УИХ-ын гишүүд хаваржилтын асуудлаар асуулга тавьсан байна
- 2018-03-08
- Улс төр
- 0

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар мал аж ахуй, хаваржилтын асуудлаар Ерөнхий сайдад хандан асуулга хүргүүллээ. Дундардаг биш ундардаг, дуусдаг биш үрждэг, хамгийн олон ажлын байр бий болгож буй мал аж ахуйн салбараа хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэхийн тулд тэдний орлогын гол эх үүсвэр болсон малын үүлдэр угсааг сайжруулах, мал эрүүлжүүлэх ажлыг орон даяар эрчимтэй зохион байгуулах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих нь ихээхэн чухал байна гэдгийг УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад тавьсан асуулгадаа дурджээ. Мөн хэдийгээр цаг наашилж байгаа ч хаваржилт хүндэрч, малын хорогдол нэмэгдэж, мал төллөлтөд хүндрэл учирч болзошгүй байна. Тиймээс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, төрөөс гаргасан зарим хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хаваржилт хүндэрч буй аймаг сумдын малчдад цаг алдалгүй туслах шаардлагатайг сануулжээ. Тухайлбал “...Үндэсний мал, амьтны эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгох” , мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хэрэгжилт ямар байгаа талаар тодруулжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, “Малжуулах” төслийг хэзээнээс хэрхэн хэрэгжүүлж эхлэх тухай, мал эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар хариулт ирүүлэхийг асуулгадаа дурдсан байна. Мөн малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад учирч буй хүндрэлийг багасгахад чиглэгдсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангах зорилтын хэрэгжилтийг ч асуужээ. Үүнээс гадна малын зүй бус хорогдолоос урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, түүний үр дүн, хаваржилт болон мал төллөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсчээ. Асуулгын төгсгөлд Засгийн газраас баталсан “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт туссан малын гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой хариулт ирүүлэх талаар Ерөнхий сайдад ханджээ.
Тэд асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайдаас хүссэн байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)