Ж.Энхбаяр: 2030 онд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий
- 2018-04-10
- Улс төр
- 0
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулав. Тэрээр "Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа Нийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байна. Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбараас ус бохирдуулсны төлбөр авч, торгууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харин уламжлалт мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт байгалийн нөөц ашигласны төлбөр тогтоох асуудалд болгоомжтой хандахыг анхааруулмаар байна” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Ус болон байгалийн нөөц ашигласны төлбөр авч байгааг дэмжиж байна. Гэхдээ Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн энэхүү орлогоо эргээд зориулалтын дагуу ашиглахад салбарын яам цаашдаа анхаарч, ажиллах шаардлагатай” гэв. Улмаар санал хураалт явуулахад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Сэтгэгдэл (0)