Б.Эрдэнэдалай:Тэдний бодлого үргэлжилнэ. Үүнийг бид эергээр ашиглах хэрэгтэй
- 2018-03-22
- Нийтлэл
- 0

Хойд, урд хөршийн төрийн тэргүүний сонгууль болж өнгөр сөнтэй холбогдуулан улс төр судлаач, СЭЗИСийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Б.ЭРДЭНЭДАЛАЙТАЙ ярилцлаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, В.Путин ялалт байгууллаа. Энэ сонгуулийг та судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?
-Манай улсын томоохон хөршийн Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор болж өнгөрлөө. Энэ бол зөвхөн Монгол төдийгүй олон улсад анхаарал татсан сэдэв. Дэлхий нийтээрээ сонгуулийн дүнг хүлээсэн дүр зурагтай байлаа. Сонгуулийн төв хорооноос мэдэгдсэнээр оросууд 67 буюу нэлээд өндөр хувийн ирцтэйгээр сонгуульдаа оролцсон байна. Өмнөх дүн мэдээтэй харьцуулахад В.Путиний энэ удаагийн санал авсан хувь нь маш өндөр гарч ирснийг ажиглагчид онцолж байна. Нөгөөтэйгүүр өөрийнх нь өмнөх сонгуульд авч байсан хувийг авч үзвэл энэ удаад хамгийн өндөр хувийн санал авч гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө өмнөх амжилтыг эвдэж, дахин Ерөнхийлөгчийн суудлаа баталгаажуулж байна. Харин дараагийн хүлээлт бол Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол. Энэ ёслол ялалтын баярын өмнөхөн болох ёстой. Ингэснээр В.Путиний бүрэн эрх албан ёсоор үргэлжлээд явах юм.
-Олон дээд амжилт тогтоосон сонгууль боллоо. Жишээ нь, Сталинаас хойш хамгийн олон жил төрийн эрх барих хүнээр В.Путин тодорч байна?
-Шинжээчдийн хувьд яалт ч үгүй энэ удаагийн Оросын сонгуулийн онцлох зүйл нь В.Путин төрийн эрхийг тасралтгүй 25 жил барихаар болж буй явдал. Түүнээс өмнө Сталин 30 жил төр барьсан нь түүхэн дээд амжилт байсан бол В.Путины амжилт ийнхүү шил дараад ороод ирлээ. Нэг хүний засаглал олон жил үргэлжлэх нь тодорхой болчихлоо шүү дээ. Шүүмжлэгч, шинжээчдийн харж байгаагаар нэг талаас дарангуйлагч тогтолцоо үргэлжлэх нь гэсэн хардлага байна. Нөгөө талаас нэг хүний бодлого цаашаа үргэлжлэх нь тогтвортой байдал хангагдах, зарим улсад улс төрийн тогтворгүй байдал үүсч, олон сөрөг үзэгдэл гарч байгаа энэ цаг үед ОХУ-ын хувьд ийм асуудал үүсэхгүй нь гэдэг ерөнхий хандлага байна. Ялангуяа авлигатай тэмцэх, дээрээс нь тухайн улсын эдийн засгийг сайжруулах талын бодлого хэвийн үргэлжлэх дүр зураг харагдаж байна.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль АНУ-ын хоригтой зэрэгцсэн нь ч анхаарлын гадна үлдээж болохооргүй давхцал болох шиг боллоо?
-Олон улсад ОХУ, тэр дундаа В.Путины эсрэг асуудал нэг биш байна. Ялангуяа АНУ-ын сонгуульд нөлөөлсөн эсэхэд эцсийн шийд гараагүй л байна. Энэ сонгуульд нөлөөлсөн ч юм шиг, үгүй ч юм шиг. Өөрсдөө бол “Бид нөлөөлөөгүй, боломжгүй” гээд байдаг. Ямартай ч В.Путин дахин ОХУ-ыг удирдахаар болж байгаа нь энэ мэт асуудал мөнхийн сэдэв байсаар байхыг илтгэж байна.
-ОХУ ийнхүү төрийн тэргүүний сонгуулиа явуулж дууслаа. Харин манай урд хөршид өнөөдөр ч төрийн дээд хэмжээнд томилгоо, өөрчлөлт үргэлжилж байна. БНХАУ-ыг цаашид хэн удирдах вэ гэдэг нь ч өнгөрсөн долоо хоногт тодорхой боллоо. Ши Жиньпин энэ улсыг бүх насаараа удирдахаар болсон нь өнөөдөр ч онцлох сэдэв хэвээр байна?
