Үр дүнгээ харуулсан захирамжийг үргэлжлүүлэх нь зөв
- 2018-01-03
- Үнэн
- 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрсөн оны эхээр агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн гурван захирамжийг нэг дор гаргаж байлаа. Үүнд, нийслэлийн суурьшлын бүсийг тогтоох буюу “улаан шугам” татаж, гэр хороолол шинээр бий болгохгүй байх, мөн агаарын чанарын өнөөгийн байдал, үзүүлэлтийг харгалзан дөрвөн бүсийг тогтоохоор захирамжилж байсан юм. Нэгдүгээр бүсэд орон сууцны хороолол багтах бөгөөд энд нэг ч яндангаас ямарваа тохиолдолд утаа гаргахгүй байхаар зорьсон. Харин 2-4 дүгээр бүсийн тодорхой хэсэгт эрчим хүчний халаагуур хэрэглэх, зарим газарт нь сайжруулсан түлш ашиглахаар зохицуулж өгчээ. Гурав дахь нь Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж байлаа. Захирамжид зааснаар удаан хугацаагаар эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчтөн болон нийслэлд орон сууц худалдан авсан орон нутгийн иргэнийг Улаанбаатарт шилжин ирэхийг зөвшөөрсөн байдаг. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн билээ. Нийслэлд шилжин ирэгсдийн хэт өсөлт, төвлөрөл хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдал түүний дотор агаар, хөрс, ундны усны бохирдлыг огцом нэмэгдүүлсэн нь судалгааны байгууллагын шинжилгээ болон үр дүнгээс харагддаг. Энэ нь хотод гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний хүртээмж доголдох үндэс болж байгааг холбогдох албаныхан, мэргэжлийн хүмүүс батлан хэлж байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг дарга дээрх захирамжийг гаргасан бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр ажлаа дүгнэхдээ энэ шийдвэр тодорхой үр дүнд хүрснийг нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжил хариуцсан орлогч Ж.Батбаясгалан онцолсон. Тодруулбал, сүүлийн арваад жилийн хугацаанд жил бүр дунджаар 30-аад мянган хүн нийслэлд нүүдлээр ирж суурьшдаг, үүнийг дагаад 10 гаруй мянган яндан нэмэгддэг байжээ. Харин Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан 2017 оны байдлаар 9000 гаруй хүн шилжин ирсэн нь өмнөх жилүүдээс огцом буурсан үзүүлэлт бөгөөд энэ хэрээр цөөн яндангаас бага утаа гарсан гэсэн үг. Эдгээр нь нийслэлийн Засаг даргын захирамжид заасанчлан удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай юм уу хотод орон сууц худалдан авсан иргэд юм. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар нийслэлийн 10 мянга гаруй иргэн орон нутаг, төвлөрсөн томоохон хотуудад шилжин суурьшсан байна. Энэ нь нийслэлээс бусад газарт иргэд шилжин суурьшиж, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буйг баталсан тоо баримт юм.
Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Батболд дээрх бодит байдал, эерэг үзүүлэлтэд үндэслэн Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамжийнхаа хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэ захирамжийг Ерөнхий сайдаар ахлуулсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд танилцуулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэнээр үйлчлэл нь эхлэх юм. Одоогоор нийслэлийн 220 мянган өрх төвийн дулаан, 8104цэвэр бохир усны шугамд холбогдоогүй байгаа аж. Энэ нь агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлж, хот төлөвлөлт, гэр хорооллын нутаг дэвсгэрт явуулах бүтээн байгуулалт, орон сууцжуулах, дэд бүтцийн ажилд багагүй саад бэрхшээл учруулсаар байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжих хугацааг сунгасныг олон нийт талархан хүлээн авч байгаа юм. Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж нь монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон аж төрөх, оршин суух газраа өөрөө сонгох эрх, эрх чөлөөг зөрчиж буй мэт харагдавч түүний цаана цэвэр орчинд аюулгүй, ая тухтай амьдрахыг хүссэн нийслэлийн 1.4 сая иргэний хүсэл мөрөөдөл байгаа нь тодорхой. Хэн нэгний эрх, эрх чөлөөгөөр нөгөөгийнх нь хязгаарлагддаг ардчилсан Үндсэн хууль, нийтлэг зарчимтай улс орны иргэд билээ, бид. Сөрөг хүчин болон зарим иргэн “Хот, хөдөөг тусгаарлалаа. Иргэн хүнийг ялгаварлан гадуурхлаа” хэмээн шүүмжилж байсан ч дээрх захирамжийн үр дүнд нийслэлийн утаа бага боловч шингэрч, иргэдийн эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь буурсан байх гэж найдаж байна.
Д.МӨНХЖАРГАЛ

Сэтгэгдэл (0)