсны нэг нотлох гэрч юм. Өөрөөр хэлбэл, тэмээн хяруул төст үлэг гүрвэлүүд голдуу чийглэг, дулаан уур амьсгалтай гол цөөрөм бараадаж нутаглан амьдарч байсан гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Миний шинээр тогтоож тодорхойлсон ажил маань энэ ойлголтыг улам өргөжүүлсэн гэж хэлж болно. Цэрдийн галавын дунд үеийн тэмээн хяруул төст үлэг гүрвэл цөлд нутагладаг байсныг тогтоосон. Мөн түүнчлэн бусад төрөл зүйлийн харьцуулж гаргасан олдвор дээрх ялгаатай шинж тэмдгүүд нь уг олдворын бусдаас онцлог шинжүүд болж байгаа юм. Тэр дундаа тавхайн ясны хоёрдугаар үеийн урд хэсэг бусдаас ялгаатай байсан. Тодруулбал, өмнө нь олдсон төрлүүдээсээ бүдүүн байсан. Хурууны үеүдэд урьд нь ажиглагдаагүй шинж тэмдгүүд байгааг тогтоосон. Эдгээр онцлогт үндэслэн шинэ төрөл зүйлийг Заан шувуу төст үлэг гүрвэл гэж нэрлэсэн. Уг нь тэмээн хяруул төст үлэг гүрвэлийг ихэвчлэн шувууны нэрээр нэрлэдэг байсан юм. Энэ бүлэгт харьяалагдах төрөл зүйл шүдгүй, холимог идэшт, амьдралынхаа туршид хойд хөл дээрээ явсан, тодорхой зүйлээс хамаарч урд мөч нь ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байжээ. Жишээлбэл, хоол тэжээлээ олж идэхийн тулд модны мөчрийг татах гэх мэт үүргийг гүйцэтгэдэг байсан болов уу.

 

-Энэхүү үлэг гүрвэлээ сэргээн зуруулсан уу?

 

-Тийм ээ, ямарваа нэгэн судалгаа хийсний дараа олон нийтийн танин мэдэхүй, ойлголтыг дээшлүүлэх  үүднээс судалсан амьтныхаа сэргээсэн  зургийг хялбаршуулсан байдлаар гаргах ажил гардаг. Энэ үүднээс уг амьтнаа ямархуу дүр төрхтэй, ямар орчинд амьдарч байсныг харуулах зорилгоор Японы үлэг гүрвэлийн алдартай зураач Масато Хатторигоор сэргээн бүтээлгэсэн.

 

-Уг тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн биеийн хэсэг нь бүтнээрээ олдсон уу. Эсвэл аль нэг хэсэгт үндэслэн судалсан уу?

 

Палеонтологийн олдвор тэртээ хэдэн сая жилийн өмнө байсан төрөл зүйлийг илрүүлж, судалж тогтоодог шинжлэх ухааны салбар учир бүтнээрээ олдох нь ховор.

Гэхдээ аль үед амьдарч байснаас хамаарч биеийн хэсэг нь бүтнээрээ олдсон тохиолдол ч бас бий. Шинээр тогтоосон үлэг гүрвэлийн хувьд хэдийгээр зөвхөн тавхайн яс нь олдсон ч энэхүү ясны бүрэлдэхүүн нь энэ бүлгийн үлэг гүрвэлийн судалгаанд чухал ач холбогдолтой болсон.

 

-Судалгаанд тулгуурлан зуруулсан зургийг харахад биеэр том, сарвуу нь холимог гэхээсээ махан идэштэн байсан юм шиг?

 

-Ясны бүтцийг судалж тухайн амьтны харьцангуй насыг тогтоодог. Мөн ясны ерөнхий хэмжээгээр нь ч тогтоох боломжтой. Ийм аргаар тогтооход биеэр тийм ч томгүй, 2.5 метр урттай. Дундаж өндөртэй хүнтэй харьцуулахад, намхан байсан гэж баримжаалсан. Мөн ижил төрөл зүйлээсээ биеэр жижиг байсан болов уу. Айпиорнитомимус нь махан идэштэн үү, холимог идэштэн байсан уу гэдгийг бид одоогоор хэлэх боломжгүй. Учир нь, тухайн олдворын толгой болон биеийн ясны бусад бүрэлдэхүүн хараахан олдоогүй байна. Гэхдээ ерөнхий нийтлэгээрээ тухайн бүлгийн хүрээнд авч үзэхэд, энэ төрөл зүйл нь холимог идэшт үлэг гүрвэл байх магадлалд илүү ойр гэж ойлгож болно.

