Д.Хаянхярваа: Элчин сайд нарын томилгоог ерөнхийлөгч гацааж байгааг гайхаж байна

 УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой “Гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт-900 хоног” хөтөлбөрийн талаар хэлэлцсэн байна. Мөн УИХ-аас байгуулсан агаарын бохирдлыг бууруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлтөөр хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлж, ажилгүйдлийг бууруулахад голлож анхаарна. Мэдээж уул уурхайн салбар бидний анхаарлын төвд байна. Үлдэж байгаа хугацаанд ямар томоохон төслүүдэд анхаарал хандуулж ажиллах вэ гэдэгт тодорхой санал гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцээд явахаар тохиролцсон. Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь агаарын бохирдол байлаа. Агаарын бохирдол маш хүнд байдалд хүрсэн. Утааны асуудлыг бүх төвшинд анхаарч, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна. Тиймээс Засгийн газар УИХ-ын ирэх хаврын чуулганд утааг бууруулахын тулд ямар арга хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгөх талаар асуудлыг боловсруулж оруулж ирэхээр болсон. Түүнчлэн утааны асуудлыг бага хөрөнгөөр шийдэхгүй учраас санхүүг хэрхэн шийдэх хувилбаруудыг ч ярилцахаар тохирлоо. Ингээд агаарын бохирдол, утааг бууруулахын тулд зуух, цахилгаан халаагуур, хийг ашиглахаар бол ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зөв бэ гэдэгт Засгийн газар тодорхой санал оруулж ирэхээр болсон. Агаарын бохирдолтой зэрэгцээд ярьж байгаа нэг зүйл нь хөрсний бохирдол. Нийслэлийн хөрсний бохирдлыг агаарынхтай хамт шийдэх ёстой гэдгийг олон гишүүн онцолж байна” гэв.

 Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах ямар арга зам байна вэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: -Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцохдоо утаа бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг хөндөнө гэж хэлсэн. Бид сар гаруйн хугацаанд агаарын бохирдлыг бууруулна гэж ард түмэнд худлаа хэлж чадахгүй. Төрийн тэргүүн хүн төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэж ярьж байгаа нь үндэсний эв нэгдлийг хангах заалтад яаж нийцэх бол. Энэ асуудалтай холбогдуулаад нийгэмд янз бүрийн асуудал гарч байна. УИХ-ыг тараах тухайд гишүүдэд хувь хүний амбиц байхгүй гэж боддог. Эцсийн дүндээ УИХ тарснаар Монголын төрд ямар ач холбогдол, ямар хор хөнөөл байх вэ. Төрийг тогтворгүй байлгах нь төрийн хямрал юм. Монгол төрийн бодлого гэдэг маш том эрх ашиг. Тиймээс төрийн бодлогын эрх ашгаа эхэнд тавих ёстой.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: -Агаарын бохирдолтой тэмцэхэд хөрөнгө мөнгө зарцуулаад байсан зүйлгүй. Сүүлийн гурван жил эдийн засгийн нөхцөл байдал хүнд гээд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой мөнгө тавьж чадаагүй. Бид ямар төсвөөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ удахгүй тодорхой болгоно.

-Утааны асуудлыг ярихаар агаар шүүгч зэрэг бизнесээ шахах гээд байна гэсэн хардлага байдаг. Үүнд тайлбар өгнө үү?

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг: -Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотой нийгмийн дунд хүлээлт бас хардлага байгаа. Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцсэн түүхийг харахад УИХ- аас 2007 онд тогтоол гарч байсан юм билээ. Маш олон хууль баталсан хэдий ч байсхийгээд өөрчлөгдөж, хүчингүй болдог. Утаатай тэмцэх урт хугацааны бодлого, арга хэмжээ хэрэгтэй. Манайх үр дүнг нь харалгүй өөрчилдөг, хариуцсан албан тушаалтан нь бас өөрчлөгддөг. Утаатай нөхцөлд ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудал байгаа. Энэ хүрээнд агаар шүүгч, маскаар хүн амыг хангах асуудал яригдана. Утааг бууруулах, хамгаалахтай холбоотой УИХ-ын тогтоолд тодорхой заалт орсон.

-Ерөнхий сайд болон Сангийн сайд татварын асуудлыг эргэн харъя гэдэг зүйлийг хэлсэн. Бүлэг дээр энэ талаар ярьсан уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: -Татвартай холбоотой асуудлыг ярьсан. 1.5 сая төгрөгөөс дээш орлогод шатлалаар татварыг нь нэмэхээр хууль баталсан. Гэтэл нийгэмд буруу ойлголт яваад байгаа. Бүх татвар 25 хувь болсон гэж. 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой зарим иргэний хувьд ажил мэргэжлийнх нь онцлог байдаг юм байна. Энэ асуудлыг харгалзаж үзэх ёстой гэж бүлгийн гишүүд хэлсэн. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд Монголд ирж ажиллана. Энэ үеэр Засгийн газар асуудлыг танилцуулна. Хамгийн зөв шийдэж болох судалгааг хийж байна гэдэг мэдээллийг өгсөн.

-Зарим Элчин сайдын томилгоо Ерөнхийлөгч дээр гацчихаад байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: -Энэ талаар нэлээд ярьсан. АНУ, Канад, Япон гэсэн гурван улсад Элчин сайдаа томилох асуудлыг өмнөх Ерөнхийлөгч шийдээд, тухайн орон Элчин сайдаар авъя гэсэн зөвшөөрөл нь ирчихсэн байхад Ерөнхийлөгч Х.Баттулга шаардлага хангахгүй хүмүүс гэдгээр хойшлуулаад хүлээлгэж байгааг үнэхээр ойлгохгүй байна. УИХ, Ерөнхийлөгч шийдвэрээ гаргачихсан. Харин түүнийг албан бичгээр үгүйсгэж болохгүй. Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгоё гэвэл зарлигаар хүчингүй болгох ёстой болохоос биш Засгийн газар руу албан бичиг шидчихээд суугаад байх асуудал биш. Ерөнхийлөгч ойрын үед анхараал хандуулж, гурван Элчинг томилно гэж найдаж байна.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (24.15.215.214)

    2018-01-09

    Utaa tosold 200-n terbum togrog alga bolgoson eh ornoo OUVS-iin baritsaand tavisan ene UIH-iig taraah tsag bolson .UIH tarlaa geed Mongol hohirohguy harin luivarchidaas salah bolno.Oorchlolt hiihguy bol edgeer etgeeduud udahguy OUVS-aas bid Hyatadiin haraat bolno geed guih bolno.