Д.Басандорж: Хар ус харамладаггүй гэдэг зарчмаар үнэгүйдсэн
- 2018-03-22
- Нийгэм
- 1

Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. Тиймээс манай улсын хувьд усны хэрэглээ, үнэлэмж, бохирдол, нөөц ямар түвшинд байгаа талаар “Усны судалгааны төв Монгол усны түншлэл” төрийн бус байгууллагын захирал, ШУТИС-ийн профессор Д.БАСАНДОРЖТОЙ ярилцлаа.
-Дэлхийн зарим улс оронтой харьцуулахад манай улс өргөн уудам нутагтайн зэрэгцээ томоохон гол мөрөн цөөнгүй бий. Бас цөөхөн хүн амтай. Гэтэл усны хомсдолд орох магадлал өндөртэй гэдэг. Та үүнийг юутай холбоотой гэж харж байна вэ?
-Дэлхийд хамгийн бага өртөгтэй ундны устай орон манайхаас өөр байхгүй. Орон сууцанд ус литр нь 51 мөнгө, гэр хороололд нэг төгрөг байдаг. Миний мэдэж байгаагаар 1960 онд литр ус нэг төгрөг байсан бол 58 жилийн дараа өнөөдөр ч хэвээрээ л байна. Гэтэл дулаан, эрчим хүч, цахилгааны үнэ жил бүр нэмэгддэг. Манай улс өнгөрсөн хугацаанд усны салбараа хаячихсан. “Хар ус харамлаад байх даа яадаг юм” гэдэг хандлагыг нийгмийн сэтгэл зүйд бий болгож, усыг үнэгүйдүүлсэн. Үүнтэй холбоотой гэж харж байна. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл усны хомсдолд орох магадлалтай.
-Цэвэр усны хомсдолд орохгүй, усаа гамтай хэрэглэх, нөөцийг нь нэмэгдүүлэхийн тулд бид юунд анхаарах ёстой вэ. Ямар бодлого хэрэгжүүлснээр үр дүнд хүрэх бол?
-Усны нийт нөөцийн арав хүрэхгүй хувь нь газар доор бий. Үүнийгээ л бид ашигладаг. Гэтэл хоногт хэчнээн сая ам.доллар гадагшаа урсч байгааг бид тооцдоггүй, түүнийг ашиглах талаар боддоггүй. Иймд бид одоо усны бодлогодоо өөрчлөлт оруулж, гадаргын усаа түлхүү ашиглах нь зүйтэй. Мөн цас, мөс, хаврын шар усны үерийг хэрэглэх бололцоотой. Үүнийг олон улсын хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс монголд үлдэх бололцоотой усаар олон хиймэл нуур бий болгох хэрэгтэй. Энэ бол том боломж. Усны аюулгүй байдал Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Ийм байдлаар цэвэр усныхаа нөөцийг хэмнэх бололцоотой.
-Саарал усыг дахин хэрэглэх талаар олон жил ярьж байна. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж бий юү?
-Боломж бий. 2020 онд дэлхийн хүн ам найман тэрбум болж, дэлхийн цэвэр усны нөөц дуусна гэсэн тооцоо судалгаа байдаг. Бохир ус бол ашиглаагүй усны нөөц. Ямар ч бохир усыг цэвэршүүлэх технологийг дэлхий нийтээрээ ашиглаж байна. Тиймээс бид усыг цэвэрлэх боломжтой технологийг гадаадын эрдэмтэдтэй хамтран 2012 онд Монголд нэвтрүүлсэн. Тэр технологио ашиглан Гацуурт тосгонд хоногт 25 шоо метр бохир усыг бүрэн цэвэршүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар хоногт 180 мянган шоо метр ус ашиглаж байна. Энэ нь 2020 онд 613 мянган метр куб болно гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс үзэхэд хэрэглээ бараг гурав дахин өсч байна гэсэн үг. Ийм байдлаар усны хэрэглээ нэмэгдэхээр нөөц хүрэлцэхгүй. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усны 70 хувийг цэвэршүүлээд ашиглах хэрэгтэй байгаа юм. Ундны усандаа зөвхөн байгалийн цэвэр усыг хэрэглээд, харин автомашин угаалга, гудамж тайлбайн цэвэрлэгээ, барилгын шавар зуурах зэрэгт цэвэршүүлсэн ус ашиглах нь зүйтэй. Үүнийг хэрэгжүүлэхэд зориг гаргах л хэрэгтэй. Ингэснээр Улаанбаатар хот эрчим хүчээр тасардаг шиг усгүй болох, ус хомсдох зүйл гарахгүй.