-Манай улсад хамаарал нөлөөтэй томоохон онцлог үйл явдал ойрын өдрүүдэд болж өнгөрлөө. Ши Жиньпин БНХАУ-ыг үргэлжлүүлэн удирдахаар боллоо гэдэг мэдээллийг бид саяхан авч байсан бол өнөөдөр /өчигдөр/ ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч байх жишээтэй. Ингэж хоёр улсын төрийн тэргүүний сонгууль болж өнгөрсөн нь бидэнд яалт ч үгүй эерэг тал. Өөрөөр хэлбэл, энэ хоёр улстай харилцах бидний харилцаа бодлогын хувьд тогтвортой үргэлжлэх нь. Гэхдээ энэ нь огт хөдлөхгүй гэсэн үг биш, тодорхой шийдлүүд нь гараад явах байх. Жишээ нь, бид хөрөнгө оруулалтын чиглэлд Хятадаас маш их хараат болчихсон шүү дээ. ҮАБЗ- ийн бодлогын баримт бичигт “Нэг улсаас авах хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтэрч болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл урд хөршөөс орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 30-40 хувьд хүрчихсэн байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс Хятадаас бараг хараат болчихлоо гэдэг дүгнэлтийг олон улсад хийж байх жишээтэй. Энэ мэтээр цаашдаа хоёр улстайгаа хэрхэн харилцах вэ гэдгээ бид сайтар бодох хэрэгтэй. Гэхдээ шийдэлд хүрэх гэж байгаа нь энэ гээд харилцаагаа таслах биш, маш сайн тооцоо судалгаатайгаар, асуудалд олон талаас нь хандахгүй бол хоёр том гүрний дунд байгаа жижиг улс гэдэг утгаараа бидний алхам хөнгөн хийсвэр байж болохгүй. Цаашлаад олон улсын судлаачид төвийг сахьсан байх эсэхэд маш олон санаа дэвшүүлж байгаа. Дээрээс нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг удахгүй болох хаврын чуулганаар оруулж ирэх гэж байна. Энэ бүгдийн харилцан хамаарлыг сайтар бодолцож, нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж байж бодлого шийдвэрээ гаргах хэрэгтэй.
-В.Путин, Ши Жиньпин нар Орос, Хятад улсыг үргэлжлүүлэн удирдахаар болж байгаа нь манай улсад хэрхэн нөлөөлөх бол. Та судлаачийн хувьд хэрхэн харж байна?
-Мэдээж олон талаас нөлөөлнө. Гэхдээ манай улсын хувьд хоёр хөрштэйгөө харилцаж байгаа бодлогод эрс өөрчлөлт хийнэ гэж байхгүй. Аль болох л аядуу зөөлөн байдлаар харилцаагаа үргэлжлүүлэх байх. Манай хувьд улс төр, Засгийн газар нь маш тогтворгүй байдаг, ойр ойрхон солигддог. Аль нэг улстай ямар нэг гэрээ хэлцэл хийхээр тохирсон ч хэсэг хугацааны дараа харилцаа нь өөрчлөгддөг. Зарим тохиолдолд бүр байхгүй болдог гэх мэт сөрөг асуудал байнга шахуу үүсээд байна. Дан ганц Засгийн газар гэлтгүй Ерөнхийлөгч болон төрийн дээд төвшинд хоёр хөрштэй харилцах бодлогод хориг тавих гэх мэтээс өгсүүлээд огцом өөрчлөлт гарахгүй, хэвийн байдал үргэлжлээд явах нь гэж харж байна.
-Хоёр хөршийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хуучин төрийн тэргүүнүүд бодлогоо үргэлжүүлэхээр болсныг бид хэрхэн ашиглах ёстой юм бэ. Хэрвээ өөр хүн гарч ирсэн бол хоёр талын харилцаанд тодорхой хэмжээний өөрчлөлт орох байсан болов уу?
