Хотжилт ба төвлөрлийг даамжруулсан “УХААНГҮЙ” бодлогыг залруулах нь

Манай улс нүүдлийн мал аж ахуйгаас бэлчээрийн мал аж ахуйд шилжээд байна. Бидний эх орон бэлчээрийн мал аж ахуйгаас махаа хангадаг /малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулахаас “татгалзсан”/, атрын аянаар гурилаа хангадаг, уул уурхайн ганцхан том үйлдвэртэй /Оюутолгой ашгаа өгөөгүй байгаа/, газрын хэвлийд нуугдсан тоймгүй баялгаа бүртгэчихээд, удахгүй ашиглана хэмээн зургаа харан ярилцаж суугаа, мал, газар, тэнгэр, нар, сарыг шүтсэн улс болсон. Бас хэрэгцээндээ тулгарсан зүйлээ өөрөө үйлдвэрлэн бүтээж чадахгүй байгаа дэлхийн цөөхөн орны нэг. Иймээс хөгжилтэй улс, хөгжиж байгаа орон хэмээн хэлэхэд нэн бэрхтэй.

Үндсэн хуульд “хот” гэдэг үгийг оруулаагүй нь том алдаа байжээ. Тэгээд бас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай байдаг. Одоогийн яригдаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “хот” гэдэг үг орсон бололтой юм. Иймээс хот байгуулах эрх зүйн үндэс бүрэлдлээ гэсэн үг. Дэлхий нийт хотжих хандлага руу шилжиж, хотын иргэн, хотын соёл, хотын бахархал, хотын нэр хүнд гэсэн ойлголт, үг хэллэг өргөн хэрэглэгдэх боллоо. Гэтэл манайд ийм хандлага төрөх яагаа ч үгүй байна. Үүнийг Үндсэн хуулиараа хаачихсан байж.

 

Төвлөрөл ба зугатах арга зам

Хотын төвлөрөл үүссэн нь орон нутгийг хөгжүүлэх үе шаттай бодлого боловсруулаагүй, иргэдийн шилжих хөдөлгөөнийг зохицуулж чадаагүй, их, дээд сургууль, эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудыг орон нутагт байгуулаагүй, Улаанбаатар хотын төлөвлөлтийг орхигдуулж, алсыг харсан бодлого, төлөвлөгөө гаргаагүй, бүсчилсэн хөгжлийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлээгүй, сүүлийн 20 гаруй жил төр, засгийн бодлого алдагдсан зэрэг шалтгааны уршиг юм. Улаанбаатар хотод газар нутгийн 0.3, хүн амын 40.6, ДНБ-ий 50.5, худалдаа, үйлчилгээний 75.1 олгосон зээлийн 84.2, их, дээд сургуулийн 79.2 хувь нь ногдож байна. Энэ бол өргөн уудам газар нутагтай манай орны хувьд хэт тэнцвэргүй суурьшил юм. Иймээс нийслэлийн газар нутгийг тэлэх, нийслэлээс баруун, зүүн, өмнө зүг рүү, төмөр болон авто замын дагуу хаяа, дагуул хот, тосгод байгуулах, төвийн таван дүүргийн нутаг дэвсгэрт 600-800 мянган хүн амьдрахаар тооцоолж хот төлөвлөлтийг боловсруулах, ХАА-н түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг дагуул хотууд руу шилжүүлэх, их, дээд сургуулийг нийслэлийн төвөөс нүүлгэх зэрэг арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

 

Орон сууцжуулах ба “Сервис центр”-жүүлэх бодлого

Гэр хороололд дэд бүтцийг байгуулахаар шийдвэл нэгд, мөддөө хэрэгжэх боломжгүй, хоёрт, төвлөрлийг сааруулах, дагуул хотыг байгуулах зорилт биелэгдэхэд саадтай, гуравт, хөрс, усны бохирдол давагдашгүй хүчин зүйл болсон болохоор “шинэ төвүүдэд” олон жилээр амьдрах боломжоор хомс юм.

