Ш.Раднаасэд: Голын ай сав газарт олборлолт хийхийг хуулиар хориглох хэрэгтэй

 УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ.

Өргөдлийн байнгын хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны хуралдаанаас Туул голын сав газраас хайрга, дайрга элс олборлож байгаа нь голын урсац татрах, байгаль орчинд ноцтой хохирол учруулж, Ашигт малтмалын тухай, Усны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна гэж үзээд дээрх тогтоолыг гаргасан байна. Тогтоолд Туул голын ай сав газраас элс, хайрга олборлохыг зогсоох, Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлыг цуцлан, 116.9 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлыг олгох, цуцлах эрхийг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр заасан байдаг аж. Хуралдааны эхэнд салбарын мэргэжилтнүүд Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг танилцуулав. Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулснаар Туул голын сав газар түүний ойр орчимд элс, хайрга олборлож байсан 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Харин одоо элс, хайрга, дайрга олборлох эрхтэй 54, хайгуулын 74 тусгай зөвшөөрөл байгаа аж. Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тэдний зүгээс Туул голоос хайрга, дайрга олборлож байгаа бол хөдөө орон нутагт гол уснаас алт олборлож байна. Тиймээс голын ай сав газар дагасан олборлолтын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэх ёстой гэдгийг анхааруулж байсан юм.

...Туул голын сав газар түүний ойр орчимд элс, хайрга олборлож байсан 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Харин одоо элс, хайрга, дайрга олборлох эрхтэй 54, хайгуулын 74 тусгай зөвшөөрөл байгаа аж...

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Сүүдэрт гэдэг газар гоё, сайхан нэртэй компаниуд усны энгийн хамгаалалтын бүсэд олборлолт хийсэн байна. Дээр нь нөхөн сэргээлт хийх талбайгаасаа хэтрүүлэн эрүүл газарт олборлолт хийсэн байх юм. Үүнд ямар арга хэмжээ авах вэ. Мөн Туул голын амин сүнс болсон газрын түгээмэл тархацтай ашигт малтмалаа өгөөд байх юм уу. Бидний тухайн үед гаргасан шийдвэрээр барилга, автозамын бүтээн байгуулалтад уулын хайрга, дайрга ашиглахыг дэмжиж, голын ай сав газрынхыг ашиглахыг зөвшөөрөхгүй байгаа. Голын ай сав газар дагасан олборлолтын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Орчны болон Туул голын бохирдол, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах тухай асуудал бол ганцхан Өргөдлийн байнгын хорооны асуудал биш. Үүнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороодтой хамтарч хэлэлцэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: -Ашигт малтмалын тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулаад голын ай сав газарт олборлолт хийхийг хориглох хэрэгтэй байна. Энэ төрлийн ашиглаж байгаа лицензээ өөр газарт шилжүүлэх, нөхөн төлбөр олгох байдлаар зохицуулах боломжтой гэж харж байна. Голын ай сав газарт олборлолт хийхийг хуулиар хааж өгөхгүй бол энэ асуудал зогсохгүй. Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг харахаар УУХҮЯ, БОАЖЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллага бүр өөр өөр юм бичээд оруулж иржээ. Энэ бүхнийг нэгтгэж, саналаа ярьж, уялдаа холбоотой ажиллаж болдоггүй юм уу. Засгийн газрын тогтоол гарснаас хойш хоёр жил өнгөрчихөөд байхад ямар ч үр дүнгүй сууж байна.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)