О.Баатар: “Д.Сүхбаатар” музейгээ залуустаа өвлүүлнэ

Их жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэгтэй холбоотой түүхэн гэрэл зураг, марк, тэмдэг, баримал зэргийг цуглуулагч О.Баатартай ярилцлаа. Тэрбээр их жанжинтай холбогдолтой олон зүйл цуглуулж Д.Сүхбаатар сэдэвт бичил музейг үүсгэн байгуулсан жирийн нэгэн жолооч. Хамгийн гайхалтай нь энэ хүн хэний ч шахалт, шаардлагагүйгээр өөрийн чин хүслээр монголын ард түмний хүндлэн дээдэлдэг Д.Сүхбаатар жанжны ажил үйлсээс танилцуулж, үйл хэргийг нь хүмүүст сурталчлан мөнхжүүлж байдаг эгэл нэгэн буурал юм. Түүний энэхүү гавьяа зүтгэлийг үнэлж баршгүй ч хүн итгэл үнэмшил, зорилгодоо үнэнч байхын үлгэр дуурайлыг энэ л эрхмээс авч болохоор байлаа. Тэр тусмаа Д.Сүхбаатар жанжныг бурханчлан шүтэж, нэр алдрыг нь дуурсгаж явах болсон түүх нь олон хүний сонирхлыг татдаг юм.

-Та хэзээний л “Үзэсгэлэнгээ дэлгэнэ, бүтээлээ баяжуулна” гээд энэ тэнд харайлгаж явдаг байсан нь одоо ч хэвээрэй. Ингэхэд та Д.Сүхбаатар жанжинтай ямар учир ерөөлөөр холбогдсон юм бэ?

-Би жанжин Д.Сүхбаатартай ах, дүүсийн холбоогүй. Харин азаар тэр эрхэм хүнтэй холбогдох бүтээлийг сурталчлах завшаан тохиосон. Нэг түүх товч хэлье. Урлагийн ууган гал голомт Амгалангийн клубийг их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1924 онд байгуулсан юм. Гэтэл уг клуб 1943 онд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч нурсан. Тэр үед урлаг соёлын алдартнуудаас авахуулаад олон хүн барилгыг шинээр барих ажилд гар, бие оролцсон. Ээж маань энэ клубт зарлагын ажил хийдэг байсан учраас манай гэр бүлийнхэн оройлон оролцох болов. Тэгэхэд би найман настай жаахан хүү байлаа. Нас хэдий бага ч хоёр, гурван тоосго өргөх, хувинтай ус зөөх зэрэг ажилд багагүй тусалсан. “Олны хүч оломгүй далай” гэгчээр 1944 онд клубийн их засварын ажил дууссан. Дараа нь баярын хурал болж бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнийг шагнасан. Тэр үед намайг дуудаж “Манай хамгийн бяцхан ажилчин Очирын Наваан хүү ирж шагналаа аваарай. Клубийг сэргээн босгоход их идэвх, зүтгэл гаргасан бяцхан хүүдээ Д.Сүхбаатар жанжны Баатар нэрийг өгье” хэмээгээд торгон хавтастай үнэмлэхээр шагнаж билээ. Энэ нь 1944 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр байлаа. Д.Сүхбаатар жанжны Баатар нэрийг авна гэдэг хамгийн сайхан зүйлийн нэг яах аргагүй мөн. Аав, ээж хоёр маань тэр үед надад “Д.Сүхбаатар жанжны нэрийг мөнхөлсөн сайн үйл хийгээрэй” гэж захисан. Түүнээс хойш би аав, ээжийнхээ захиасыг биелүүлж Д.Сүхбаатар жанжныхаа нэрийг мөнхжүүлэх гэж хичээж явна. 1966 оноос өнөөг хүртэл жанжинтай холбогдох бүтээл, янз бүрийн баримт цуглуулж, бичил үзэсгэлэн байгуулснаа 53 дахь жилдээ дэлгэх гэж байна.

