З.Баасанням: Хулгайлагдсан хөрөнгийг буцааж авчрахад эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалздаг улс ч бий

 Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга буюу Дэлхийн банкны STAR байгууллагын төлөөлөгчид өчигдрөөс АТГ-т ажиллаж эхэллээ. Гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгийг буцаан авчрахад ямар бэрхшээл учирч байгаа болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.БААСАННЯМТАЙ ярилцлаа.

-Манай улсын иргэд гэмт хэргийн буюу хууль бус замаар олж авсан хөрөнгөө гадаадад гаргаж нуух, улмаар үл хөдлөх хөрөнгө болгох тохиолдол цөөнгүй гарах болсныг албаныхан хэлдэг. Зарим нь бүр оффшор бүсэд байршуулсан нь ч бий. Ингэж хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрахад ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Энэ тухайд бидэнд багагүй бэрхшээл бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа талаар гаднын төлөөлөл, мэргэжилтнүүдийг урьж ярилцаж, туршлага судалж байна. Энэ нь НҮБ-ын Мөнгө угаах, мансууруулах бодистой тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтран байгуулсан STAR санаачилга нэртэй олон улсын байгууллага юм. Энэ байгууллагын мэргэжилтэн, зөвлөхүүд болон АТГ, ТЕГ, УЕПГ, Монголбанкны санхүү мэдээллийн албаны ажилтнуудын төлөөлөлтэйгөөр томоохон хэлэлцүүлэг өрнүүллээ. Бид хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн буцаан авчрах талаар нэгдсэн ойлголцолд хүрч, зааварчилгаа авч байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн замаар олсон орлогоо гадаадад гаргасан төдийгүй, нуусан, тэр дундаа хөдлөх үл хөдлөх, хөрөнгө болгосон бол буцааж авчрах боломж хэр байгаа юм бэ, энэ ажиллагаанд тулгарч буй бэрхшээлээ хэрхэн хөнгөвчлөх вэ гэдгийг л ярилцаж байгаа юм.

-АТГ-ын хувьд энэ зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байна вэ?

–STAR санаачлага олон улсын байгууллагатай бид 2013 оноос хамтран ажиллаж байна. Энэ байгууллагын гол зорилго нь ажилтан албан хаагчдаа мэргэшүүлж, чадавхжуулах, олон улсын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг хэрхэн, ямар аргаар авах боломжтой талаарх арга зам, аргачлалыг нь зааж зөвлөгөө өгөх чиглэлтэй. Хууль сахиулах байгууллагын хувьд хулгайлагдсан юмуу гадаад улсад байгаа хөрөнгийг царцаах, буцаан авах тухайд эрх зүйн харилцан туслалцааны хүсэлтийг хэрхэн стандарын дагуу цаад улсын хэмжээ шаардлагад нийцүүлж байж хүссэн мэдээллээ авах вэ гэдэг талаар нэгдсэн ойлголцолд хүрэх, цаашлаад хууль сахиулах байгууллагын хэмжээнд барьж ажиллах бодлогын бичиг баримттай болох нь бидний үндсэн зорилго юм.

Бидний хүсэлтийг хангах, эс хангах нь тухайн улсын үзэмж, санал санаачилгаас шалтгаалаад байгаа юм. Тэр улсын хувьд улс төр, эдийн засгийн гэх мэт бүхий л хүсэл сонирхол байгаа учраас бидний хүсэлтэд дэмжлэг үзүүлэхгүй байж ч болно. Зарим улсын хувьд эрх зүйн туслалцаа үзүүлэхээс шууд татгалзсан ч тохиолдол бий. Зарим нь хариу ирүүлэхгүй удах гэх мэт шалтгаан бий

-Талуудын байр сууриас харахад ийм боломж хэр байна вэ?

