Шонхрын зориг мохохгүй

Хурандаа Д.Жамбааг БНМАУ-ын ДЯЯ-ны сайд, Улсын өрлөг жанжин Х.Чойбалсангийн 1927(37) оны наймдугаар сарын 10-ны өдөр баталсан Дайчлан баривчлах тогтоолоор тус яамны Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газрын Тусгай хэлтсийн төлөөлөгч, хамгаалагч Дашзэвэг, Насантогтох нар Японы тагнуул, хувьсгалын эсэргүү хилс хэрэгт холбогдуулан дайчлан баривчлах санал төлөвлөн наймдугаар сарын 10-ны үүрийн 04 цагт гэртээ амарч байхад нь ирж баривчилж, харгис хатуу эрүү шүүлт тулган тамлаж, зохиомол хэрэгт гүтгэн тулгаж, олон хоногоор гянданд тарчлаан зовоосны эцэст 1937 оны аравдугаар сарын 25-нд шүүх цаазын бичгийн 43, 44 зүйлээр хөрөнгийг нь хурааж, цаазаар авах ялаар шийтгэжээ. Д.Жамбаа нь ДЯЯ-ны Тусгай хэлтсийн цэргийн тасгийн дарга, байцаагч Мандал, Лувсандоной нарт өгсөн мэдүүлэгтээ “Би 1906 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Асгатын хүрээнд мяндаг тушаалгүй лам байсан, 1925 онд сайн дураар хар болж цэрэгт ирсэн. 1926 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын 20 хүртэл хотод оюутны сургуульд явж байсан. 1926 оны тавдугаар сард нисэх онгоцны техникчийн сургууль, 1930-1933 онд ЗХУ-ын Оренбург хотын нисэх онгоцны жолоочийн сургууль хийж төгссөн. 1937 оны наймдугаар сар хүртэл байлдааны нисэх отрядын дарга, баригдахын өмнө цэргийн нисэх онгоцны шуудангийн отрядын даргаар ажиллаж байсан, МАХН-ын гишүүн, хурандаа цолтой, ам бүл 6, хувь хөрөнгө 70, Сайн ажилласан учир байлдааны буу гурван ширхэг, мөнгөн хайрцаг, цаг тус тус нэгээр шагнуулж байсан, Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Улаан тугийн одонгоор, 1936 онд Япон, Манж лугаа баатарлаг байлдсаны учир Улаан тугийн II зэргийн одонгоор шагнагдаж байсан”, “Жамбаа миний биед хувьсгалын эсэргүү санаа бодлогыг агуулж, Хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож, Хувьсгалын эсэргүү ажлыг хийж явсан удаагүй бөгөөд харин манай нисэх онгоцны бригад болоод отрядуудад хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэгч этгээд нар байсныг би мэдэх бөгөөд “тэд нарыг яахан илрүүлж эсэргүүцэн тэмцэх билээ” хэмээн бодож ажиллаж явснаас өөр тийм хувьсгалын эсэргүү ажлыг хийж яваагүй амой” ... гэжээ. Хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа бүр 1960-аад оноос эхэлсэн хэдий ч түүнийг нэлээн хожуу буюу Ардчилал хөгжсөн хойно 1991 онд цагаатгажээ.

