Д.Тогтохсүрэн аймгийн МАН-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө

Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын 33-р бага хурлын дараа хуралдсан Намын хорооны анхдугаар хуралдаанаар аймгийн намын даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцлээ. Хурлаар аймгийн засаг дарга Г.Ганболд намын хорооны гишүүдийн дийлэнх олонхийн саналаар Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар сонгогдов.

Тэрбээр үүрэгт ажлаа Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс хүлээн авч байгаа нь тун их үүрэг хариуцлага гэдгийг онцлоод 18 жилийн турш Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороог, Өвөрхангай аймгийг өнгөтэй өөдтэй, дэвшил хөгжилд залж байсанд нь талархал илэрхийлж, итгэлийг нь алдахгүй зүтгэнэ гэдгээ хэллээ.

Д.Тогтохсүрэн: Миний бие намын хамт олныхоо итгэлийг хүлээж, аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар 18 жил ажиллалаа. Энэ бол журмын нөхдөөс минь надад хүлээлгэсэн асар том итгэл, хариуцлага, үүрэг даалгавар байсан. Үүнийг биелүүлэхийн төлөө миний бие, манай багийнхан, журмын нөхөд бид нэг зорилготой, нэгдмэл бодлоготой, гар, сэтгэл нийлж, байгаа зүйлээ сайжруулах, байхгүйг нь бий болгохын төлөө сэтгэл зүтгэл гарган ажилласан. 18 жилийн хугацаанд улс төрийн 16 удаагийн сонгуулийн 12-т нь ялалт байгуулж, аймгийн Монгол Ардын Намын хороо Монгол Улсын хэмжээнд ялагдаж үзээгүй ганцхан аймаг болсон нь намын хамт олон Та бүхний минь дэмжлэг, оролцоо, гишүүн Таны ажлын үр дүн бас бахархал юм. Өнгөрсөн хугацааны амжилт, ололт бүхэн Та бүхнийх, миний хамт олных, алдаа дутагдал байвал минийх гэсэн зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. Энэ өндөр үүрэг хариуцлагатай албыг цаашид хаших үүрэг хүлээсэн Г.Ганболд даргадаа болон журмын нөхөд, намын хамт олондоо ажил, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Намын ажил бол ард түмний төлөөх, аймаг орон нутгийнхаа төлөөх асар их үүрэг хариуцлагатай, алдаа гаргах эрхгүй хүнд алба. Энэ албыг нэр төртэй хашиж ололт амжилтыг нь цааш үргэлжлүүлж, алдаа оноог нь засан сайжруулна гэдэгт миний бие та бүхэнд итгэж байна гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)