Барилгын хогийг дахин боловсруулж түүхий эд болгоно
- 2018-04-17
- Нийгэм
- 0

Хэдхэн жилийн өмнө орон сууцны таван давхар байшин барихдаа ухсан нүхийг тойрч, овоолсон шороон дээгүүр дардан зам гартал өөд уруугаа таваргадаг байж билээ. Гэтэл өнөөдөр 20-30 давхар гоёмсог, шилэн барилга барихад ч хундаамнаас нь таван метр хүрэхгүй зайд хамгаалалтын хашаа, торон зурвас татаж, 50 алхмаас томгүй талбайд угсралтын ажлаа хийчихдэг болсон байна. Олон улсын барилгын техник технологи хөгжиж, бүх юм багахан талбарт хурдтай өрнөдөг болчихсон юм байх гэсэн чинь бас үгүй бололтой. Өнгөрсөн сарын сүүлчээр барилгын хог хаягдлыг зайлуулах, дахин боловсруулах асуудлаар тус салбарынхан олон улсын байгууллагатай хамтарсан төслийн нээлт хийлээ. “Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэж томордог байсан цаг аль эрт ард хоцорч, мал сүргээ хэрхэн онд оруулах нь байтугай мах идэж баярлуулсан ходоодноос гарсан ялгадсаа яаж зайлуулахаа гаднын улсаар зааварчлуулдаг болсон энэ цагт барилгын хог хаягдал ч энүүхэнд юм байгаа биз дээ. Ямартай ч “Каритас Чех паблик” гэдэг байгууллага 2006 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор нийгэм, хөдөө аж ахуй, боловсролын салбарт цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай юм байна. Тус компани 2011-2015 оны хооронд үнсэн орцтой буюу IV цахилгаан станцын үнсний хаягдлыг бетон блок болгож ашиглах орц найрлагыг туршиж, стандартыг батлуулжээ. Түүндээ түшиглэн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн санхүүжүүлэгч нь Европын холбооны “Сью Чей Эш А” байгууллага болон Чехийн хөгжлийн агентлаг бөгөөд нийт 1.3 сая еврогийн төсөвтэй юм. Уг төслийг Нидерландын их сургууль болон ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль,Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд манай шинжлэх ухааны байгууллагууд ч анхаарлаа хандуулж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуай Хятадын томоохон компанитай барилгын төдийгүй нийтийн хэрэглээний хог хаягдлыг сэргээн боловсруулж ашиглах үйлдвэр барих тухай яриа хэлэлцээ хийснийг мэдээлж байна билээ.
“Хэдийгээр барилгын хог хаягдлын талаар тодорхой тооцоо судалгаа манайд байдаггүй ч ерөнхийдөө хатуу хог хаягдлын 40 орчим хувийг барилгынх эзэлдэг гэх тойм тоо байдаг” гэж “Каритас Чех паблик” компанийн төслийн менежер Л.Дэлгэрмаа ярьж байсан. Шинээр барьж байгаа болон хуучин барилгыг нурааж буулгахад гарч байгаа тоосго, цемент, төмөр, модон болон шилэн хийцийн хаягдлыг барилгын хог хаягдал гэж үздэг. Нийслэлд жилд дунджаар нэг сая тонн гаруй хог хаягдал гаргадагтай харьцуулбал барилгынх бас ч тодорхой хэмжээг эзэлдэг, багагүй нөөц гэж үзэж болох юм. Наад зах нь, хэдэн жилийн өмнө I хорооллын 32 дугаар байрны арын дэнжийн гуу жалгыг сүйхээтэй нэг нөхөр барилгын хог хаягдлаар дүүргэж тэгшлээд хашаа хатгаж, байшин барихыг нүдээрээ үзсэн юмдаг. Гэтэл хаягдсан тэр тоосго, бетоны үлдэгдлийг дахин боловсруулж дүүргэгч материал болгон ашиглах боломж байна. Ийм л ажлыг дээрх компани үйлдвэрлэлийн аргаар хийж гүйцэтгэхээр төсөл хэрэгжүүлж байгаа аж. Энэ нь нэг талаас хаягдлыг бүтээгдэхүүн болгож ашиглах, нөгөө талаар байгаль орчинд сөрөг нөлөөтэй үзэгдлийг багасгах зорилготой юм байна. Барилгын хог хаягдлыг ландфил буюу дарж булшлах аргаар “нүднээс далд оруулдаг” гурван томоохон цэг нийслэлийн орчимд байдаг ч хулгайн замаар гуу жалга, хонхор хотгор газарт асгачихсан овоолоостой тоосго, бетон цементийн үлдэгдэлтэй бид олонтаа таардаг. Уг нь Хатуу хог хаягдлын тухай хуулийг өнгөрсөн онд батлан гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн ч үүнд хяналт тавьдаг, арга хэмжээ авдаг байгууллага нь хүрч ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. Тэгэхээр хувийн хэвшлийн компанийн сүүлийн үеийн технологи, шийдлийг ашиглах үйлдвэрээ хурдан бариасай гэж залбирахаас өөр аргагүй болжээ. Гэтэл яг энэ асуудалтай холбогдсон нэгэн таатай мэдээлэл дуулдсан нь нийслэлийн хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барихын тулд Засгийн газар Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас таван сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон явдал юм. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил байх бол эхний гурван жилд зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх таатай нөхцөлтэй байна. Нийслэлийн хэмжээнд жилийн дотор 120 мянга орчим тонн барилгын хог хаягдал гардаг бөгөөд үүнийг Туул болон Дунд голын ай савд хаа тааралдсан газраа хаячихдаг.
Түүнийг нутаг дэвсгэрийн харьяалсан байгууллагаас төсөв хөрөнгө гаргаж зайлуулдаг байдал эцэс болох төдийгүй барилгын хог хаягдлыг дахин боловсруулж, дүүргэлтийн болон бусад материал үйлдвэрлэх боломж бүрдэх талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тайлбарлаж байсан. Ийм замаар зээлийн эргэн төлөлтийг хийх бөгөөд дээрх үйлдвэр нь жилдээ 100 мянган тонн барилгын хог хаягдлыг сэргээн боловсруулж, авто замын хучилт, цементэн хавтан, бордюр /замын хашлага/ зэрэг материалыг үйлдвэрлэх юм. Үүнээс гадна хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, өнгөрсөн онд шинэчлэн баталсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг чангатгахыг холбогдох албаныхан сануулсаар байна. Энэ хуулийн биелэлт хангалтгүй байдаг нь салбарын яамнаас хуулийн дагалдах дүрэм журмыг батлан гаргаагүйтэй холбоотойг мэргэжилтнүүд хэлдэг. Нөгөө талаар цаасан дээрх төсөл хөтөлбөрийг ажил болгохгүй удаж байгаа нь ч нөлөөлдөг бололтой юм. Тухайлбал, барилгын хог боловсруулах “Эко парк” төслийн хүрээнд Цагаандаваанд үйлдвэр барихаар болсон ч санхүүжилтгүйгээс хөдөлгөж чадаагүй гэдэг. Харин энэ удаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны 2.1 сая ам.долларын техникийн туслалцаа, таван саяын буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдах төслийг УИХ-ын холбогдох байнгын хороо дэмжсэн шийдвэр гаргажээ. Тэгэхээр барилгын хог хаягдал тун удахгүй түүхий эд болох нь ээ.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)