Гэхдээ Улаанбаатарыг гэр хороололгүй болгох боломж байхгүй. Гэр хороолол байгаа учраас л хөдөөнөөс хүн ирж суурьшихад амархан байна. Иймээс Улаанбаатарынхаа гэр хорооллыг хумих бодлого баримтлая. Шинэ хот, тосгон байгуулахдаа гэргүй хот байгуулах зорилт тавих хэрэгтэй.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэчлэх, өөр чиглэлээр шинэ төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна. Төлөвлөлтийн дагуу орон сууцжуулахдаа дөрвөөс илүү давхар орон сууц барихыг хориглох хэрэгтэй. Ингэснээр орон сууцны үнэ буурах, барих хугацаа нь богиносох боломжтой. Тэгээд ч гэр хорооллын газар хөрсний бохирдолд идэгдэж, ихээхэн эвдэрсэн нь өндөр байшин барихад тохиромжгүй болсон. Одоогийн байгаа нөөцдөө тулгуурлан дэд бүтцийг байгуулбал усны нөөц хүрэлцэхгүй болно. Гуч хүрэхгүй жилийн дараа ундны болон хэрэглээний усны гачаалд өртөн улам ч хүнд нөхцөл рүү шилжинэ хэмээн эрдэмтэн, мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Төвлөрлийг сааруулах, задлах хоёр чиглэл рүү хамтад нь хандвал дээр байх. Одоогоор утаагаа арилгах тухай ярилцаад бусад гол асуудал хойш тавигдах гээд байна. Төвлөрлийг сааруулахад эхлээд бодлогоо боловсруулах шаардлагатай. Гэр хорооллоос орон сууц руу шилжиж байгаа өрхийн хашааны газрыг худалдаж авах, нэг хашаанд нэг яндан байх бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Хот руу чиглэсэн нүүдлийг царцаах нь чухал. Шилжин ирэх онцгой шалтгаантай иргэд заавал сууцанд орсон байх шаардлагатай гэсэн байр суурийг баримтлах нь зүйд нийцэх болов уу.

Төвлөрлийг задлахын тулд дагуул хотын тухай хуулийг яаралтай санаачлан батлуулах хэрэгтэй. Дагуул хот, тосгодыг байгуулах 10 жилийн хугацаатай мастер төлөвлөгөө боловсруулан хуульчлах нь зүйтэй юм. Эрдэмтэд дагуул хотыг Улаанбаатар хотын хаяа дагуулан байгуулбал төвлөрөл задрахгүй, харин ч хотын иргэншилд багтах боломж үлэмж амархан болж, төвлөрөл улам нэмэгдэх болно гэж үзэж байна. Мөн Эрдэнэт, Дархан хотын дагуул тосгодыг байгуулах асуудлыг хамтад авч үзвэл хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжилд сайнаар нөлөөлөх юм. Дагуул хот байгуулахдаа нийгэмд хүлээх чиг үүргийг тодорхой заах, газар үнэгүй олгох, олгох газрын хэмжээг 70.0 ам метрээс томруулах, хугацааг нь уртасгах, сэргээгдэх эрчим хүчийг голлон ашиглах, ногоон хот болох зорилго баримтлах, ипотекийн зээлийн тодорхой хувийг дагуул хот руу чиглүүлэх, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь татварын хөнгөлөлт үзүүлэх, газрын төлбөрөөс чөлөөлөх, төмөр болон автозам барих асуудлыг төрөөс хариуцах зэрэг олон асуудлыг бодолцох ёстой боллоо.

Нийслэлээ нүүлгэн шилжүүлэх, эсвэл засаг захиргааны үүрэг бүхий шинэ хот байгуулах замаар төвлөрлийг задлах боломжтой. Дэлхийн 50 гаруй улс XX зуун гараад нийслэлээ нэгээс хоёр удаа нүүлгэн шилжүүлсэн туршлага байна. Улс орнууд нийслэлээ нүүлгэн шилжүүлэхдээ хэдэн жилийн өмнөөс шинэ нийслэлээ товлон зарладаг юм байна. Аль ч талаас нь бодоход нийслэлийг нүүлгэн шилжүүлэхэд хэн нэгнээс асуух шаардлагагүй. Айл бууриа сэлгэж байгаатай адилтган бодох хэрэгтэй юм. Манай нийслэлд сайн сайхан зүйл их бий. Гэхдээ салах, солихоос өөр аргагүй олон шалтгаан бүрэлдчихээд байна. Монголын төр шийдвэрээ гаргаад, ард гүмэн нь биелүүлээд, дагаад явмаар байна.

Манай улсад нийслэлээ шилжүүлэх тухай хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нийслэлээ нүүлгэн шилжүүлэх тухай ярьж байна. Эрх барьж, барилцаж байгаа хоёр намын байр суурь нь ойролцоо байна. 

Энэ бол улстөрийн бодлогын хувьд хамгийн тохиромжтой цаг үе нь ирээд байна гэсэн үг. Гадаадын орнууд, олон улсын байгууллагын тусламж дэмжлэг аваад нийслэлээ шилжүүлэх үйл ажиллагааг ойрын хугацаанд зоригтойгоор эхлүүлэх хэрэгтэй байна.