-Яг энэ нөхцөл байдлыг бид эерэг талаас нь ашиглах хэрэгтэй. Энэ ажлыг улстөрчид л хийх ёстой. Өөрсдөө бялуу хуваах юмуу засгийг огцруулах талаар нэг нам дотроо хуваагдаж, фракцлаад баймааргүй л байгаа юм. Энэ тал дээр намууд тун сайн анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ямар нэг шийдвэр гаргах эсхүл хууль батлахдаа дандаа хуулийн хугацаа хожимдуулж байна. Буруу шийдвэр гаргаж, түүнээсээ болоод дараагийн сонгуульд иргэдийн итгэлийг хүлээж чадахгүй байна. Нэгэнт л хоёр хөрштэй харилцах манай улсын бодлого тогтвортой үргэлжлэх нь ойлгомжтой учраас энэ нөхцөл байдлыг яаж өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх вэ гэдгийг л сайтар бодолцох хэрэгтэй юм.
-Манай улс хоёр хөрштэйгөө бүх талаар харилцаж чадаж байна уу. Эдийн засаг талаасаа маш нягт харилцаатай. Гэтэл бусад салбарт ч жигд харилцаатай байх нь чухал шиг байгаа юм?
-Миний харж байгаагаар хөрөнгө оруулалт гэхээр бид зөвхөн эдийн засаг талд яриад байдаг. Тухайлбал, бид ОХУ-аас эрчим хүчний хувьд бүрэн хараат, ялангуяа захын аймагт 100 хувь хараат байна шүү дээ. Эхний ээлжид бид энэ нөхцөл байдлаа шийдэх ёстой. Өөрсдөө дотооддоо нөөц бололцоогоо ашигладаг баймаар байна. Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна гээд зарлачихлаа. Гэтэл үүнд ямар алхам хийж байгаа нь тодорхой бус учраас олон нийтэд мэдээллээ өгөөд явмаар байна. Бидний нэг алдаатай тал нь том улсын бодлого түүгээрээ явах байх гээд зайгаа авчихдаг. Гэсэн атлаа дотооддоо наад захын жижиг асуудлаа шийдэж чадахгүй байна. Ингэхээр яг алинд нь оролцож, шийдэх юм бэ. Ганцхан жишээ хэлэхэд, аль 2000 онд метротой болно гээд жигтэйхэн гоё зураг хөрөг харуулж байсан. Өнөөдөр өнөөх нь шилний цаанаас чихэр долоолгосон болж таарлаа. Цаашлаад Цэвэрлэх байгууламжийн асуудал байна. Нэг Засгийн газар гарч ирэхээрээ өмнөх засгийнхаа ажлыг үргэлжлүүлдэггүй, ажлын уялдаа холбоо залгамж чанар гэж байхгүй болчихсон нь манай хамгийн том сул тал. Энэ мэт асуудлаа бид дотооддоо шийдэж чадах л юм бол олон улсын бодлогод үзүүлэх манай улсын нөлөө ямар байх юм, үүнээс ямар ач холбогдол гарах вэ гэдэгт алхам хиймээр байгаа юм.
-Хоёр улсын бодлого Монголд ямар байдлаар тусах тухайд жишээлбэл, урд хөрштэй “Нэг бүс нэг зам” санаачилга байна. Стратегийн өндөр ач холбогдолтой энэ санаачилгыг бид маш олон жил ярьж байгаа ч ажил хэрэг болж, хөдөлсөн зүйлгүй л байна.
-Яг үнэндээ манайхнаас өөр улс бол аль хэдийнэ шийдчихсэн. Энэ тохиолдолд БНХАУ-аас хамаарах бодлого, ажил аль хэдийнэ тодорхой болчихоод байдаг. Гэтэл манайхан нэг ажил явуулах гэхээр л дотооддоо ашиг сонирхлын зөрчил үүсгээд эхэлдэг. Үүнээс болоод ажил явдаггүй муу жишиг мөнхийн сэдэв хэвээр л байна. Бидний нэг дутагдал бол асуудлын зөв шийдлийг олох, улмаар ажил хэрэг болгох талаар хойрго юм. Энэ байдлыг эргээд харахаар улс төрийн намууд дотооддоо ч гэсэн эв нэгдэл муутай, аливаа асуудлын шийдлийг олж чадахгүй байна. Жишээлбэл, намын санхүүжилтийн ил тод байдал гэж алга. Энэ нь эргээд төр засгийн үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй явуулахад сөргөөр нөлөөлөөд байна л даа.
