Ө.Азжаргал: Манай улсын банкны системд алсын хараа тутагдаж байна
- 2018-01-20
- Нийтлэл
- 0

Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны ахлах банкир, Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын дэд захирал Ө.АЗЖАРГАЛТАЙ ярилцлаа. Тэрбээр дэлхийд танигдсан монгол банкируудын нэг юм.
-Англид суралцсан түүхээсээ хуваалцана уу. Их сургуульдаа хэр идэвхтэй оюутан байв?
-Намайг 23 дугаар сургуулийн ахлах ангид суралцаж байхад Рожер гэдэг англи багш манай сургуульд ажилладаг байлаа. Рожер багш “Чиний англи хэлний чадвар сайн байна. Англид суралцах талаар бодоорой” гэж хэлсэн. Багшийг тэгж хэлснээс хойш би Англид сурах талаар судалж эхэлсэн. Тэр үед интернет хөгжөөгүй, барууны оронд суралцах талаар мэдээлэл ч байсангүй. Манай улс зах зээлийн системд шилжээд гурван жил л болж байсан үе шүү дээ. АНУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх номын сангаас өөр англи ном, мэдээлэлтэй газар Улаанбаатарт байгаагүй юм. Тэр номын сангаас Английн их сургуулиудын талаарх мэдээлэлтэй хоёр ном олсны нэг нь Кэмбрижийн их сургуулийн танилцуулга байв. Тэгээд энэ сургуульд суралцах хүсэлтээ илэрхийлсэн захидлаа илгээлээ. Тухайн үед Кэмбрижийн их сургуулийн захиргаа захидлыг минь уншаад хариу илгээнэ гэж бодоогүй. Намайг Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуульд суралцаж эхэлсэн жил нөгөө алдартай Английн их сургуулиас хариу ирсэн юм. Би Англи явна гээд бөөн баяр. Аав ээж хоёр минь охиноо барууны орон руу явуулахдаа санаа нь зовж байсан ч хүсэл мөрөөдлийг минь дэмжиж байсан. Ингэж л миний Англид сурсан түүх эхэлсэн юм. Их сургуульдаа ч идэвхтэй оюутан байсан. Кембрижийн их сургуулийн Оюутны зөвлөлийн гишүүн, оюутны байрны дарга гээд олон сонгуульт ажилтай байв. Сургуулийнхаа соёлын өдөрлөг, бүжиг, танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулдаг байлаа. Мөн кикбоксоор хичээллэж бүсийн тэмцээнд оролцож шагналт байрт шалгарсан. Ер нь тулааны урлагаар суралцах нь тэвчээр, хатуужилтай болгодог юм билээ.
-Та дунд сургуулиа төгсөхдөө мөрөөдөж байсан мэргэжлээ сонгож чадсан уу?
-Дунд сургуульд байхдаа зүрхний мэс засалч болохыг мөрөөддөг байлаа. Манай гэр бүлийн гишүүд дунд эмч мэргэжилтэн олон байсан нь нөлөөлсөн болов уу. Сайн мэс засалч болоход 7-8 жил суралцах шаардлагатай. Тиймээс удаан бодсоны эцэст ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр шийдсэн. Дунд сургуульдаа цэнгээнт бүжиг, бөмбөр, англи хэлний дугуйланд хамрагддаг олон талын сонирхолтой сурагч байлаа. Янз бүрийн чиглэлийн олимпиадад оролцoж, бага ангийн сурагчдад нэмэлт хичээл заана. Мөн спортоор хичээллэж 200 метрийн гүйлтийн уралдаанд оролцoж мөнгөн медаль хүртэж байсан. Манай ангийнхан хичээлдээ сайн суралцаж, сургуулиас зохион байгуулсан ажилд амжилттай оролцдог байв. Тиймдээ ч улсын тэргүүний бүлгээр хоёр удаа шалгарч ангиараа олон улсын Найрамдал зусланд амарсан дурсамжаа мартдаггүй юм.
-Кембрижийн их сургуулийг төгсөөд Монголдоо буцаж ирсэн үү?
-Би сургуулиа төгсөөд Монголбанкны Хянан шалгах хэлтэст ажилласан юм. Гэхдээ магистрт суралцахаар Англи руу буцсан. Монголбанкинд ажилласан богино хугацаанд Азийн хөгжлийн банкны бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлэх, Дэлхийн банкны системийг тогтворжуулах, банк бус санхүүгийн байгууллагын хууль боловсруулах төсөл дээр ажилласан.