-Таны бичил музей хэчнээн бүтээлтэй вэ. Бүтээлээ ямар чиглэлээр баяжуулдаг вэ?

-Удахгүй нээх шинэ үзэсгэлэнгээ Монгол Ардын Намынхаа ойн баярт зориулж гаргана. Нас өндөр болсон учраас намдаа “Д.Сүхбаатар” сэдэвт бичил музейгээ бэлэглэх бодолтой байна. Энэ жил би 83 насыг зооглож байна. Гэхдээ үзэсгэлэнгээ бэлэглэсэн ч зүгээр суухгүй. Үүнийгээ олон сайхан бүтээлээр баяжуулахын тулд насан эцэстлээ зүтгэнэ. Ер нь үзэсгэлэнгээ таван чиглэлээр баяжуулахыг зорьж өнөөг хүрлээ. Тухайлбал, хэвлэлд нийтлэгдсэн сонины хайчилбар, фото зураг, энгэрийн тэмдэг, баримал гэсэн таван зүйлээр ангилж цуглуулсан. Зураг, марк, тэмдэг гээд бүх зүйлээс тус бүр 100 ширхэг бүтээл цуглуулгад минь бий. Нэг үгээр хэлбэл “Д.Сүхбаатар” сэдэвт бичил музей 500 гаруй ширхэг бүтээлтэй гэсэн үг.

-Та жанжны үр хүүхдүүдтэй хэр холбоотой байдаг вэ? 

Д.Сүхбаатар жанжин байгуулсан гавьяагаараа монголчуудын сэтгэл, зүрхэнд мөнхрөн үлдэх учиртай гэж би боддог. 1966 онд нийслэлийн ерөнхий боловсролын II сургуульд Д.Сүхбаатар жанжны хүү С.Галсантай танилцаж байлаа. Тэгэхэд намайг ихэд дотноор хүлээн авч, гэрээрээ орж гарахыг санал болгож байв. Эхэндээ санаа зовоод уулзаж чаддаггүй байсан бол сүүлдээ жил бүрийн Цагаан сараар очиж золгодог болсон. Тэрбээр аавынхаа зан чанарын тухай олон сайхан дурсамж ярьдаг. Их жанжин уур уцааргүй, настныг хүндэлдэг, ёс заншлаа дээдэлдэг сайхан хүн байсан юм билээ. С.Сүхжаргалмаа , С.Сүхгэрэл, С.Сүхбүрэн нар миний үзэсгэлэнгийн нээлтэд үргэлж хүрэлцэн ирж халуун дотно үг хэлж, баяр хүргэж байдагт их баярлаж явдаг. Ер нь Д.Сүхбаатар сэдэвт цуглуулгынхаа ачаар нийслэлийн төв талбайд Д.Сүхбаатар жанжны хөшөөг урласан нэрт зураач, барималч С.Чоймбол агснаас авахуулаад Сүх жанжны сэдвээр урлан туурвидаг алдартай олон хүнтэй найзууд болсон. Эгэл жирийн жолооч хүн олон сайхан найз нөхөдтэй байгаа нь Д.Сүхбаатар жанжны сүнс сүлд ивээж, надад энерги хүч нэмдэг гэдэгт итгэдэг. Миний бодлоор Д.Сүхбаатар жанжин мөнхийн түүхээ өөрөө бүтээсэн хүн. Нам, цэрэг, арми, соёл урлаг гээд түүхэн ач холбогдолтой олон зүйлийг үүсгэн байгуулсан тэр хүний нийгэмд гүйцэтгэсэн гавьяа их. Тиймээс би хүүхэд, залуусыг “Д.Сүхбаатар” сэдэвт үзэсгэлэнг минь улам өргөжүүлээсэй хэмээн хүсдэг. Өнөөдөр Монголд их зохиолч Д.Нацагдоржтой холбоотой үзэсгэлэн, танхим гээд олон зүйл байна. Ю.Цэдэнбалтай ч холбоотой нэлээдгүй зүйл бий. Дээхнэ үед Улаанбаатар түүх шинэчлэлийн музей гэж Бөхийн өргөөний хажууд байсан. Тэнд Д.Сүхбаатар жанжны ажил, амьдралыг харуулсан үзэсгэлэнг музейн хамт олон дэлгэсэн. Үүнийг би очиж үзсэн. Үзэсгэлэнд жанжны бичиг баримтыг нь дэлгэснээс өөр фото зураг, баримал зэрэг бүтээл байгаагүй. Цаашид энэ түүхэн хүнийг сайн судалмаар байна. Үнэнийг хэлэхэд Д.Сүхбаатар жанжны талаар сайн судлаагүй. Өдгөө жанжны ач гуч, зээ зээнцэр гээд олон хүн бидний дунд амьдарч байна.