Ийнхүү урт удаан хугацааны турш эсэргүүний эгнээнд байлгаж, түүний талаар өгүүлэхээс цэрвэн, үйл хэргийг нь үнэн мөнөөр судалж, хөөцөлдөх хүн байгаагүйн улмаас удаа дараагийн түүхийн баримтат ном зохиолоос хасагдаж, баатарлаг нисгэгчийн түүхийг бүдгэрүүлэхэд хүргэсэн байна. Хурандаа Д.Жамбааг ДЯЯ-аас нийт 8 удаа байцаасан байх ба эхний хоёр удаагийн байцаалт нь л үнэний ортой бөгөөд бусад нь илт гүжирдсэн, хуурамчаар үйлдсэн, өмнөөс нь худал зохиож бичсэн байх магадлалтай байна. Түүнийг Зөвлөлтийн сургагч нарын өөдөөс эсэргүүцэж хэрэлддэг, бусдыг хэл амаар доромжилж загнадаг, архи ууж, зодоон цохион хийдэг хэмээн буруутгаж байжээ. Тэрээр нисэх онгоц жолоодох урлагийг гарамгай сайн эзэмшсэн эрэмгий нисгэгч байжээ. Түүний төрлөхийн эрдүү хурц зан төрх, хэнийг ч шүүмжилж чаддаг, хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг шударга дайчин чанар нь зарим хүмүүст таалагдаагүйгээс хэлмэгдэх нэг шалтаг болсон байж болох төдийгүй жилийн өмнө байгуулсан гавъяаг нь дутуу үнэлж баатар цол олголгүй ялгаварласан ч байж магадгүй юм. Мөн тэрээр Ерөнхий сайд Гэндэн болон Бүх цэргийн жанжин Г.Дэмидийг хөдөө орон нутаг, хил хязгаарын байдлыг бэхжүүлэх зэрэг улсын чухал ажлаар нисэх онгоц хөлөглөн ажлаар явахад удаа дараа нисэх онгоцны жолоочоор томилогдож байсан нь хувьсгалын эсэргүүн Гэндэн, Дэмидийн бүлгийн гишүүн хэмээх хилс хэрэгт гүтгэгдэх бас нэг шалтгаан болсон байна. МАХЦ, түүний дотор Монголын нисэх хүчний боловсон хүчнийг 1937-1939 онд олон арваар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь байлдааны ба улс төрийн бэлтгэл, байлдах чадвар, цэргийн албан хаагчдын ёс суртахуун, сахилгад муугаар нөлөөлөөд зогсохгүй хожмын дайн байлдааны амжилтад ч эсрэгээр нөлөөлсөн нь тодорхой юм. МАХЦ-ийн нисэх хүчний түүх, архивын материалаас судалж үзэхэд Д.Жамбаа онгоцны моторчноос эхлээд байлдааны онгоцны нисгэгч, байлдааны нисэх отрядын даргаар ажиллаж, хурандаа цол хүртэж, харийн дайснаас эх орноо хамгаалах байлдаанд эрэлхэг гавьяа байгуулан байлдааны гавьяаны одонгоор хоёр ч удаа шагнуулж байсан нь, Улсын баатар Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нартай эн зэрэгцэх алдарт нисгэгч байжээ.

Тэрээр “Ю-13”, “Ю-33”, “К-5”, “Ган-3”, “Р-1”, “Р-5”, “И-3”, “У-1”, “У-2” зэрэг тэр үеийн агаарын бүх хөлгийг жолоодон нисч, морь шигээ унаж эдлэн, чадмаг жолоодож, олон залууг сургасан анхны багш-нисгэгч, Жанжин штабын агаарын шуудангийн тусгай отрядын даргаар ажиллаж байсан Монголын нисэх хүчний анхдагчдын нэг жинхэнэ агаарын зоригт шонхор байлаа. Монгол Улсын баатар, гавьяат нисгэгч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хошууч генерал Дугарын Гунгаа гуай түүний тухай дурсан ярихдаа “Дэмбэрэлийн Жамбаа их сайн нисгэгч байсан. Нислэгийн ур чадвараараа Шагдарсүрэнгээсээ илүү байсан, хамгийн сайн нисгэгч нь Д.Жамбаа гэж Зөвлөлтийн нисгэгч сургагч нар хэлдэг байв. Тэрээр анх намайг байлдааны онгоцны бие даасан нислэгт шалгаж, нисэх эрх олгосон буянтан. Өөрийгөө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Зуны гол, Олонбулаг, Тосны голоор нутаглаж байсан гэж ярьж байхыг сонссон. Эхнэр нь З.Соль гэж алдартай эмэгтэй байсан. Өвөрхангай аймгийн хүн. Түүнийг бид эгчээ гэдэг байлаа. Тухайн үед Жамбаа шиг нисгэгч Монголд байхгүй гэж Зөвлөлтийн мэргэжилтэн, зөвлөхүүд их магтдаг байв. Жамбаа надаас зургаа долоо ах. 1934-1936 оны байлдаанд сайн оролцож Улаан тугийн одонгоор хоёр удаа шагнуулсан, гялалзсан, их сүрлэг, цог жавхаатай, цангинасан дуутай нисгэгч явдагсан, Нисэх хүчний 40 жилийн ойгоор баатар цолыг нь нэхэн олгох гэхэд төрөлх сумынх нь дарга хөдөлж өгөлгүй хоцроосон” хэмээн дурссан байдаг. Үнэхээр Ю.Цэдэнбал дарга 1964 онд Д.Жамбаад “Улсын баатар цол” нэхэн олгох санал санаачилга гаргасан ч зарим нэг урагшгүй хүний хар гайгаар бүтэлгүйтэж, улмаар мартагдахад хүрчээ. 1964 онд Нисэх хүчний 40 жилийн ойгоор ЗХУ-аас хүндэт зочдыг урихад Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ), Монгол Улсын баатар, нисэх хүчний маршал В.А.Судец иржээ. В.А.Судец бол 1934-1937 онд Монголд ирж, энэ салбарыг үүсч хөгжих бүхий л эхлэлийг гардан гүйцэтгэсэн төдийгүй баруун хязгаарын Байтаг Богд, Дорнод хилийн Адагдулаан, Булан дэрсний харуул, Буйр нуур орчмын байлдаанд монгол нисгэгчидтэй мөр зэрэгцэн дайтаж явсан баатарлаг түүхтэй хүн билээ. Тэрээр “Танай Жамбаа, Шагдарсүрэн хоёр жинхэнэ баатар хүмүүс байсан. Танайх тэр хоёр хүнээ баатар болгооч, тэд чинь аль хэдийнэ баатар цолныхоо болзлыг хангачихсан хүмүүс шүү” гэж Ю.Цэдэнбал даргад санал тавьсан аж. Үүний дагуу Ю.Цэдэнбал дарга орон нутгийн удирдлагад нь хандаж, тэр хоёрын тодорхойлолтыг нь ирүүлэх үүрэг даалгавар өгсөн юм билээ. Булган аймгийн Могод сумынхан Ч.Шагдарсүрэн баатрын тухай их сайхан тодорхойлолтыг тэр даруй хийж ирүүлснээр түүнд “Монгол Улсын баатар” цолыг нэхэн олгожээ.