-Хэдийгээр хүн ам, засаглал, магадгүй газар нутгийн хувьд харилцан адилгүй учраас харьцуулалт хийх нь оновчгүй байж болох. Гэхдээ хоёр орны төрийн сонгууль хэрхэн өрнөж байгаагаас бид үлгэр жишээ авах ёстой байх. Сонгуулийн үйл явц хэрхэн өрнөж байгаа нь ч мөн анхаарал татсан сэдэв байлаа л даа?
-Манай улс парламентын засаглалтай, ардчиллын зарчмаар парламентаа бүрдүүлдэг. Хоёр хөршийн хувьд мэдээж тэс өөр. Тухайлбал, БНХАУ-ын хувьд Ши Жинь пинийг насаар нь төрийн эрх барих боломжтойгоор гаргаж ирж байна шүү дээ, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад. Энэ бол манайхаас дэглэмийн хувьд өөр ойлголт. Гэхдээ БНХАУ авторитар дэглэмтэй ч эдийн засгийг чөлөөт байдлаар хөгжүүлж чадаж байна. Хятадын эдийн засаг өнөөдөр ч дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтаж байгаа. Хүн бүрийг ажил, орлоготой байлгах үүднээс бодлогоо явуулж чадаж байна. Тэрбум гаруй хүнийг ажилтай л байлгахгүй бол эргээд ямар нэгэн эсэргүүцэл гарвал барьж, дийлэхэд бэрх. Мэдээж урд хөрш дотроо олон тэмцэлтэй байгаа. Тухайлбал, Шинжан Уйгар, Түвдийг хатуу гараар барьж байна. Сонгуулийн хувьд шударга байлгах үүднээс нэг намын тогтолцоотой байгаад байна. Тийм болохоор манайхаас өөр. Өөрөөр хэлбэл, манайх шиг олон намын тогтолцоогүй учраас ардчилсан сонгууль явуулах эсэх нь ондоо. 1990 оноос өмнө Монгол Улсад 99.99 хувийн ирц, оролцоотойгоор сонгууль болоод, ийм хувийн саналаар нэр дэвшигч нь гарч иж батлагддаг байлаа шүү дээ. ОХУ-ын хувьд Сонгуулийн төв хороо хангалттай ажиллаж байна гэж өөрсдийгөө дүгнэдэг. Нэр дэвшигчдийн хувьд олон нам төдийгүй бие даагч хэдэн ч хүн нэр дэвших боломжтой гэдгээрээ онцлогтой. ОХУ-ын сонгуулийг маш олон хүн ажигласан. Энэ нь сонгуулийг зөв, шударга явуулахад чухал нөлөө үзүүлж байгаа юм. Гэсэн хэдий ч В.Путиний бодлого ямар байна, эрх баригчид нь сонгуульд ямар нөлөө үзүүлсэн бэ гэх мэтээр сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байх вий гэдэг хардлага хаана ч байсаар л байдаг.
-Хэдийгээр хоёр хөршийн сонгуулийн явцыг бид өөрийн улстай харьцуулах боломжгүй ч урд, хойд хөршийн сонгуулийн идэвх маш өндөр хувьтай гарч байна. Гэтэл манайд жил ирэх тусам сонгогчдын идэвх суларсан, улс төр, улстөрчдөд итгэл алдраад байдаг. Асуудлын гол нь хаанаа байна вэ, иргэдийг идэвхжүүлэхийн тулд жишээ нь юу хийх ёстой юм бэ?
-ОХУ-ын хувьд бодлого, дэглэмийн хувьд ч хатуу гараар явах гээд энэ байдлыг иргэд дэмжсэн хандлагатай байна. Тэр ч утгаараа В.Путиний ийм бодлогод саналаа ахиухан өгч эхэлж байна. Харин манайх ардчилалд шилжээд 30 шахам жилийн нүүрийг үзчихлээ. Харамсалтай нь, ингэж ардчиллыг хэрэгжүүлж ирсэн олон жилийн турш бид сонгогчдыг ерөөсөө бэлдэж чадаагүй. Төр засаг, намууд, сонгууль зохион байгуулж байгаа байгууллагууд аль нь ч тэр. Нөгөө талдаа иргэд, сонгогчид ч гэсэн сонгуулийг яах гэж өгч байгаа, сонгуульд санал өгснөөрөө ямар үнэ цэнийг олох билээ гэдэг тал дээр огт анхаарал хандуулдаггүй. Яагаад гэхээр иргэд өнөөдөр юун сонгууль, хүүхдийнхээ идэх талх, галдаа хийх түлшээ олох гэж л өдөр шөнөгүй ажиллаж байна. Ийм тохиолдолд улс төр, улстөрчдийн үг, үйлдэл, хэлсэн үгнийхээ төлөө хэн, ямар хариуцлага тооцож байна гэх мэт асуудал огт падлийгүй байна шүү дээ. Хэдийгээр гадна талдаа эдийн засаг өсөлттэй байна гэдэг тоон үзүүлэлт гарч байгаа ч иргэдийн амьдралд бодит өөрчлөт гарч ирэхгүй байна. Энэ тохиолдолд иргэдийн улс төрийн мэдлэг хангалтгүй байхаас ч аргагүй.