-Д.Сүхбаатар жанжинтай холбоотой шүлэг, өгүүллэг их байдаг. Тэр бүхнийг бас цуглуулдаг уу?

-Цуглуулдаг. Зохиолч Ч.Чимэдийн 1946 онд бичсэн “Сүхбаатарын туг” гэж их сайхан дуу бий. Мөн зохиолч Ц.Гайтав “Сүхбаатар” гэж их сайхан найраглал бичсэн байдаг. Тэр бүхнийг би торгон дээр урлуулж үзэсгэлэндээ байрлуулсан. Энэ мэт олон зохиол, бүтээл миний үзэсгэлэнд бий.

 

-Үзэсгэлэндээ шинэ бүтээл нэмэх, шүлэг, найраглалыг нь торгон дээр урлуулах зэрэгт мэдээж хөрөнгө мөнгө багагүй орсон байх. Энэ бүхнээ та яаж зохицуулдаг вэ?

-Жолоочоор ажиллаж байхдаа 420 төгрөгийн цалинтай байсан. Цалингаа бүгдийг нь цуглуулгандаа зориулдаг байлаа. Хүрэхгүй бол эхнэрийнхээ цалингаас авна. Хүн өөрт байгаа сонин сайхан зүйлээ хүнд зүгээр өгөхгүй учраас мөнгө заавал хэрэгтэй. Тиймээс би одоо ч тэтгэврийн 420 мянган төгрөгөө цуглуулгадаа зарцуулж байна. Гэхдээ хийе, бүтээе гэсэн сэтгэл, зүтгэл байвал мөнгө олдоно. Хүүхэд байхаасаа л Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг сурталчлах мөрөөдөлд автсан. Сонирхолтой түүх өгүүлэхэд би Баатар нэртэй болсондоо ихэд баярлаж модон бургас унаж гудамжны хооронд өдөржингөө гүйдэгсэн. Бас болоогүй ээ модон сэлэм эргүүлж дайснаа дарна гэж амаа чилтэл хашгирна. Магадгүй тэр цагаас эхлэн өөрийгөө жанжны хамаатан, баруун гарынх нь туслах хэмээн санаж, ямар нэгэн байдлаар жанжинд тус болохсон гэсэн чин хүсэлтэй болсон байх.

-Та жанжны нэрийг аваад зогсохгүй овгоо хүртэл солиулсан гэсэн үү?

-Тийм ээ. Би ургийн овгоо тодруулж, бичиг баримтаа цэгцлэх үед жанжин овогт О.Баатар овогтой болсон. Жанжны хүү С.Галсан тэр үед “Баатар аа, чи манай аавын нэрийг авсан. Тиймээс ургийн овгоор нь овоглож болно” гэснээр би жанжин овогт болсон түүхтэй.

-Таныг яагаад “Капитан Баатар” гэдэг юм бэ?

