М.Энхболд: Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах хэрэгтэй

Улстөрчид төдийгүй олон нийтийн зүгээс Оюутолгойн гэрээг ашигтай болсон эсэх талаар байнга маргадаг, мөнхийн сэдэв болсон гэхэд хилсдэхгүй. Уг гэрээ монголчуудад ашигтай болсон эсэхээс гадна Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, оруулсан хөрөнгө болон түүний зарцуулалтад хяналт тавих нь зүйтэй гэж УИХ-ын дарга М.Энхболд үзлээ. Энэхүү гэрээний хэрэгжилтэд олон нийтийн адил санаа тавьж ирсэн тэрбээр энэ удаад хэрэгжилтийг нь шалгах хэрэгтэй гэж үзээд захирамж гаргаж, ажлын хэсэг байгууллаа. “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд найман хүнийг багтаасан байна. Тухайлбал, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахлахаар болсон бол дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Харин ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат- Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нарыг томилжээ. Түүнчлэн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллуулах шаардлагатай гэж спикер үзсэн байна. Улмаар шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг ажлын хэсэгт захирамжаар даалгалаа. Ойрын өдрүүдэд Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаан ид өрнөж байгаа бөгөөд уг гэрээг үзэглэсэн, Сангийн сайд асан С.Баярцогтыг Швейцарийн прокурорын байгууллага болон манай улсын АТГ- ын зүгээс хамтран шалгаж эхэлснээ зарлаад байгаа юм. Учир нь С.Баярцогтыг гэрээг хийх үедээ авлига, хээл хахууль авсан байж болзошгүй гэж хууль хяналтынхан үзжээ. Улмаар уг хөрөнгөө оффшор бүсэд нуусан байх магадлалтай гэх хардлага сүүлийн арав орчим жил өрнөж байгаа юм. Ийм цаг үед Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах нь цагаа олсон шийдвэр байж болох. С.Баярцогтын авлигын асуудал бол яалт ч үгүй энэ ордын гэрээтэй холбоотойгоор яригддаг учраас тал бүрээс нь шалгаснаар үнэн мөнийг нэг мөр тогтоож, олон нийтийн хардлагад цэг тавих боломж бүрдэнэ. УИХ- ын дарга энэ цаг үеийг оновчтой мэдэрч, шийдвэр гаргаснаар Оюутолгойн гэрээг шалгах томоохон багийн ажиллагаа ийнхүү эхэлж байна.

М.ӨНӨРӨӨ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.70.36.58)

    2018-03-26

    Ungursun chuulganaar Terbishdagviig Ouytolgoid ajliin kheseg gargaya geed baikhad khudulj uguugui. Odoo Bayartsogtiin talaar Shvetsarit shuugiad ekhlenguut shalgaj ekhlene gekh youm. Nuguu ungursun boroonii khoinoos tsuv numurnu gedeg l bolood baikh youmdaa.