Төрийн өмчийн компаниуд 859 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
- 2018-04-06
- Нийгэм
- 6

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр эхэллээ. Төрийн өмчийн хуулийн этгээдүүд 2016 онд 379 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол өнгөрсөн жил 859 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 12.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлсэн байна. Мөн зээлийн үлдэгдлийг 27.4 хувиар бууруулжээ. Зөвлөгөөнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтэс, албадын дарга, ахлах мэргэжилтнүүд оролцож Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, хуулийн этгээдийн санхүү, удирдлагын менежментийг оновчтой зохион байгуулахад анхаарах асуудал болон худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, шийдвэрлах арга замын талаар ярилцлаа. ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ энэ салбарт төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж кодекс бий болгох, удирдлагын багийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, гадаад зах зээлд гарах, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин бүрдүүлэх гэх мэт тулгамдсан олон асуудал байгааг хэлсэн юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 27 удаа нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хэрэглэхэд ойлгомжгүй байдал үүсч, хуулийн зохицуулалтын үр нөлөө буурсан учир зайлшгүй шинэчлэн найруулах шаардлага бий болоод буйг ТӨБЗГ-ын Захиргаа, хууль зүйн хэлтсийн дарга Э.Эрдэнэхишиг онцолж байлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн батлуулснаар хуулийн зохицуулалтын давхардал, зөрчлийг арилгах, өмчийн тухай ойлголтыг эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан шинээр тодорхойлох, өмчийн удирдлагыг боловсронгуй болгох, өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (6)
(202.179.26.143)
зөв
(202.179.26.173)
Төрийн өмч давамгайлсан байх тусам улс орны өрийн хэмжээ жил жилээр ихсэж , эргэн төлөлт хийх боломжгүйгээр зарцуулалтыг замбараагүй хийж татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр зээлийн төлбөрүүдийг давхарлаж тавьсаар. Төрийн хүнд суртал, хахууль, авилгал нь томорч хүрээгээ тэлсээр татвар төлөгчдийн бизнесийн хөгжлийг хаан боогдуулж хөгжих, тэлэх боломжийг хаасанаар улс орны хөгжлийн ирээдүй улам бүүдгэр болсоор байгааг харах алсын хараатай удирдагч байна уу?
мангас (144.138.241.204)
Худал даа. Гэхдээ өрийн том том хүүдийнүүд..... Ганц МИАТ гэхэд олон зуун сая долларын өртэй гээд саяхан бичигдээд байсан. төрийн нэртэй эзэнгүй өмчийг хусах гэж ах дүү амраг саднаараа шүлсээ савируулан дайран орж хэрээ адил даруй хоослсоор 30 жил болох гэж байна. Улс нь 30 тэрбум $тэрбумын өртэй байхад ; татвар төлөгчдийг хоослож ирсэн төрийн нэртэй энэ идэж хандаггүй мангасуудыг даруй устгаач...чаддаг хүнд нь өгөөч...үүнийг хийж чадвал Сүх чиний ЕС байсны ганц гавьяа
pkxny (183.177.100.210)
АН ынхан гөлөн гөлөнгөөрөө удирдуулаад төрийн өмчийг 2013-2016 онд мөн их идсэн дээ. сайн шалга
ИРГЭН (202.179.24.200)
БАТХҮҮГЭЭС ДОР ТӨРТӨЙ МОНГОЛД 5 ТОЛГОЙН ТӨМӨР ЗАМ БАРИХ ХӨРӨНГӨ ЗЭЭЛДҮҮЛЭХ БАНК ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭНЭ ДЭЭ.
(59.153.115.226)
Анх удаагаа. Үүнд цементийн үйлдвэр голлох тоглогч болсон байх. Гэхдээ үүнийг бид хэрхэн хийв? Гаднаас импортын цементийг тас хорьж өөрсдийн үйлдвэрлэгчдэд давуу эрх олголоо. Энэ нь зах зээлийн өрсөлдөөний зарчмыг илтэд алдагдуулсан хэрэг бөгөөд зах зээл дээрх үнийн тэнцвэрийг дээд зэргээр нь эрсдэлд оруулсан. 3 өдрийн дотор цементийн нийлүүлэт тасалдсанаас болж тонн тутамдаа 85000 төгрөгөөг нэмэгдэж байлаа. Энэ бол яг үндсэндээ хэрэглэгчдээ торгож тэдний халааснаас мөнгийг нь шууд дээрэмдсэнтэй тун адил үзэгдэл юм. Хувийн хэвшлээ боомилсон дарамталсан ийм хэлбэрээр төрийн харъяалалтай компани ашиг хийх нь тийм ч эрүүл үзэгдэл биш юм. Бүхнийг дээрэмдэж, бүхнийг өмчилсөн төрийн бизнес маань эдийн засгийн хямрал, олон талын нөлөөтэй эдийн засгийн онцгой үзэгдлийн үед хөл дээрээ тогтож үлдэх боломж, магадлал төдий хэмжээгээр буурч дархлаагүй болж байгаа юм. Эдийн засаг, зах зээлд хэдий чинээ олон талт оролцоо нэмэгдэх тутам зах зээл баталгаажиж үнэ тогтворжиж түүнийгээ дагаад дархлаа бий болж байдаг. Төрөөс явуулж буй эдгээр бүхнийг өмчлөх гэсэн бодлого цаг зуурын буюу богино хугацааны төлөвлөлттэй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Хэрвээ энэ байдал урт удаан хугацаагаар үргэлжилбэл бид Аргентиний араас ороход ядах юм үгүй.