Гүрж Оросыг ховлож, АНУ туслахаас татгалзав
- 2012-02-03
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-Гүржийн хооронд дипломат харилцаа
тогтсоны 20 жилийн ойг тохиолдуулан Гүржийн Ерөнхийлөгч Михаил
Саакашвилиг Цагаан ордонд урьсан билээ.
Саакашвили шал дэмий баярласан уу

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-Гүржийн хооронд дипломат харилцаа тогтсоны 20 жилийн ойг тохиолдуулан Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг Цагаан ордонд урьсан билээ. 
Тэрбээр М.Саакашвилиг Цагаан ордны Зуувин тасалгаандаа хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх ялангуяа цэрэг армийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ үеэр Обама Саакашвилид Ираны эсрэг холбоотны дайнд Гүржийг татан оруулах, тус улсын газар нутгийг түшиц газраа болгох бодолтой байгаагаа ойлгуулсан гэнэ.
Бүхий л салбарт хамтран ажиллаж, тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн амлалтад Гүржийн Ерөнхийлөгч тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу уг уулзалтыг урьд өмнө нь байгаагүй үр дүнтэй уулзалт боллоо хэмээн онцолжээ.
Хоёр Ерөнхийлөгч халуун дотно яриа өрнүүлж, бүс нутгийн асуудлаар ярилцах зуур Саакашвили ОХУ-ын эрх баригчдыг Обамад ховлож, Өмнөд Осет, Абхаз дахь Оросын түрэмгийлэгчдийг хөөхөд туслахыг хүсчээ.
Харин Обама түүний эл хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлжээ. АНУ “Иран, Сирийн асуудлаас болж тэднийг дэмжигч ОХУ, Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй харилцаагаа муутгах бодолгүй” байгааг Обама тэмдэглэжээ. Гэхдээ “Обама одоо тусалж чадахгүй ч олон улсын зүгээс Кремлийн эрх баригчдад дарамт шахалт үзүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, Саакашвилигийн эл хүсэлтэд тусална гэж хэлсэн” хэмээн Оросын “Коммерсант” сонинд бичжээ.
Тус сонины тоймчийн бичсэнээр “Обама Саакашвилид ингэж найрсаг хандаж байгаа нь тус улсын газар нутгийг Ирантай хийх болзошгүй дайнд ашиглах зорилготой” аж. Тэрбээр цааш нь “Саакашвили Обаматай уулзах үеэр тун сэтгэл хангалуун байгаа нь түүний инээмсэглэлээс харагдаж байсан.
Түүний энэ баярыг Обамагийн татгалзсан үг үгүй хийсэн” гэсэн байна. Түүнчлэн тэрбээр Саакашвилигийн баяр хөөрийг сүүлийн хэдэн жил Цагаан ордонд зочлоогүйгээс үүдэлтэй байж болохыг үгүйсгээгүй байна.
Гүрж Абхаз, Өмнөд Осетийг газар нутгаасаа алдаад удаагүй байгаа энэ үед талуудын хооронд хилийн маргаан үүсч болзошгүй байгаа аж. Обама Гүржийн өнөөгийн хилийг бэхжүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахаа амласан байна. 2008онд Гүржийн харьяанаас Абхаз, Өмнөд Осет бүс нутаг салан тусгаарлаж буйгаа мэдэгдсэн юм. Үүний дараа Тбилиси дээрх бүс нутагт цэрэг оруулсан бөгөөд ОХУ Гүржийн эрх баригчдыг шүүмжлэн мөн л цэрэг оруулсан.
Гүрж ОХУ-тай таван өдөр дайтсаны дараа Абхаз, Өмнөд Осетийг захиргаанаас алдсан билээ. Гүржид дайн өдүүлж, Абхаз, Өмнөд Осетийг тусгаар улсаар хүлээн зөвшөөрсөн ОХУ-ыг НАТО эрс шүүмжилж байсан юм.
Саакашвилигийн хэлснээр ОХУ-ын цэрэг өнгөрөгч оны сүүлээр дээрх хоёр маргаантай бүс нутагт “үүрлэсэн” байна. Тус улсын парламент ОХУ-ыг албан ёсоор дайснаа гэж тодорхойлсныг тэрбээр мөн дуулгажээ. ОХУ, Абхаз, Өмнөд Осетийг гол дайснаа гэж үзэж буй Тбилиси аюулгүй байдлыг хангахад барууны орнуудаас тэр дундаа АНУ-аас дэмжлэг авах хүсэлтэй байгаа аж.
Харин Барак Обама ОХУ, Гүржийн маргаанд АНУ оролцохгүй. Гэсэн ч Гүрж улс Кавказын бүс нутаг дахь Вашингтоны гол холбоотон хэвээр байх болно гэдгийг дурдсан байна. Гүржийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд тус улсын НАТОд нэгдэх асуудалд Обама дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Түүнчлэн Гүржид зэвсэг нийлүүлэхээ үргэлжлүүлнэ гэжээ. Гүрж АНУ-аас хүнд зэвсэг эртнээс худалдан авч иржээ. АНУ холбоотон орнууддаа зэр зэвсгийг олон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалддаг байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)