Харин тухайн үед Тосонцэнгэл сумыг удирдаж байсан дарга нар “Энэ хүнд хамаатан садан гэх хүн энд алга, хэн ч түүнийг мэдэхгүй юм байна” гэж шалтаглаад огтхон ч хөдлөөгүйн уршгаар Д.Жамбаа хурандаа “Монгол Улсын баатар” цол хүртэж чадалгүй хоцорсныг эдүгээ нэхэн санахад даанч харамсалтай. Магадгүй, түүний ах дүү, төрөл төрөгсөд нь эсэргүүний хань хамсаатан гэгдэж тухайн үед элдэв дарамт шахалтад өртөж, хэцүү бэрхээс болоод овог нэрээ өөрчилж нуугдацгаасан эсвэл нутагтаа амьдарч байсан ч дахин хэлмэгдүүлж хяхаж хавчих вий гэж болгоомжлон нуугдмал оршин амьдрах болсон байж ч болох юм. Судец Маршал мөн “Д.Жамбаагийн эхнэр нь Соль гэж хүн байх ёстой, тэр хүнийг олж надтай уулзуулна уу” гэсэн хүсэлт тавьсны дагуу Соль гуайг уулзуулсан бөгөөд энэ уулзалт нь Д.Жамбаа агсныг баатар цолоор нэхэн шагнуулах, түүний тодорхойлолтыг орон нутгаас гаргуулах, төрөл төрөгсдийг нь олж тогтоох зорилго агуулсан нь тодорхой. Судец маршалд үйлчилсэн хүн нь золоор Соль гуайн төрсөн охин С.Оюуны нөхөр Мятавын Пэлжээ (Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Геологийн яамны сайд агсан) байсан гэдэг. Соль гуай 1970 онд “ГАЗ-69” машин хөлөглөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төмөрбулаг сумаар явж, Д.Жамбаа агсны төрөл төрөгсдийг хайн олж Жамбаа гуайн төрсөн дүү Цэвэгжав гуайг нөхөр Чадраабалынх нь хамт Улаанбаатарт авч ирж гэртээ хэд хонуулсан байдаг. Ингэж ирэхдээ Соль гуайн том охин С.Оюуныд очиж байсан байна. Хотод авчран гэр орноороо оруулж, хонон өнжин ярьж хуучилж байсныг түүний отгон хүү архитекторч С.Одон болон Д.Жамбаа гуайн ойрын садан Дугаржавын Магсаржавын Өлзийбат нар дурсан ярьдаг. Өлзийбатын ярьсанчлан Тосонцэнгэл суманд Шагж гэдэг айл Дугаржав, Чүлтэм (Асгатын хүрээний маарамба), Дэмбэрэл (Мээрэн), Заан, Зохио (Цохио) гэсэн 5 хүүхэдтэй байсан. Охин Зохиогоос Жамбаа, Цэвэгжав гэдэг хоёр хүүхэд гарсан. Хүү Жамбааг нагац ах Дэмбэрэлээрээ овоглож, охин Цэвэгжавыг Дугаржав гэдэг нагац ахаараа овоглосон. Үндэсний архивын газарт байгаа Монгол Улсын хүн амын бүртгэлээс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын тухайн үед Хантайшир уулын аймгийн Наранжаргалант уулын хошууны 1925 оны хүн амын тооллогыг шүүрдэн үзэхэд Дэлгэр сумын нэгдүгээр арван, 1202 дахь өрхийн тэргүүн Дэмбэрэл эр, 50 настай хар, малын ажилтай, ам бүл 6, түүний гуравдугаарт Дэмбэрэл эр, 19 настай, зээ, лам, хурлын ажилтай, тангад номтой гэж бүртгэгдсэн байна. Харамсалтай нь Соль гуай 1991 онд Өвөрхангай аймгийн ойд уригдаж очоод бие нь муудаж удалгүй нас барснаар Улс хувьсгалын 70 жилийн ойгоор Д.Жамбаа гуайн баатар цолыг нэхэн олгуулах ажлыг гардан хөөцөлдөх хүнгүй болж улмаар мартагдахад хүрчээ. Харин БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1971 оны тавдугаар сарын 07- ны өдрийн 99 дүгээр зарлигаар Монгол Ардын Хувьсгалын хагас зуун жилийн ой болон фашист германыг, түүний холбоотон милитарист Японыг бут цохисон их ялалтын ойг тохиолдуулан нисэх хүчний Маршал В.А.Судецид БНМАУ-ын Баатар цол олгож, Сүхбаатарын одон, “Алтан таван хошуу” медалиар шагнажээ.

