Д.Цогтбаатар хар жагсаалтаас гарахад дэмжлэг хүсэв

Европын холбоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д багтсан улс, орнуудыг зарласан. Нийт 17 улсыг багтаасан энэхүү хар жагсаалтад Монгол Улс орсон билээ. Европын холбоо улс, орныг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гаднын этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлжээ. Ийнхүү хар жагсаалтад орсноор олон улсаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжилж, сэрэмжилсэн нөхцөл байдал үүсч, Монгол Улс найдваргүй, итгэж болохгүй харилцагч болж, хөрөнгө оруулалт, зээл тусламж буурах сөрөг үр дагавартай талаар эдийн засагчид хэлж байгаа юм. Тиймээс төр, засгийн зүгээс хар жагсаалтаас гарах шат дараатай арга хэмжээг эхлүүлээд байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хар жагсаалттай холбогдуулан Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй Болгар улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус холбооны бусад 27 гишүүн орны Гадаад хэргийн сайд нарт захидал илгээж Монгол Улсыг Европын холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт болгосон байна. Захидалд Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Европын холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээрийн 38 дугаар зүйлийн хүрээнд татварын сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Дэлхийн форумын гишүүн болох хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхийн сацуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 111 дэх гишүүн улс болсныг тэмдэглэжээ.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)