-Гүний цэвэр усыг уул уурхай, барилгын үйл ажиллагаанд хэрэглэдэг байдлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
-Төв цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсэн усыг 473 км газарт татах боломж бас бий. Ингэснээр говийн хэсэг дэх Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг уул уурхайн ордыг эрчимтэй ашиглаж, тэр хэрээр эдийн засгаа хөгжүүлэн зардлаа нөхөх бололцоотой. Мөн их болон бага газрын чулуу, говио усжуулж болно. Эрдэмтэн судлаачдын хувьд ийм санал санаачилга гаргаж, төсөв төлөвлөгөөг 2007 онд хийж байсан. Гаднын компаниуд манай улсын байгалийн баялгыг ашиглах гэж байгаа бол бохир усыг цэвэршүүлж татах ёстой гэсэн шаардлага тавих хэрэгтэй. Гүний усыг бид зөвхөн хоол унданд хэрэглэдгийг хэлж, хэрэв усны асуудлаа шийдвэрлэчихвэл уул уурхайгаа ашиглаж болно гэдэг шаардлагын дагуу гэрээ хэлцэл хийдэг болмоор байна.
-Суурьшлын бүсийн хүрээг тэлж болохгүй, даац хэтэрсэн учир ачааллаа дийлэхгүй гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Үүнтэй санал нэгддэггүй. Усыг бид уух хэмжээнд хүртэл цэвэршүүлж чадаж байна. Тиймээс цэвэршүүлж дахин ашиглах байдлаар хэрэглээг нөхөх боломжтой. Улаанбаатар хот усгүй болно, нүүлгэн шилжүүлнэ гэдэг бол хоцрогдсон ойлголт. Хотын усны цогц менежмент гэдэг шинэ тогтолцоо гарсан. Үүгээр олон мега хот усны асуудлаа шийдвэрлэсэн. Тодруулбал, тухайн улс орон хаягдал усаа дахин цэвэршүүлээд тодорхой зүйлд хэрэглэж байна. Харин ундны усаа арай өөр байдлаар шийдвэрлэсэн. Арав болон түүнээс дээш хүн амтай мега хотууд усны тулгамдсан асуудлаа шийдвэрлэчихээд байхад бид чадахгүй байгаа нь удирдлага, хариуцлага, бодлого, менежментгүйн зуд.
-Нийт усны хэдэн хувийг хоол унданд хэрэглэж байгаа бол?
-Жилд 500 гаруй сая шоо метр ус хэрэглэж байгаагийн 16 хувийг унд, ахуйн хэрэглээнд зарцуулж байна. Энэ бол маш бага хувь. Үлдсэнийг нь үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуйд хэрэглэдэг. Тиймээс дахин цэвэршүүлсэн усыг энэ чиглэлд хэрэглэх нь зүйтэйг дахин хэлье.
-Усны хомсдол, бохирдол хоёр олны анхаарал татсан асуудал болоод байгаа. Гэхдээ усны хомсдолд орохгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой юм байна. Харин усны бохирдол эрүүл мэнд, эдийн засагт нэлээд сөрөг нөлөө үзүүлэх болов уу?
-Агаар, хөрс, усны бохирдол хоорондоо уялдаа холбоотой. Агаарын бохирдол хөрсөнд бууж, улмаар гүний ус руу шингэдэг. Гэтэл агаарын бохирдлыг бууруулбал болох юм шиг ойлгодог. Үүнээс илүүтэй орчны бохирдолд онцгой ач холбогдол өгөх ёстой. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ярьж байна. Ус бохирдсоноор хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Хэд хэдэн аймагт халдварт өвчин гарсан нь үүнтэй холбоотой байх магадлалтай. Агаарын бохирдол улирлын чанартай. Тиймээс бид 11-2 дугаар сар хүртэл бохир агаараар амьсгалдаг учраас өндөр төвшинд авч үзээд байна. Гэтэл газрын гүний усанд ямар бохирдол шингэж байгааг харж, мэдрэхгүй учраас асуудал болгохгүй байна. Тэнд аюултай том тахал явж байна. Хөрсний уснаас дээж авч шинжлэхэд л ихээхэн бохирдолтой гардаг. Туул гол бохирдлоороо Азид хоёрдугаарт бичигдэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Монгол Улс онгон дагшин байгальтай гэдэг боловч ус нь бохирдолтой байдаг. Жуулчид гайхаж байна. Тэд манай улсад ирээд юу уух вэ гэдэг айдастай байна шүү дээ. Энэ асуудал улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Тиймээс усны бохирдолд анхаарал хандуулахаас өөр аргагүй.
