Өнгөрсөн онд 28 мянган ажлын байр бий болгожээ
- 2018-01-25
- Улс төр
- 0

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Гантулга, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар багтжээ. 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангахад зориулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөр баталж, 28 мянган ажлын байр бий болгосон талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа танилцууллаа. Мөн нийгмийн халамжийн үйл ажиллагааны хүрээнд хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн зургаан хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, ядуурлын төвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгав. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг УИХ анхааралдаа авах, залуучуудад хөдөлмөр эрхлэх ёс зүйг бий болгох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)