Д.Жамбаа гуайн гэргий Зундуйн Соль нь 1913 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. Гэрээр бичиг үсэг заалгаж бичиг үсэгтэй болсон. Өвөрхангай аймгийн намын хороонд тал бичээчээр ажиллаж байгаад 1929 онд 16 настайдаа хотод ирж Намын шинэ хүчний сургуульд нэг жил суралцан 1930 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд томилогдоод эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга хийж, бичиг үсэг зааж байжээ. Тэр үед Ю.Цэдэнбал дарга Увсаас бяцхан хүүхэд ирж бичиг үсэг заалгасан гэлцдэг. 1931 онд Улаанбаатарт ирж, Хоршоодын төв холбооны ерөнхий хороо, дараа нь Хэнтий аймгийн Хоршоодын холбооны даргаар ажилласан байна. Удалгүй Хоршоодын төв холбооны ерөнхий хорооны гишүүнээр томилогдон маршал Х.Чойбалсангийн тушаалаар Монгол цэргийн хүнс хариуцсан дарга, Төв хороо, Засгийн газрын тусгай төлөөлөгчөөр ажиллаж байв. Хожим Москвад Коммунист намын дээд сургуульд суралцан “Улаанбаатар” зочид буудлын анхны даргаар томилогдон ажиллажээ. Дараа нь Румын улсад дөрвөн жил худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. З.Соль гуайн хүү С.Одон ярих нь “Ээжийг тэтгэвэрт гарахад нь Ю.Цэдэнбал дарга “Та бол миний анхны багш шүү дээ” гээд Төв хорооны хүндэт жуухаар шагнаж байж. Хожим нь Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороон дээр янз бүрийн ёслол, уулзалтад оролцоход Б.Дорж, Б.Цог зэрэг генерал, Л.Дандар баатар зэрэг алдартнууд ихэд хүндэтгэж уулздаг байсан. Манай ээжийг 1937 онд, нөхрийг нь баригдсаны дараа түүнийг эсэргүүний эхнэр гэж намаас хөөлгөхөөр зарим хүмүүс оролджээ. Ээж бушуухан маршал Х.Чойбалсан дээр гүйн очиж. Маршал цаад хүмүүсийг нь зад загнаж, болиулж байжээ” гэж дурссан юм. Соль гуайнх таван хүүхэдтэй, С.Оюун (орос хэлний багш, Эвлэлийн төв хороонд олон жил ажилласан), С.Март (эх нялхсын эмнэлэгт хүүхдийн эмч), С.Туяа (худалдааны байгууллагад ажилласан), С.Магсар (Ардын багш, гавьяат дасгалжуулагч, зууны манлай дасгалжуулагч), С.Одон (архитекторч) нар юм. Д.Жамбаа агсныг судлаач миний бие энэ хүнтэй садан төрлийн холбоо хэлхээ байхгүй ч тэрээр яахын аргагүй миний аав ээжийн алтан нутгийн хүн билээ. Намайг 9 настай, хоёрдугаар ангийн балчир хүүхэд байсан 1974 оны арваннэгдүгээр сард манай гэрт нутгийн хоёр хүн ирж аав ээж хоёртой хуучлан ярьж байсан нь одоо ч тод санагддаг.