-Төр засгийн бодлого шийдвэрээс гадна сонгогчдын боловсрол дутмаг байгаа нь сонгуулийн ирцэд шууд нөлөөлж байна гэсэн үг үү?
-Иргэдийн улс төрийн мэдлэг хангалтгүй байгаа учраас бид эргээд улстөрчдөд хариуцлага тооцож чадахгүй байна. Хэдийгээр судлаачид ч юмуу нэг судалгааны байгууллагаас дүн танилцуулаад “Ийм байна, үүнийг бодлогоороо зөв шийдээч” гэж ярьж байгаа боловч улстөрчид, намууд үүнийг авч хэрэгжүүлэхгүй байна. Гэтэл цаанаа иргэд улс төрийн боловсролгүй байх тусмаа л улстөрчдөд буюу хэсэг бүлэгт маш ашигтай. Ингэснээр авлига, хээл хахуульд автсан бүлэглэл бий болоод байна. Улс төр манайд яг л ийм жишгээр өрнөж байгаа нь нууц биш. Сүүлийн сонгуулиудаас харж байхад УИХ-ын 2016 оны, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч болон намуудаас иргэд бэлэг сэлт л хүлээж авдаг, эсвэл өөрөө бүр санал тавьж байх жишээтэй. “Би саналаа танай намд өгье, танайх надад 30 мянган төгрөг өг” гэх байдлаар. Саналын үнэ сүүлдээ бүр 50, 100 мянгад хүрсэн гэх мэдээлэл бий. Үүнийг бүгд мэдэж байгаа. Гэсэн атлаа хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрч байна. Ингэж бид сонгуулийг гурил будаа, бэлэг төдийхнөөр харж байгаа нь их үнээр олдсон ардчиллынхаа үнэ цэнийг мэдэхгүй байна л гэсэн үг. Уг нь улс төрийн намын явуулах гол бодлого нь иргэдийнхээ улс төрийн болон сонгуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх. Ингэж байж төрөөс санхүүжилт авдаг хувилбар гаднын улсуудад байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ, иргэд нь боловсролгүй , эдийн засаг нь тааруу, иргэдийн амьдралд бодитоор ямар нэгэн нөлөө очихгүй байх тусам л авлига, хээл хахуультай холбогдсон, аль нэг лиценз тендерийг өөрсдөдөө авах, бялуу хуваах гэсэн сонирхол нь нэмэгдээд, өөрсдөдөө ашигтай байдлыг үүсгээд байдаг. Цаашлаад нийт иргэдийн улс төрийн боловсрол яг үнэндээ бүр нойл заачихсан. Энэ мэт асуудалд анхаарал хандуулахгүй байгаа учраас хөрш зэргэлдээ улсын иргэдийн сонгуулийн идэвх оролцооноос хэд дахин хувиар дутуу байна гэж ойлгож болно.
-Нөгөө талаас манай улс парламентын засаглалтай, намууд ээлжлэн төрийн эрх барих зарчим үйлчилдэг учраас хугацааны асуудлыг ярьдаг л даа. Өөрөөр хэлбэл, нэг нам нь гарч ирээд бодлогоо хэрэгжүүлж, үр дүн гаргаж амжаагүй байтал сонгуульт хугацаа нь дуусчихдаг гэх мэтээр. Гэтэл хоёр хөршөө харахаар 5-6 жил гэдэг тийм ч хол зөрүү биш шиг харагдаад байгаа юм л даа?
