Х.Бүрэнтогтох: Номоос асар их тайвшралыг мэдэрдэг
- 2018-02-03
- Үнэн
- 0

“Open door” сонины ерөнхий эрхлэгч нийтлэлч Х.Бүрэнтогтох “Томоо” нэртэй өгүүллэг, туужийн номоо “өлгийдөн” авчээ. Будаг ханхалсан шинэхэн номынх нь талаар түүнтэй ярилцлаа.
-Өгүүллэг, туужаас бүрдсэн “Томоо” номын онцлог юу вэ?
-Энэ номоо Шагдарын Уянга андынхаа гэгээн дурсгалд зориулж гаргалаа. Бид Москва хотод хамтдаа суралцсан оюутан цагийн андууд юм. Найздаа зориулсан энэхүү номд “Алтанхан загасхан”, “Томоо”, “Би”, “Монгол өвгөн Намшир” зэрэг арав гаруй бүтээл багтсан.
-Таныг бүтээлээ дандаа эгэл амьдралаас сэдэвлэн бичжээ гэж дүгнэж болох уу?
-Санаанд буусан бүхнээ л би бичдэг. Гэхдээ би бичсэн зүйлээ өөрөө эргэн уншихаас яагаад ч юм эмээдэг. Энэ нь сайн бичдэг гэсэн мундаг чанарын илэрхийлэл биш. Магадгүй өөрийгөө эргэн дүгнэхээс халширдаг байх. Орчин үеийн сэтгэлгээний бүтээл ч энэ номд багтсан учраас уншсан хүн өөрийнхөөрөө дүгнэх нь зөв байх.
-“Зүүдний гэмээр учрал олон байдаг юм” гэж “Би” бүтээл тань эхэлжээ. Зарим бүтээлийнхээ санааг зүүднээсээ олдог юм уу?
-Энэ бүтээлд гарч байгаа шиг амьдрал дээр хэн нэгнийг учиргүй их зүүдлээд байсан юм байхгүй. Уран бүтээлч хүн аливаа бүтээлийг бичихдээ зураглаж, дүрсэлж хийсвэрлэн бодож бичдэг. Энэ бүтээлийг тэр л зарчмаар амилуулсан.
-Бүтээлдээ байнга хэрэглэдэг үг, хэллэгийг тань шууд уншиж болохоор байна. Харин таны зан араншин энэ номд хэр шингэсэн бэ?
-Миний зан араншин зарим бүтээлээс шууд харагдана гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ би амьдралдаа нэг л зүйлийг их боддог. Бурхан шашин, уран зохиол гээд ямарваа зүйлд хэт их автсан хүн байдаг. Ингэж нэг зүйлд хэт шимтэхийг би таашаадаггүй учраас туйлшрагчид бага байгаасай гэж боддог. Яагаад гэвэл бид хэт туйлшралын нийгэмд амьдарч байна. Тиймээс ёс зүй, ёс суртахуунтай зөв нийгмийн төлөө бид явах учиртай юм.
-Ингэхэд та хэт туйлшрах занг уран зохиолтой яагаад холбочихов?
-Үүнийг би зүгээр ч нэг холбосонгүй. Манай зарим хүн реализмыг их муулдаг. Дэлхийн мундаг зохиолчид дан энэ чиглэлээр бүтээлээ туурвисан байдаг. Модернизи, натурализм зэрэг бүх урсгалын цөм нь реализм гэж би үздэг.
-Таныг модернист шүлэгчийн эгнээнд багтдаг гэж сонссон. Одоо та энэ урсгалаар шүлгээ бичиж байгаа юу?
-Би модернист шүлэг бичиж байсан нь үнэн. 1990 онд бичсэн “Саксофон” зэрэг модернист шүлгийн тухай одоо ч уран зохиолын хүрээнийхэн яриад л байдаг юм.
-Та энэ шүлгийнхээ зарим мөртөөс нь уншиж сонирхуулаач?
-Би цээжээрээ нэг ч шүлэг мэдэхгүй.
-Сүүлийн үед хүүхэд, залуусыг ном уншихаа байлаа гэж шүүмжилдэг. Гэтэл эсрэгээрээ ном унших хүний тоо нэмэгдээд байгаа юм шиг санагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Стрессийн нийгэмд орчин үеийнхэн маань амьдарч байна. Энэ стрессийг тайлах ганц зүйл бол ном, утга зохиол юм. Уран зохиолд элэгтэй болоод ч тэр үү би ном уншихаараа бүх зүйлийг мартаж, асар их тайвшралыг мэдэрдэг. Эрдэмтэд ч ном унших, хөгжим сонсох, кино үзэхэд тодорхой хэмжээгээр хүний бухимдал тайлагдана гэж үздэг. С.Буяннэмэх, Б.Явуухулан, Д.Нацагдорж, Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын уран зохиолын сүмбэр оргилуудын бүтээлийг шимтэн уншдаг. Н.Буяннэмэх гуайн “Тэнгэрийн дүлий” бүтээл одоо ч миний сэтгэлд тодхон. Мөн Ардын уран зохиолч Б.Бааст гуайн номыг унших дуртай. Эдгээр зохиолчид бүтээлээ уран торгон мэдрэмжээр урладаг байсан нь надад ихэд таалагддаг. Үнэхээр агуу зохиолч гэж тэднийг л хэлнэ.
Б.Даариймаа

Сэтгэгдэл (0)