-Аль болох богино хугацаанд харилцан туслалцааны хүрээнд эдгээр хөрөнгийг авчрах боломжийг бид судалж, зөвлөлдөж байна. Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрах гэдэг нь тухайн хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус буюу гэмт хэргийн замаар олдсон байна гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол зайлшгүй шаардлагатай байдаг. Тухайн улсын зүгээс ийм бичгийг биднээс зайлшгүй шаарддаг. Үүний үндсэн дээр тухайн улс Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх эсэхээ шийдвэрлэдэг учраас маш чухал бичиг баримт болдог гэсэн үг л дээ. Монгол Улсын хэмжээнд хууль бусаар олсон хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгө хурааж, улсын орлого болгох арга хэмжээг хуулийн хүрээнд хийж чадаад байгаа. Харин гадагшаа гарсан хөрөнгийг хэрхэн яаж буцааж авчрах тухайд тодорхой хүндрэл бэрхшээл байгаа учраас бид энэ мэт уулзалт, зөвлөгөөнийг шат дараатайгаар зохион байгуулсаар ирсэн. Хулгайлагдсан хөрөнгийг буцааж авчрах боломжтой эсэх нь дан ганц манай улсын асуудал биш учраас шууд хариулт өгөх боломжгүй л дээ. Өөрөөр хэлбэл, олон талын оролцоо, хамтын ажиллагаа, хүсэл зоригийн асуудал байдаг учраас яг таг хариулахад хүндрэлтэй.

-Тухайлбал, хууль эрх зүйн хувьд гарч буй хүндрэл нь юу байх вэ?

-Гаднын аль нэг улсад байгаа манай улсын иргэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гарч, хөрөнгө хураах асуудал гарлаа гэхэд бид заавал тухайн улстай эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй байх ёстой. Ийм гэрээгүй бол тухайн гэрээг орлуулах олон улсын хэлэлцээр юмуу нэгдэн орсон конвенциудынхаа хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломж, бололцоо байна уу. Цаашлаад олж авсан баримт мэдээллийг нотлох баримтынхаа хэмжээнд шүүснийг цаад улс маань хэрхэн үнэлэх вэ гэдэг нь бидний хувьд тулгамдсан бэрхшээлүүдийн нэг болоод байна.

-Одоогоор таны хэлсэнчлэн шийдвэр тогтоол нь гарчихсан атлаа холбогдох улсаас нь эрх зүйн туслалцаа хүссэн ч татгалзсан хариу ирүүлсэн газар хэчнээн байна вэ?

-Энэ асуудал мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой учраас “Ийм хэрэгт тийм ажиллагаа явуулаад энэ улс руу эрх зүйн туслалцаа хүссэн” гэх мэтээр нарийвчлан хэлэх боломжгүй. Энэ нь эрх зүйн харилцан туслалцааны ч бай, гэрээний хүрээнд ч бай, ижил төстэй байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд авахыг хүссэн мэдээ мэдээллээ ямар хэмжээнд хэрхэн өгөх вэ гэдэг нь тухайн улсын өөрсдийнх нь хүсэл зоригоос ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл, биднээс үл хамаарсан асуудал энэ мэтчилэн цөөн гүй байна.

-Хулгайлагдсан хөрөнгийг тэр дундаа улстөрчдийн оффшор бүсэд нуусан хөрөнгийг оруулж ирэх тухайд АТГ ажил хийхгүй байна, идэвх санаачилга гаргахгүй байна гэх шүүмжлэл гарсан шүү дээ. Энэ тухайд та ямар хариулт өгөх вэ?