Тэд бол нэг нь их барилгад олон жил ажилласан Литэвийн Сосорбарам гэгч “Дэнжийн-1000” гэгдэх барилгачдын байранд амьдардаг эмэгтэй, нөгөө хүн нь “Зурагт” орчимд амьдардаг гэх 50 орчим насны эр, түүнийг анхны нисгэгч Жамбаа гуайн төрсөн дүү гэж ярьж байх нь бяцхан хүүхэд миний ой тойнд тод үлдсэн юм. Хожим миний бие нисгэгч мэргэжил эзэмшиж олон жил нисэхийн салбарт захиргааны чиглэлээр ажиллахдаа нисэхийн түүх, архивын баримт материальтай танилцах, судлах явцад Д.Жамбаа гэдэг нэгэн онцгой хүний нэр үе үе тааралдаж түүний түүх намтар, үйл хэргийг судалж бодит үнэнийг сэргээн тогтоох хүсэл сонирхолд өөрийн эрхгүй автаж нэлээдгүй эрж сурвалжилж байгаач судлагааны ажлыг хэтэрхий хожуу эхлүүлсэн, түүхэн үйл хэргийг гэрчлэх, биеэр оролцож нүдээр үзсэн бодит хүмүүстэй уулзаж тэдний яриа, дурсамжийг бичиж тэмдэглэж авч амжилгүй хоцорсонд их харамсдаг юм. Ороо бусгаа цаг төрийн шуурганд хэлмэгдэн хохирсон иргэдээ цагаатгах, нөхөн олговор олгох, алдар гавьяаг нь тодруулж сэргээн мөнхжүүлэх үйлс ардчилал шинэчлэлийн энэ цаг дор улс даяар өрнөж байгаа нь нэн сайшаалтай. Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ-аас алдарт нисгэгч, зоригт шонхор, ахмад үеийн анхны нисгэгч, хурандаа Д.Жамбаа агсны намтар түүхийг сэргээн мөнхжүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлын төлөө баатарлагаар тэмцэж гарамгай гавьяа байгуулсныг ард түмэн алтан нутаг нь мартах учиргүй бөгөөд нэгэн цагт хүртэх ёстой Монгол Улсын баатрын алдар цолыг нь нэхэн олгуулах үйл хэргийг ИНЕГ-аас санаачлан эхлүүлснийг холбогдох байгууллагууд, нийт Монголчууд халуунаар талархан дэмжиж байгаа билээ.

Түүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн шагнуулах санаачилгыг ИНЕГ гаргасныг Зам тээврий яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын Гадаад бодлого аюулгүй байдлын Байнгын хороо дэмжсэн тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Мөн энэхүү санаачилгыг дэмжиж Д.Жамбаа агсны төрөлх нутаг Тосонцэнгэл сумын Иргэдийн хурал, мөн Хөвсгөл аймгийн иргэдийн хурлын тогтоол гарч тус аймгийн 10.000 иргэн гарын үсгээ зуран Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн боловч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гэдэг хүн хүлээж авахаас татгалзсан байна. Ийнхүү түүнийг шинэ цагийн дахин хэлмэгдүүлэлтэд өртүүлж байна. ХХ зууны эхний хагаст том гүрнүүдийн гадаад бодлого, ашиг сонирхлын зөрчилдөөний шуурганд дайрагдсан хэт цөөн хүн амтай бага буурай эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх, хил хязгаарын халдашгүй дархан байдлын төлөө амь бие үл хайрлан харийн дайсны өөдөөс халз тулан байлдаж баатар гавъяа байгуулсны эцэст “Японы тагнуул, хувьсгалын эсэргүү” гэх улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж харгис хэрцгий эрүү шүүлт тулган тэсвэрлэшгүй бэрхээр тамлан зовоож амь насыг нь бүрэлгэсэн ч эрэлхэг нисгэгчийн шонхрын зориг мохоогүй билээ. Хожмын өдөр түүнд авах ёстой Монгол Улсын баатар цолыг нь Монголын төр нэхэн олгох нь тодорхой. Баатар эр хэдий үхэвч байгуулсан гавьяа нь мөнх гэдэг билээ.

ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, бэлтгэл хурандаа, докторант Т.БАТЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Tsagaan-uul (120.18.115.199)

    2019-09-29

    Tsagaan songogdoj chadaaguidee sharxaa l biz.Bogino uxaantai amitan.

  • huygaa (43.242.243.186)

    2018-04-01

    hoshoo bosgo

  • huygaa (43.242.243.186)

    2018-04-01

    hoshoogon sumandan bosgo

  • huygaa (43.242.243.186)

    2018-04-01

    sumandan hoshoog n bosogoh heregtee