-Дэлхийн усны өдрийг тохиолдуулан жил бүрийн өдийд энэ асуудлыг нэлээд ярьж, хэлэлцдэг жишигтэй. Гэтэл бодит байдал өмнөхөөсөө дээрдэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Усны тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, хурал зөвлөгөөн зохион байгуулаад өнгөрдгийг би сүүлчийн 14 жил харж байна. Усны салбарын асуудлыг шийдвэрлэхгүй хуримтлуулаад буй нь энэ салбарт эрс өөрчлөлт шинэчлэлт хийхгүй, усыг стратегийн ач холбогдолтой гэж үзэхгүйд учир нь байна. Манай улс алтны стратегийн 16 ордтой. Гэтэл усны орд нэг ч байхгүй. Оюутолгой дахь гүний хоолойн орд буюу газар доорх том далай бол хэний ч өмч биш. “Оюутолгой” компани хайж олсон учраас ашиглаж байгаа. Усны хомсдол, бохирдол, нөөцийн талаар хүн бүр ярьдаг хэрнээ бодит байдалд хийж байгаа ажил, хөрөнгө оруулалт байдаггүй. Манай улсын мал 60 саяд хүрсэн. Хоногт хүн нэг, мал таван литр ус ууж байна. Ус уудаггүй мал гэж байдаггүй учир үүнийг бас бодолцох хэрэгтэй. Ус чандмань эрдэнэ, хөгжил дэвшил, эрүүл мэнд гэж үзээд нэлээд өндөр ач холбогдол өгч ажиллах ёстой. Ус бол Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, усны салбар уул уурхайг жинхэнэ утгаар нь ашиглаж, улс орноо хөгжүүлэх бодлоготой уялдаа холбоотой юм. Энэ утгаараа усны хөтөлбөрийг 1996 оноос хойш хэд хэдэн удаа, мөн УИХ-аар хүртэл батлуулж байсан ч түүнийг хэрэгжүүлэхгүй, ширээний цаас болгоод байна. Гэхдээ урагшилсан, хийж бүтээх он жил ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Усны салбартай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудал юу байдаг вэ?
-Уг нь энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй, хүндрэлтэй зүйл биш. Засгийн газар, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа, ойлголцол юу юунаас илүү чухал. Энэ жил хүүхэд залуучуудын дунд усны форум зохион байгуулсан. Энэ үеэр хоёр асуудал хэлэлцсэний нэг нь усны үнэ цэнэ, үнэлэмж. 100 төгрөгөөр нэг ширхэг бохь, ганц хоёр чихрээс өөр юу авч хүрэхгүй. Гэтэл энэ мөнгөөр 100 литр ус авч болж байна. Энэ бол нэг айлын долоо хоногийн усны хэрэглээ. Энэ жишээ ус ямар үнэ цэнэгүй байгааг харуулж байна. Нийгэм, олон нийтийн оролцоог хангах замаар усны асуудлыг авч үзэн, шийдэлд хүрэх ёстой юм байна. Ирэх сарын 20-нд “Ус ба хот” гэсэн томоохон хурал зохион байгуулж, энэ асуудлыг авч хэлэлцэж, шийдэлд хүрнэ.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (1)
Нина (103.50.206.40)
Басандоржийг дэмжижи байна усны үнэ цэнийн нэмэх хэрэгтэй уснаас бусад хүний хэрэглэдэг бүх юмны үнэ өдөр хоногоор нэмэгдэж байна шүү дээ тэхэд Ус чандмана эрдэнийн үнэ 60-70 оноороол байдаг ямар учиртай юм бэ гэдэг дээр анхаарал хандуулах цаг болсон 2-т орон сууцны крантыг мэдэрэгчтэй болгох хувийнхаа амралт сувилалд дарга нар бүгд мэдрэгч тависан мөртлөө барьж байгаа барилгадаа яагаад тавьж болохгүй гэж бид ер нь яриад хуралдаад зөвлөж байна л гээд байдаг хийж хэрэгжүүлж байгаа юм тааруу байна шүү. Анхаар?