УИХ-ын дарга М.Энхболдын уриалга

Аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, ард иргэд ээ,

Монгол Улсын Хүнсний тухай хуульд монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн сүүг стратегийн хүнсэнд тооцож, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт хүн амын буруу дадал, зуршлыг бууруулж, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг бүх салбарт чанд баримтлах зорилт тавьжээ.

Өдгөөгөөс нэгэн зууны тэртээ 1918 онд хийсэн судалгаагаар монголчуудын хоол хүнсний 55.0 хувийг сүү, цагаан идээ эзэлж байсныг тогтоосон байдаг. Гэвч хүн амын дийлэнх хот, суурин газарт шилжин суурьшсанаар үндэсний уламжлалт хоол хүнсний дадал зуршил өөрчлөгдөж, чихэр, хийжүүлсэн ундааны хэрэглээ эрс нэмэгдэн сүү, цагаан идээний хэрэглээ буурсаар байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын 2012- 2017 оны мэдээгээр жилд дунджаар 21.3 сая ам.долларын үнэтэй 10.6 мянган тонн хатуу чихэр, чихэр орлуулагчаар хийсэн бүтээгдэхүүнийг импортоор авч хэрэглэжээ.

Энэ үзүүлэлт жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын дунд зонхилж буй хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчний суурь болж байна. 2016 оны судалгаагаар сүүлийн 10 жилд хоол боловсруулах тогтолцооны өвчин 55.2, зүрх судасны тогтолцооны өвчин 74.4 хувь өсчээ. “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 6-8 настнуудын хувьд 85 хувь, олон улсын жишиг үзүүлэлт болох 12 настнуудын хувьд 94 хувьтай байна. Тав хүртэл насны хүүхдийн жингийн илүүдлээр Ази, Номхон далайн баруун бүсэд хоёрдугаарт орж байна.

Хүнсний зохисгүй хэрэглээ нь нэг талаас цагаан идээний үнэ өндөр, үйлдвэрлэлийн чанар, стандарт, нийлүүлэлт хангалтгүй, нөгөө талаас иргэдийн буруу дадал зуршил, хүнсний зохистой хэрэглээний мэдлэг тааруу байгаатай холбоотой гэж үзэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь агаар, орчны бохирдлоос үүссэн болон бусад хордлогыг тайлж, хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд эергээр нөлөөлдгийг судлаачид онцолдог. Тиймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг эрчимжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриалга, зорилтоо бодит үр дүнд хүргэх талаар онцгой анхаарах нь зүйтэй.

Миний бие Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын дарга, төрд түмнээ төлөөлж буй түшээгийн хувьд монгол хүний хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний уламжлалт сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн чухал болоод байгааг эш болгон энэхүү уриалгыг Та бүхэндээ хүргүүлж байгаа юм.

Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан үндэсний уламжлалт цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшихийг байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдэд уриалж байна.

Цаашид албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идээний тавгаа уламжлалт цагаан идээгээр засч хэвших, өдөр тутам цагаан идээг түлхүү хэрэглэж занших нь иргэдийн эрүүл мэндэд төдийгүй улс орны эдийн засгийн хөгжил, үндэсний үйлдвэрлэлд ихээхэн дэмжлэг үзүүлж, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах, улмаар ажлын байр нэмэгдэх, иргэд тогтвортой орлоготой болох эх үүсвэр баталгаажих болно.

 

Ариун цагаан сүү, амтат цагаан идээгээ хэрэглэцгээе.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.24.163)

    2018-01-12

    MONGOL ULSIIN NUTAG BAIGAA GAZRIIN DOORHI BAYLAG BOL , ELBEGDORJ M. ENHBOLD NARIIN HEDHEN TOONII NAM DAMNASAN ULAAN LUIBARCHID, HYATADIIN SHEESNYYDIIN HOOL BOLOH ESGYI. MONGOLIIN BYH ARD TYMNII BAJLAG.