 

-Хэдийгээр олдсон цаг хугацааны хувьд ондоо ч төрөл зүйлийн хувьд адилавтар учир төсөөтэй шинж олон байгаа байх. Манайхаас говь цөлийн бүсэд амьдарч байсан үлэг гүрвэлийн олдвор олдсон ч Умард Америкт энэ байдал эсрэгээрээ байжээ. Тэгэхээр Заан шувуу төст үлэг гүрвэл хоёр нутагтан байх боломжтой юу? 

 

-Одоогоор тогтоогоод байгаа тэмээн хяруул төст үлэг гүрвэл дэлхий дээр оршин байсан цаг хугацааны хувьд ондоо учир шууд хариулах боломжгүй. Ер нь ямар ч амьтанд дасан зохицох чадвар бий. Магадгүй, энэ амьтан амьдрах таатай орчин хайж дэлхийгээр нүүдэллэсэн байж болох талтай. Шинээр тодорхойлсон үлэг гүрвэлийн судалгааны үр дүн эдгээр амьтны шилжилт хөдөлгөөнийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид илүү нарийн судлахын тулд удам төрлийн судалгаа хийлээ. Үүгээр Заан шувуу төст үлэг гүрвэлийн шилжилт хөдөлгөөнийг дэвшүүлсэн. Улмаар энэ бүлгийн үлэг гүрвэлүүд Ази тивээс уур амьсгалын нөлөөгөөр шилжилт хөдөлгөөн хийж, одоогийн Умард Америк руу нүүдэллэсэн байж болох үндэслэл гаргасан ба тодорхой цаг хугацааны дараа зүйлийн өрсөлдөөний дүнд илүү таатай амьдрах нөхцөлийг эрэлхийлэн хувьсал хөгжлийн хоёр замыг туулах шаардлага гарсан байхыг үгүйсгэхгүй. Ингэж сүүлд Монголд ирж нутагласан төрөл зүйл нь Заан шувуу төст үлэг гүрвэл юм.

 

-Төгрөгийн ширээ гэдэг газар дахин хайгуулын ажил эхлүүлбэл энэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор олдох магадлалтай юу?

 

-Манай хүрээлэн зун болгон гадна дотнын судлаачдын хамтарсан хээрийн ажлыг гүйцэтгэдэг. Бидний ажлын нэг хэсэг л дээ. Тэгэхдээ нэг зүйл олчихоод сэтгэл ханадаггүй нь палеонтологич хүний зан шиг байгаа юм. Өмнө нь олдвор олдсон газраа байнга эргэж тойрдог. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалан цаг хугацаа өнгөрөхөд газрын гүнд хадгалагдсан палеонтологийн олдворыг илрүүлэхэд хялбар болох тохиолдол бий. Цаг хугацаа өнгөрөх тусам газрын элэгдлээр палеонтологийн олдвор илэрч, олдох боломж нэмэгддэг гэж ойлгож болох юм.

 

-Та энэ судалгааны талаарх эрдэм шинжилгээний өгүүллээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд нийтлүүлсэн гэсэн. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу? 

 

-Өгүүллээ нийтлүүлхээс өмнө дэлхийд нэр хүндтэй, тухайн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдаар хянуулах нь сэтгүүлийн багт хандсаны анхны ажил байдаг. Энэ шатанд бараг 10 сарыг зарцуулсан. Тухайн судлаач ямар сэтгүүлд нийтлэлээ хэвлүүлсэн нь чухал байр суурь эзэлдэг. Үүгээрээ судлаачийн ажлыг дэлхийд хэрхэн хүлээн авч, яаж дүгнэж байна гэдгийг ойлгож болно. Миний хувьд судлаач бүрийн нэр төрийн баталгаа болдог “Nature” сэтгүүлийн салбар болох “Scientific Reports”-д эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлсэн.

 

 

Б.Сэлэнгэ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)