-Дөрвөн жил хангалттай. Энэ хугацааг нэмэгдүүлэх шаардлагагүй. 76 гишүүний тоог нэмж, хоёр танхимтай болох, эсхүл сонгуульт хугацааг сунгах гэх мэт асуудлыг ярьж болно. Гэхдээ манайх шиг улстөрчдөдөө хариуцлага тооцож чаддаггүй улсад урт хугацаа шаардлагагүй. Жишээлбэл, ултөрчид оффшор бүсэд мөнгөө нуудаг гэдэг асуудал гарсан. Ийм мэдээлэл гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч хэний, ямар асуудал шийдэгдсэн юм, бахь байдгаараа. Жишээ нь, парламентын гишүүний ёс зүйн дүрмээ сайн баримталдаг улсад аль нэг сайд эсвэл Ерөнхий сайдынх нь докторын зэрэг хамгаалсан ажил байлаа гэхэд хүний бүтээлээс авч хэрэглэсэн атлаа дурдаагүй нь ил болонгуут тухайн хүн өөрөө сайн дураараа огцорчихдог. Гэтэл манайд хэлсэн үг, хийсэн үйлдэл чинь ийм байна гээд баримт гаргаж ирээд байхад л бараг тайлбар ч хэлэхгүй. Хэлбэл худлаа гээд булзчихдаг.
-Хоёр улсын улс төрийн бодлогоос авч нутагшуулах боломжтой жишээ байна уу гэвэл та ямар хариулт өгөх вэ?
-БНХАУ авлигачидтайгаа хэрхэн тэмцэж байгааг хар л даа. Авлига бол том жишээ. Гаднын улсуудад авлига авчихаад эх орноосоо зугтаад гарчихсан хүмүүсийг эргүүлж авчраад зогсохгүй авлигаар авсан мөнгийг нь эргүүлж төлүүлж байна. Мэдээж дараа нь хариуцлагаа тооцно. Дэлхийн бусад оронтой харьцуулахад манай урд хөрш авлигатай хамгийн хүчтэй тэмцэж байна. Гэтэл манайхан улс төрийн хүрээнд гарч ирээд байгаа авлигын асуудлаа л шийдэж чадахгүй байна шүү дээ. Ямар сайндаа Б.Наранхүү гишүүнийг чуулганы хуралдаанд суухгүй, үндсэн үүргээ биелүүлэхгүй байна гээдҮндсэн хуулийн Цэцээс шийдвэр гаргачихаад байхад Цэцийн нэг гишүүн нь “Наад хүн чинь чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа ч гэсэн тойрогтоо ажлаа хийж байгаа юм билээ” гээд мэдээлэл өгчихөж байх жишээтэй. УИХ-ын гишүүн ямар үндсэн үүрэгтэй юм бэ гэдгийг Цэцийн гишүүн мэдэхгүй байгаа юм уу эсвэл ямар нэгэн лоббид автаад мэдэн будилаад байгаа юмуу гэдэг сонирхолтой. Үүнээс улбаалаад хэлэхэд, манайд нэг сөрөг хандлага байгаа нь сонгуулийн можаритор тогтолцоогоор парламентын гишүүн нь тойргоос хамааралтай болчихоод байдаг. Гэтэл УИХ-ын гишүүд зөвхөн чуулгандаа сууснаар үйл ажиллагаа нь хязгаарлагдахгүй. Бодлого боловсруулах, хууль батлах зэргээс авахуулаад маш олон зүйлд тэр хүн оролцох ёстой. Энэ асуудлаа шийдэж чадвал урд хөршөөс үлгэр авч байгаа жишээ болно. Ер нь хоёр улсын явуулж буй бодлогоос алийг нь авч хэрэгжүүлэх вэ гэдэг асуултад механикаар хариулах боломжгүй л дээ. Яагаад гэвэл, манай улсын онцлог хөршүүдийн маань дэглэм өөр байна. Тэгэхээр аль нь зүгээр вэ, аль нь манайд нийцэх вэ гэдгийг нь харах хэрэгтэй.
-Засгийн эрх барьж байгаа нам хоёр хөрштэй ямар харилцаатай байна гэж хэлэх вэ,таны харж байгаагаар хамтын ажиллагаа хэрхэн үргэлжлэх бол?
-Сонгуулийн болон сонгуулийн бус үед ч сайн харилцаатай гэж харагддаг. Хамтын ажиллагаанд асуудал үүсэхгүй болов уу гэж харж байна.
М.Өнөржаргал

Сэтгэгдэл (0)