-Намайг хүмүүс жанжны хуурай дүү гэж нэрлэдэг. Энэ нь Д.Сүхбаатар жанжны бүтээл цуглуулдагтай холбоотой. Хэн нэгнээс жанжны холбогдолтой шинэ бүтээл байна гэж дуулбал араас нь хөөцөлдөөд гүйчихдэг. Энэ зан минь одоо ч хэвээрэй. Цуглуулгынхаа ачаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъянгийн “Содон хүмүүс”, “Өнгөт хэвлэл” компаниас эрхлэн гаргасан бүтээл гээд томоохон таван номд нэр ус, ажил төрөл маань бичигдэн түүх болон үлдсэн. Харин “Капитан” нэрний хувьд хичээллэдэг спортын төрөлтэй холбоотой. Би хөлбөмбөгийн спортоор олон жил хичээллэсэн. Саяхныг хүртэл ахмадын хөлбөмбөгийн багт тоглодог байлаа. Зарим хүн ингэж хэлэхээр “Та 80 нас зооглочихоод хөлбөмбөг өшиглөж барах уу” гэхэд “Дасгал хийдэг учраас алзахгүй” гэж хариулдаг юм. Би зургаан настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Гавьяат жүжигчин Д.Баадайжавын ах Д.Батаа нарын олон найзтайгаа нийлэн өдөржин хөлбөмбөгийн хойноос таваргадаг байлаа. Нэлээд хожуу хөлбөмбөгийн спортын мастер болсон. Нэг командад олон жил хамт тоглосон миний хоёр дүү С.Даваахүү, С.Хишигтогтох нар маань спортын мастер. Залуудаа хөлбөмбөг их тоглож, тэмцээнд багийн ахлагчаар ордог байв. Үүнээс болоод л “Капитан Баатар” гэх нэрийг авсан. Ийнхүү бидний яриа өндөр­ лөлөө. Д.Сүхбаатар жанжны гэгээн дурсгалыг дээдлэн хүндэлж, үйл хэрэг тэр дундаа мөнхийн залуу дүрийг нь өнөө болон хойч үеийнхний оюун мэлмийд толилуулж явах нь О.Баатар гуайн чин хүсэл болохыг ярилцлага хийх явцдаа анзаарав. Тэрбээр “Д.Сүхбаатар” сэдэвт бичил үзэсгэлэнгээсээ амьдралын баяр баясгалан, өөдрөг үзэл, итгэл үнэмшил гээд сай­ хан бүхнийг мэдэрдгээ бас нуугаагүй юм. Мөн олон хүн түүнээс “Сүхбаатарын одон хүртсэн үү, гавьяат болсон уу” гэж нүүрийг нь улайлган асуудаг гэсэн. Түүнийг холбог­ дох байгууллага, газрууд Сүхбаатарын одонд тав, гавьяатад зургаан удаа тодор­ хойлсныг хүлээж төрийн сүл­ дэндээ залбиран суусаар өдий хүрчээ.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • сайхан буурай (202.9.42.207)

    2018-01-20

    Баатар гуайд сайн сайхныг ерөөе. Даариймаа сэтгүүлч ээ, чи "хэвээрээ" гэдгийг яагаад "хэвээрэй" гэж бичээд байдаг хазгай боловсролтон хүн бэ, "-ээрэй" чинь захиран хүсэх утгатай, "хэвээрээ"-д огт падгүй

  • УНШИГЧ (59.153.87.14)

    2018-01-20

    ЦОГТ ЭХ ОРОНЧ,АЙМШИГГҮЙ ЧИН ЗОРИГТ ГУЧААДХАН НАСАНДАА МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ТУСГААР ТОГТНОЛ ,ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ЭГЭЛ БИЕИЙН ЖАРГАЛЫГ УМАРТАН ЗҮТГЭСЭН ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ҮЙЛ ХЭРГИЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ УЛАМЖЛУУЛАН ҮЛДЭЭЖ БУЙ ЭРХЭМ ТАНД УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ

  • (150.129.141.34)

    2018-01-20

    Сайхан юм хийж яваа хүн байна Баяр хүргэе.Музейг нь нээгдэхээр үзнээ