-Таныг Английн Ерөнхий сайд агсан Маргарет Тетчертэй уулзаж байсан гэж сонссон. Энэ дурсамжаасаа хуваалцана уу?
-Английн Ерөнхий сайд агсан “Төмөр хатагтай” гэгддэг Маргарет Тетчертэй хэд хэдэн удаа уулзах завшаан тохиосон. Тэрбээр Кэмбрижийн их сургуулийн Удирдах зөвлөлийн тэргүүн байсан юм. Би энэ эрхэм хүнээс дипломоо гардаж авснаараа бахархдаг. Маргарет Тетчер манай сургууль дээр үе үе ирж сонирхолтой лекц уншдаг байв. Хэлсэн үг нь олны үлгэр дуурайл болсон гайхалтай хатагтай. Маргарет Тетчер 1979 онд Их Британийн Ерөнхий сайд болоход эдийн засаг нь уналтад орчихсон, үйлдвэрчний эвлэлүүд нь байнга ажил хаялт зарладаг хэцүү үе байсан. Эдийн засгийн “Бүсээ чангалах” хатуу бодлого явуулсан нь олны эсэргүүцэлтэй тулж “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан. Маргарет Тетчер Засгийн газраа тэргүүлсэн 11 жилийн хугацаанд Их Британийн эдийн засаг сэргэж, дэлхийн хүчирхэг гүрэн болжээ. Би түүний “Үг хэлэхийг хүсвэл эрчүүдийг сонго. Харин ажил хэрэг болгохыг хүсвэл эмэгтэй хүнээр хийлгэ” гэсэн үгийг хэлэх дуртай. Маргарет Тетчертэй хамгийн сүүлд 2007 онд нэгэн хүлээн авалт дээр уулзаж ярилцсан. Уулзах бүрт урмын үг хайрладаг мундаг удирдагч байж билээ. Түүний хэлсэн “Хэрвээ бид хүчирхэг гэж өөрсдөө хэлж байвал бодит байдал дээр хүчирхэгжээгүй байна гэсэн үг” хэмээх афоризмыг монголчууд бодууштай. Бид “Манай улс байгалийн асар их баялагтай баян орон” гэж ярьдаг атлаа иргэд маань ядуу амьдарч байгааг бодох хэрэгтэй. Уг нь гурван сая иргэнээ сайхан амьдруулах нь 100 сая хүний амьдрал шийдэхээс амар л байх.
-Хүний нутагт гаднынхны дунд ажиллахдаа ганцаардаж байсан уу. Гадаадын олон оронд ажиллаж амьдарснаас сэтгэлд хамгийн дотно үлдсэн нь аль улс байна?
- Сайн найз нөхдийн ачаар тэр бүр ганцаардаж байгаагүй. Гэхдээ гэрээ санах, нутгаа санагалзах үе гардаг. Дотоод сэтгэлээ төрөлх хэлээрээ илэрхийлж, бусадтай ярилцахад ойр санагддаг юм. Монгол хүн л монгол хүнийхээ дотоод сэтгэлийг илүү ойлгодог байх. Амьдралын ухаанд суралцсан, залуу насаа өнгөрүүлсэн Англи улс миний сэтгэлд хамгийн дотно үлдсэн. Надад Английн эртний түүх, соёл, хүмүүсийнх нь зан чанар их дотно санагддаг юм. Мөн Лондон хот бол олон үндэстний хот. Энэ хотын оршин суугчдын олонх нь гадаадынхан байдаг учир надад гаднын хүн гэсэн мэдрэмж төрж байгаагүй.
- Хаант засаглалтай Европын оронд ажиллаж амьдрахын давуу болон сул тал нь таны бодлоор юу вэ. Ер нь англичууд ямар хүмүүс вэ. Тэднийг өөр үндэстний өнцгөөс тодорхойлбол?
-Англичууд гаднаасаа ихэмсэг хүмүүс шиг харагддаг. Тэгэхдээ итгэлийг нь хүлээж нөхөрлөхөд хамгийн үнэнч найз болдог. Зарчимч, шударга хүмүүс. Харин дутагдалтай тал гэвэл англичууд үндсэрхэг үзэлтэй. Зарим гаднынхан англичуудыг “Бусад үндэстний соёлыг үл тоомсорлодог” гэж дүгнэх нь бий. Англичуудын хувьд хаант засаглал нь бэлгэ тэмдгийн чанартай учраас өдөр тутмын амьдралд нь тэр бүр нөлөөлдөггүй. Ард түмний уламжлалаараа бахархах үзлийг төрүүлж, эв нэгдлийг бий болгодгоороо хаант засаглал давуу талтай. Заримдаа хүнийг зиндаагаар нь ялгаварлaх хандлага гаргадаг нь хаант засаглалын сул тал байж магадгүй.
