Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хувилбарыг засгийн газарт танилцуулна
- 2018-04-27
- Нийгэм
- 0

Монголбанкнаас эдийн засаг, санхүүгийн салбарт болсон онцлох үйл явдлуудын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаа Төвбанкнаас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн талаар товч мэдээлэл өгсөн. Тухайлбал, Төвбанк зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох лавлагаанд зарим иргэний мэдээллийг тусгахгүй байх нөхцөлийг тодорхойлсныг онцолсон. Өөрөөр хэлбэл, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй болон үүрэн эсвэл суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй болгож хэвийн ангилалд шилжүүлсэн бөгөөд нийт 41085 иргэн дээрх боломжид хамрагдсаныг онцоллоо.
Түүнчлэн Монголбанк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан гурван их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд болгон бууруулсан байна. Улмаар гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш чангарснаар макро эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж, Монголбанкны бодлогын шинж чанартай үйл ажиллагааны орлого зарлагын урсгалыг сайжруулсныг тодотгов. Мөн дотоодын банкуудад олгосон зээл, Засгийн газрын үнэт цаас, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүүгийн орлого 2016 оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөнийг онцолсон. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монгол Улсын эдийн засаг төсөөлснөөс богино хугацаанд сэргэснийг сангийн зүгээс онцолсныг уламжиллаа.
Ингэснээр ОУВС- гаас манай улсад олгосон нийт санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрчээ. Дээрх мэдээллийн дараа Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.
-2016 онд эдийн засаг хямарснаар Засгийн газрын өр хуулийн босго хэтэрсэн байсан. Энэ тоонд өөрчлөлт орсон эсэх талаар мэдээлэл өгнө үү?
-2016 оны төсөв өргөн барихад Засгийн газрын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 90 гаруй хувьтай тэнцэж байсан бол 2017 оны төгсгөлд 78 хувь руу орж, үлэмж хэмжээгээр буурсан. Энэ нь нэг талаас төсвийн алдагдал буурч байгаатай холбоотой. Түүнчлэн эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор татварын орлого бүрдүүлэлт сайн байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Нөгөө талдаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн зарлага хяналттай болсон. Энэ бүхнийг давхар тооцоолсноор энэ онд Засгийн газрын өр 70 ба түүнээс доош хувьд хүрч буух бол ирэх онд 66-67 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Анх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барьж байхад өрийн хэмжээ 40-45 хувь байсан бол сүүлдээ эдийн засгийн хямралтай холбоотойгоор төсөв хэт тэлснээр хуульдаа өөрчлөлт оруулаад өрийнхөө хэмжээг өсгөөд л яваад байсан шүү дээ. Одоо эргээд энэ хувьдаа дөхөх боломжтой болж байна гэсэн үг. Цаашдаа төсөвт ирэх дарамт, санхүүгийн хүндрэл багасна гэсэн төсөөлөлтэй байж болно.
-2020-2021 онд манай улс их хэмжээний өрийн эргэн төлөлтийг хийх ёстой. Энэ өрийг хэрхэн төлөх урьдчилсан төлөвлөгөөг Төвбанкнаас боловсруулж байгаа юу?
-2020-2021 онд төлөх их хэмжээний өр төлбөр манай улсад бий. Энэ өрийг төлөхийн тулд юуны өмнө Засгийн газар санхүүгийн чадамжтай болсон байх ёстой. Нөгөө талаас өр төлөх нөөцийг хуримтлуулсан байх нь чухал. Энэ өрийг бид төгрөгөөр биш ам.доллараар төлөх учраас Засгийн газар санхүүгийн чадавх бий болгохдоо ам.долларын хэмжээнд хүрэх ёстой гэсэн үг. Одоогийн байдлаар Монгол Улс гурван тэрбум ам.долларын нөөцтэй байна. Гэхдээ энэ нь манай улсын өрийг төлөх хэмжээнийх биш гэж бид үзэж байгаа учраас өөрийн эргэн төлөлтөд бэлдэхийн тулд нэмэгдүүлэх шаардлагатай. ҮАБЗ-ийн тунхаг бичигт Монгол Улсын гадаад валютын хүрэлцээтэй төвшин жилийн импортоо хангахуйц хэмжээнд байх ёстой гэж заасан байдаг. Одоогийн байдлаар жилийн импортын хэмжээ 4.3 орчим тэрбум ам.долларын хэмжээнд байна. Цаашдаа эдийн засаг сэргэхийн хэрээр энэ тоо өсч таарна.
-Цаашдаа эдийн засгийн тэлэлтийн бодлогыг Төвбанкнаас авч хэрэгжүүлэх үү. Энэ талаар ямар тооцоолол байна вэ?
