Хаврын чуулганаар үндсэн хуульд өөрчлөлт оруулна

 Хэсэгтээ унтаа байсан улс төр идэвхжих нь. Учир нь энэ долоо хоногийн пүрэв гарагт хаврын чуулганыг нээх юм. Хаврын ээлжит чуулганаар 23 асуудал хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамж гаргасан. Энэ удаагийн чуулган өмнөх жилүүдийнхээс онцлогтой. Тухайлбал, хэдэн жил “хэрүүлийн алим” болсон Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэх учраас хэн бүхний анхаарлыг татах нь дамжиггүй. Цаашилбал, Улс төрийн намын тухай хуульд ч мөн өөрчлөлт оруулахаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад буй. Мөн л Үндсэн хуультай энэ зэрэгцэхүйц хэмжээнд хэл ам дагуулдаг хууль. Учир нь, улс төрийн нам байгуулах хүний тоо, намд элсэх нас, намуудыг бүртгэх, татан буулгах эрх бүхий байгууллага, хариуцлагын талаар намууд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсээр ирсэн. Түүнчлэн улс төрийн намыг татан буулгах эрх бүхий байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо байх, тухайн намын гишүүн гурван удаа ёс зүйн алдаа гаргавал намыг нь татан буулгах зэрэг заалтыг багтаах талаар нэг хэсэг нь ярьдаг ч нөгөө хэсэг нь хүлээн зөвшөөрдөггүй. Энэ мэтээр цаашид улс төрийн намууд хэрхэн оршин тогтнох, санхүүжилт нь ямар байх гэх мэт асуудлыг нэг тийш болгох учраас нэлээд маргаан дагуулж таарна. Харин Үндсэн хуулийн тухайд намрын чуулганаар хэлэлцэхээр товлоод байсан ч амжаагүй. Аль эртнээс л энэ хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт улстөрчид төдийгүй олон нийт санал нэгдсэн. Гэвч чухам ямар өөрчлөлтийг, хэрхэн хийх вэ гэдэгт санал нэгдэлгүй байсаар өдийг хүрсэн.

Тэр бүү хэл, ингэж хуулийн гол агуулга руу орохоос өмнө эцэг хуулийг аль нам засгийн эрх барьж байгаа үед өөрчлөлт оруулах вэ гэдгээр л олон жил маргасан. Энэ маргаан хаврын чуулганаар ч давтагдах магадлалтай. Учир нь МАН үнэмлэхүй олонх байгаа үед Үндсэн хуулийг өөрчлөх нь зохимжгүй гэх байр суурийг аль хэдийнэ сөрөг хүчний зүгээс гаргаад эхэлчихсэн. Энэ мэтээр эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Тэр бүү хэл, төрийн тэргүүн ч МАН-ынхнаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулахгүй гэх утга бүхий үгийг хэвлэлээр дайгаад эхэлчихсэн. Орон нутагт хийж буй айлчлалынхаа үеэр хэлж ярьсан гол сэдэв нь Үндсэн хууль, түүний өөрчлөлт. Цаашлаад энэ хуульд Ардын намынхан олонхоороо түрж өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу гэх мессежийг ил далд өгсөөр өдий хүрсэн. Гэхдээ эцсийн дүндээ өнөөдрийн засаглалын тогтолцоог засахын тулд юун түрүүнд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага зүй ёсоор гарч ирээд байна. Харин уг хуулийг өөрчлөхийн тулд парламентад суудалтай, суудалгүй бүх нам хамтраад нэгдсэн шийдэлд хүрвэл болохгүй зүйлгүй. Ямартай ч энэ мэтээр томоохон хуулиудад өөрчлөлт оруулахаар товлосон хаврын чуулган нэлээд “дуу чимээтэй” болох бололтой. Улирал нь ингээд таарчихлаа гэдэг шиг хаврын улс төрийн гол сэдэв нь Үндсэн хууль болон, Улс төрийн намын хуульд өөрчлөлт оруулах асуудал байж таарах нь. Түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх бас нэг чухал хууль нь Татварын багц хууль. Уг хуульд өөрчлөлт оруулахаар товлоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-гаас гурав дахь шатны санхүүжилтийг манай улсад баталж өгсөн. Энэ нь эдийн засагт сэргэлт гарч байна гэж дүгнэсний илрэл. ОУВС- гийнхан эдийн засагтай холбоотой багагүй зөвлөгөөг энэ үеэр өгсөн юм. Тэдний зөвлөмж дунд Татварын багц хуулийг дурдсан бөгөөд багц хуулийг шинэчилснээр эдийн засагт том дэмжлэг болно гэж үзэж буйгаа хэлсэн. Тиймээс ОУВС-гийн зүгээс манай улсыг Татварын хуулиудаа хэрхэн шинэчлэхийг харж суугаа гэсэн үг. Ямартай ч энэ мэтээр хүлээлт үүсгэсэн цөөнгүй хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж батална. Харин түүний өмнөх улс төрийн акц хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)