-Лондонд нэр хүндтэй ажилд орж байхад юу бодогдож, мэдрэгдэж байсан бэ?
-Дэлхийн санхүүгийн нэгэн төв болох Лондонд ажилд ороход өрсөлдөөн шалгуур ихтэй. Тэр шалгуурыг давж ажлын санал авч байх үе миний амьдралд тохиолдсон баяртай мөчүүдийн нэг. Ажилд орсны баяраа найзуудтайгаа тэмдэглэснээ санаж байна.
-Одоо ажиллаж буй банкныхаа зарчим, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулна уу?
-Би Европын Сэргээн босголт, хөгжлийн банкинд дэд захирлаар ажиллаж байна. Манай банк 65 улс, олон улсын хоёр байгууллагыг нэгтгэсэн. Европ, Төв Ази, Хойд Африкийн 36 оронд төслийн санхүүжилт үзүүлдэг. Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 80 гаруй төсөлд 1.5 тэрбум еврогийн санхүүжилт өгчээ. Мөн манай банк хамтран ажилладаг олон хандивлагчийн буцалтгүй дэмжлэгээр 500 гаруй жижиг дунд бизнест зөвлөх үйлчилгээ үзүүллээ. Энэ банкинд ажилласан анхны монгол хүний хувьд эх орондоо банкныхаа салбарын үйл ажиллагааг эхлүүлэх, санхүүжилт татах ажилд идэвхтэй оролцохыг хичээдэг. Монголынхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулсан байх гэж боддог. Би Европын Сэргээн босголт, хөгжлийн банкинд ажилд орохоосоо өмнө Английн “Barclays” группийн хөрөнгө оруулалтын банк болох “Barclays капитал”- ын Лондон дахь салбарт эрчим хүчний бүтээгдэхүүний дилер шинжээчээр ажиллаж байсан. Тэр ажлын гол үүрэг нь эрчим хүчний зах зээлийг судалж харилцагчдадаа энэ зах зээлийн хөрөнгө оруулалтын стратеги төлөвлөгөө болон бүтээгдэхүүнийг санал болгож, өгөөжөө дээшлүүлэхэд нь туслах байсан. “Barclays капитал” бол дэлхийн 40 гаруй улсад салбартай 325 жилийн түүхтэй санхүүгийн том байгууллага. Манай банкны гол зарчим бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлийг дэмжиж ажиллах бөгөөд санхүүжилтээрээ дамжуулаад компаниудын үйл ажиллагааг дээшлүүлэх, өргөжүүлэх, дэвшилтэт технологи, олон улсын стандарт, сайн засаглалыг нэвтрүүлэхэд тусалдаг. Мөн бизнесийн орчинг сайжруулах бодлогыг тухайн орныхоо бодлого тодорхойлогчидтой хамтран нэвтрүүлж ажиллахыг зорьдог.
-Хөрөнгө оруулалт бүхэн сайн сайхны төлөө чиглэдэг байх. Гэхдээ үр дүнг хэрхэн хүртдэг юм бол?
-Үр ашгийг дүгнэхэд цаг хугацаанаас шалтгаалах зүйл байна. Иймээс зорилт, үр ашгийн талаар хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө судална. Санхүүгийн чиглэлээр мэргэшиж, олон жил хувийн секторт ажилласны хувьд үр ашгаа мэдээж хэд дахин өсгөж, хэзээ түүнийгээ олж авах вэ гэдэг дээр дүгнэлт хийж ажиллана. Хөгжлийн банкинд ажиллаж байгаагийн хувиар яривал манай стратеги арай өөр байдаг. Энд үр ашгаас гадна тухайн төсөл нь эргэн тойрондоо өөр ямар үр нөлөөг авчрах вэ гэдгийг хардаг. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй юу, нийгэмдээ ажлын байр бий болгож байна уу гэх мэтчилэн санхүүгийн бус зүйлийг харгалзана.
-“Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэдэг шиг өнгөрсөн хугацаанд Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны ахлах банкир болон дэвшинэ гэхээр тэнд карьерын тодорхой үе шатууд байдаг гэсэн үг үү?