 

Хотжилт, төвлөрлийн асуудлыг шийдвэрлэх нь

Бүсчлэн хөгжүүлэх асуудлыг олон жил ярилаа. Төр, засгийн байгууллагын удаан, цалгар үйл ажиллагаанаас болоод эргэлзэх, төсөөрөх хандлага үүсээд байна. Эхний ээлжинд баруун бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан, жил тутам улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-10 хүртэлх хувийг зарцуулах бодлого баримтлах нь зүйтэй. Дараа нь зүүн талаа бүсчлэн хөгжүүлэх бодлогоо хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан ажиллавал илүү хялбар болно. Гэхдээ энэ арга хэмжээг хуульчлах шаардлагатай юм. Шилжилт хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоох боломж байхгүй. Шилжилтийг 2-3 жил царцаах хэрэгтэй. Дараа нь 3-5 жилийн хугацаанд шилжин ирэгсдийн тоонд хязгаар тавих журмаар бага багаар хүлээн авах хэрэгтэй. Шинээр шилжин ирэгсдийг дагуул, хаяа хот, тосгод руу шилжүүлэх бодлого баримтлах нь чухал. Сүүлийн үед зам дагуу жижиг тосгон, суурин үүсдэг болсон. Энэ бол дэлхий нийтийн хандлага бөгөөд хүмүүс том хотын бохирдол, хүндрэлээс зугатах гэсэн арга юм. Агаар, ус, хөрсний бохирдол нь хүний эрүүл амьдрах таатай нөхцөлийг үгүй хийгээд байгаагийн улмаас иргэд цэвэр орчин руу тэмүүлж байна. Иймээс энэ урсгалыг төр, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас хөтөлбөр гарган хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Ингэснээр төвлөрөл сийрэгжиж, орон нутагт аж ахуй эрхлэгчид нэмэгдэн, ажлын байр бий болно. Монголчууд дэлгэр сайхан нутагтаа тавлагхан тархан байрлаад тухтайхан амьдрах боломж бүрдэнэ.

 

Б.МОНХОО

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • lord (139.5.216.206)

    2018-01-24

    MUJIIN TOGTOLTSOO CHIN BUSCHILSEN HOGJIL GEJ GADAADAD YARDAG

  • ЗОЧИН (202.179.25.116)

    2018-01-24

    Бүдрагчаагийн Монхоо чухал сэдэв хөнджээ. Агуу их зүйл энгийн орших бөгөөд энгийн байдал нь түүний агуу, чухлыг нууж, биднийг төөрөгдүүлж байдаг гэж нэг үг бий дээ. Түүн шиг ярьдаг, байдаг л зүйл шиг санагдах энэ сэдэвийг Төр, засаг бодлогын тэргүүлэх түвшинд тавьж, судалж, юуг, яаж, хэдийд хийхээ эрэмбэлж даацтай шийдэх цаг болжээ. Хүн ам хэт төвлөрснөөс олон сөрөг үр дагавар буй болж, уужуу сайхан нутаг маань эзэнгүйдэх, хилдээ тулж тэлж нутаглан эх орныхоо хамгаалж ирсэн өвгөдийн өв уламжлал үгүй болоход хүрч байна. Тиймээ төвлөрлийг задлъя, хотжилтыг цэгцлэе !!!

  • S.ERDENE (122.201.22.162)

    2018-01-24

    SALGA BATUUL HUJA ENHBOLDDONGUUDIG TSAZAL

    ЗОЧИН (122.201.22.162)

    2018-01-24

    Бүдрагчаагийн Монхоо чухал сэдэв хөнджээ. Агуу их зүйл энгийн орших бөгөөд энгийн байдал нь түүний агуу, чухлыг нууж, биднийг төөрөгдүүлж байдаг гэж нэг үг бий дээ. Түүн шиг ярьдаг, байдаг л зүйл шиг санагдах энэ сэдэвийг Төр, засаг бодлогын тэргүүлэх түвшинд тавьж, судалж, юуг, яаж, хэдийд хийхээ эрэмбэлж даацтай шийдэх цаг болжээ. Хүн ам хэт төвлөрснөөс олон сөрөг үр дагавар буй болж, уужуу сайхан нутаг маань эзэнгүйдэх, хилдээ тулж тэлж нутаглан эх орныхоо хамгаалж ирсэн өвгөдийн өв уламжлал үгүй болоход хүрч байна. Тиймээ төвлөрлийг задлъя, хотжилтыг цэгцлэе !!!