-2016 оны наймдугаар сард бидэнд нүүр тулсан байсан хүндрэлийг даван туулсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ мэтээр Төвбанкны бодлогын арга хэмжээ шат дараатайгаар үргэлжилж, эдийн засгийн бодит сектороо дэмжих хэлбэрээр явж байна. 2016 онд эдийн засгийг өсгөх тухай ойлголт огт байгаагүйгээр барахгүй юу юугүй унтарчих гээд байсан шүү дээ. Төсөл талдаа хүндрэлтэй, гадаад төлбөр тооцоо хоолойд тулсан байсан. Үүнд бодлогын арга хэмжээнүүдийг авснаар эдийн засагт учирч буй хүндрэлүүдийг даван туулсан. Хувийн секторт арилжааны банкууд зээл олгоход зээлийн эрсдэлийн шалгуурыг давах аж ахуйн нэгж ховордсон байсан. Банкуудад ч зээл олгох санхүүгийн чадавх муу болсон байсан. Харин эдгээр хүндрэл захаасаа илааршиж байна.
-Эдийн засгийн бодит өсөлтөд ОУВС-гийн хөтөлбөр тодорхой хэмжээгээр үр дүнгээ үзүүлсэн болов уу. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай улсад хэчнээн төгрөгийн санхүүжилт орж ирээд байна вэ?
-Эдийн засгийн гадаад төлбөр тооцооны хүндрэл гайгүй болсон. Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдсэн. Үүнд манай гол экспортын бүтээгдэхүүний үнэ нөлөөлж байгаагаас гадна эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор бодлого боловсруулагчдын алхам хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна. Үүнтэй холбоотойгоор зөвхөн Оюутолгой гэлтгүй бусад салбарт гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал, Оюутолгойгоос гадна 400 гаруй сая ам.доллар манай улсын эдийн засагт орж ирсэн байна. Дээрээс нь худалдааны санхүүжилт, богино хугацааны зээл тасрахгүй байна. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 800 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирсэн. Энэ мэтээр гадаад эдийн засгийн төлөв байдал богино хугацаандаа сайжирч байна. Цаашдаа эдийн засгийг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. 2017 оноос эдийн засгийг тэтгэх бодлогыг авч хэрэгжүүлж эхэлснээр өнөөдөр үр дүнгээ үзүүлж эхлээд байна. Цаашдаа бид эдийн засгийг тэтгэх гэхээсээ өнөөдрийн өсөлтөө дунд болон урт хугацаандаа хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг чухал. Тэгэхээр эдийн засгийг урамшуулж буй бодлого нь тогтвортой байдлын талаарх зорилгынхоо дор явах ёстой. Богино хугацаанд тэлээд эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөлөл үзүүлдэг байж болохгүй.
-Зээлийн хүүг бууруулах тухай тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байна. Энэ тухайд Монголбанк ямар оролцоотой ажиллаж байна вэ, тодорхой тооцоо судалгааг мэдээж хийсэн байх?
-Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулна гэж тусгасан. Төвбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулаад эхний хувилбарыг танилцуулчихсан. Дараагийн шатанд энэ баримт бичгийг санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр хэлэлцэнэ. Үүнд Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, СЗХ- ны саналыг тусгана. Үүний дараагаар тухайн бодлогын баримт бичгийг УИХ-д хүргүүлэх юм. Уг бодлогын баримт бичигт хэрэгжүүлж болох олон зүйл бий. Гэхдээ энэ нь зөвхөн Төвбанк бус холбогдох газруудын төвшинд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.
-Ипотекийн зээлийг цаашид хэрхэх нь тодорхойгүй хэвээр байна. Хэзээнээс хэвийн үргэлжлэх талаар та мэдээлэл өгнө үү?
-Энэ жилийн хувьд Монголбанкнаас ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж 220 орчим тэрбум төгрөг тусгасан. Харин төсвөөс 120 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгэхээр нийтдээ 330 тэрбум төгрөгийг зарцуулаад явж байна. Оны эхний гурван сарын байдлаар уг хаваарилалтын дагуу санхүүжилт хийгээд явж байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкаас олгож буй санхүүжилтийн хэмжээ өмнөхийнхөө эргэн төлөлттэй уялдаж явдаг зарчмаараа үргэлжилж байна. Дээрээс нь Засгийн газар, Монголбанк, БХБЯ хамтраад цаашид ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрхэн тогтвортой байдлаар үргэлжүүлэх вэ, улсад дарамт болгохгүйгээр хэрхэн авч явах вэ гэдэгт ажлын хэсэг гаргаад ажиллуулж байна. Сүүлд авсан мэдээллээр ажлын хэсгийнхэн хэд хэдэн тооцоолол хийсэн бөгөөд эхний хувилбараа Засгийн газарт танилцуулахад бэлэн болсон. Цаашдаа энэ хөтөлбөрийг Монголбанк гэхээсээ Засгийн газрын манлайлал дор төсвийн нэгдмэл байдлыг хангах арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлээд явах болов уу гэж харж байна.
М.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгэгдэл (0)