-Тийм. Би энэ банкинд арав гаруй жил ажиллаж байгаагийн хувьд карьерынхаа нэлээд хэсгийг туршлагажих, өсч дэвжихэд зарцуулсан. Манай банкинд санхүүгийн мэргэжлээр ажилд орсон шинэ ажилтан дөрвөн шат ахин дэвшиж байж одоо миний ажиллаж буй төвшинд хүрнэ. Ер нь тодорхой нөхцөл шаардлагыг биелүүлсний эцэст банкны салбарт өсч дэвждэг.
-Та өмнө нь Европын банкуудад ажиллаж байсан туршлагатай. Монголчуудтай ажиллахад ямар байна?
-Олон жил гадаадад амьдарч олон орны хүмүүстэй ажилласан учраас тухайн орчиндоо зохицон ажиллах туршлага хуримтлуулсан. Монголчууд бид оюуны их чадвартай ч боломжоо бүрэн дайчилж чадахгүй байх шиг санагддаг. Гадаад найзууд маань “Та нар аливааг хурдан сурдаг. Хэлийг аялгагүй сурна. Гайхалтай “master race” хүмүүс” гэдэг. Тэдний монголчуудыг үнэлж байгаа шиг бид өөрсдийгөө үнэлэн аливааг чин сэтгэлээсээ, хамт олноороо ажиллавал Монгол Улс хурдан хөгжих боломжтой гэж боддог. Монголчууд л эх орноо хөгжүүлнэ шүү дээ. Бид ирээдүй болсон хүүхэд залуучуудаа боловсролтой болгож байж нийгмээ хөгжүүлнэ. Би олон байгууллагатай хамтран ажиллаж, хандив цуглуулах төслийг нь дэмжин сурталчилдаг. Монголын соёл, урлагийг сурталчлах зорилгоор монгол зураачдын үзэсгэлэнг Лондонд гаргах ажлыг зохион байгуулсан.
-Та Монголын банкны салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Монголын банкны салбар либералчлагдах хэрэгтэй байна. Манай Банкны систем орчин үеийн банкны хөгжлөөс олон жилийн хойно явна. Нэг л жишээ дурдахад, монголчууд шиг түрийвч дүүрэн бэлэн мөнгө авч явдаг, их хэмжээний мөнгөн гүйлгээ бэлнээр хийдэг, данснаасаа мөнгө авахдаа хураамж төлдөг улс ховор. Энэ бол хуучирсан систем. Орчин үеийн банкны систем хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байдаг. Банкны хөгжил удаан байгаагаас бизнес эрхлэгчид боломжоо алдаж, дэвжиж чадахгүй байна. Мөн санхүүгийн бүтээгдэхүүний төрөл эх үүсвэр бага, санхүүжилтийн өртөг зардал нь өндөр. Энэ нь нэг ёсондоо улсын хөгжилд дарамт болдог. Тийм учраас төрөөс чөлөөлж өрсөлдөөнийг хөгжүүлж, банкуудын үйл ажиллагааг бодлоготойгоор шинэчлэх шаардлагатай. Товчхондоо, манай улсын банкны системд алсын хараа дутагдаж байна.
-Английн банкны тогтолцооны онцлог нь юу вэ?
-Англи бол банкны системийн олон жилийн түүхтэй улс. Английн банкны тогтолцооны онцлог бол хоёр шатлалт систем юм. Өөрөөр хэлбэл, хоёр чиглэлтэй банкуудаас бүрэлдэнэ. Нэг шатлалт банк нь манайхаар бол арилжааны банкуудтай төстэй ч үйл ажиллагаа нь өөр бөгөөд арилжаа, хөрөнгө оруулалт, даатгалын бизнес явуулдаг. Хоёр шатлалт гэдэг нь санхүүгийн хоршоотой адил гишүүнчлэлийн орлогыг орон сууц худалдан авахад зориулж зээл олгодог банк юм. Энэ хоёр үйл ажиллагааг зохицуулдаг хууль, мониторинг хийдэг байгууллага нь Английн Төвбанк. Манай банкны системийг шинэчилж зөвхөн хадгаламжийн эх үүсвэрээс шалтгаалахгүй өөр олон эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй.
-Сонирхоод асуухад та хатан хаантай нүүр тулан уулзаж байсан уу?
-Тийм тохиолдол бий. Намайг Кембрижд сурч байхад хатан хаан манай сургуулийн салбар бизнесийн сургуулийн шинэ байрыг нээж байсан юм. Тэр үеэр хатан хаанд цэцэг өгч, гар барьж үг солих боломж олдсон.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)