-Хэн нэгний үзэл бодол, байр суурьт бид аливаа үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй. Ийм яриа гарах үед бид холбогдох нөхцөл байдлын талаарх мэдээллээ өгсөн. Өнөөдөр дахиад хэлэхэд, гэмт хэргийн замаар олж аваад хил давсан хөрөнгийг буцааж оруулж ирэхийн тулд бид олон улсын STAR байгууллагатай хамтарч ажиллаад таван жил гаруй хугацааг өнгөрүүлж байна. Энэ хугацаанд бид олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсний нэг нь өнөөдрийн уулзалт юм. Өмнө нь бид “Эрх зүйн харилцан туслалцаа ба хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг дотоодын хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд хийсэн. Хэлэлцүүлгийн явцад аль ч шатны хууль хүчний байгууллагад тулгарч буй бэрхшээл давхцаж байгаа нь харагдсан. Тиймээс зовлон адил байгаа учраас л бид дотооддоо төдийгүй гаднын байгууллагатай хамтран ажилладаг юм.

-STAR-тай багагүй хугацаанд хамтарч ажилласан юм байна. Анх энэ байгууллагад хандаж байхад нөхцөл байдал ямар байсан, таван жилийн дараа хулгайлагдсан хөрөнгийг буцааж авчрах тухайд ямар ахиц гарав?

-Зөвхөн STAR гэлтгүй бид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллага, санаачилгатай хамтарч ажилладаг. Энэ хүрээнд цөөнгүй сургалт, зөвлөх үйлчилгээг авч ажилласан. Жишээлбэл, бид хамгийн сүүлд STAR-тай хамтран ХОМ-ийн цахим сангийн бүрдүүлэлтийн системийг сайжруулж, шинэчлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссан. Ингэснээр нийтийн албан тушаалтны ХОМ-ийг цахимаар бүрэн бүрдүүлэн авдаг боллоо. Үүний үр дүнд иргэд, олон нийт ХОМ-ийг хураангуйлсан хэлбэрээр хүлээн авах боломж нээгдсэн.

-Олон улсаас эрх зүйн туслалцаа хүсэх тохиолдол ямар төрлийн хэрэгт түлхүү гарч байна вэ. Манай улсын хувьд оффшор бүсэд хөрөнгөө нуусан улстөрчдийн нэг бус үйлдэл бий л дээ?

-Хулгайлагдсан хөрөнгө гэдэгт Эрүүгийн хуульд заасан бүхий л гэмт хэргийг багтааж, улмаар түүнээсээ хууль бусаар орлого олсон бол бүгдийг нь тооцдог. Түүнээс зөвхөн авлига, албан тушаал гэж онцлох боломжгүй л дээ. Аливаа гэмт хэргийн замаар олсон орлогоо хууль бусаар гадагш нь гаргаж байршуулсан л бол бид буцааж авчрах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хуулийн хүрээнд хийнэ.

-Манай улсын зүгээс аливаа хэргийг шалгаж тогтоогоод шүүхийн шийдвэр гарчихсан, хууль бусаар олсон орлогыг нь буцааж эх орондоо авчрах шаардлага үүссэнээр холбогдох улсад нь хандсан ч бидэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэдэг шалтгаанаар аливаа хэргийн шийдвэрт саад учирсан тохиолдол хэр байдаг юм бэ?

-Бидэнд ийм бэрхшээл бодитоор тулгараад байгаа учраас л шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлээд байгаа юм. Бидний хүсэлтийг хангах, эс хангах нь тухайн улсын үзэмж, санал санаачилгаас шалтгаалаад байгаа юм. Тэр улсын хувьд улс төр, эдийн засгийн гэх мэт бүхий л хүсэл сонирхол байгаа учраас бидний хүсэлтэд дэмжлэг үзүүлэхгүй байж ч болно. Зарим улсын хувьд эрх зүйн туслалцаа үзүүлэхээс шууд татгалзсан ч тохиолдол бий. Зарим нь хариу ирүүлэхгүй удах гэх мэт шалтгаан бий. Бид хүссэн мэдээллээ хүчээр авах боломжгүй шүү дээ. Гэхдээ бид үүнд тодорхой хэргийн талаар дурдах боломжгүй, хэргийн нууцтай холбоотой асуудал учраас.

-Тэгэхээр манай улсад эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан улс орон байгаа гэж ойлгож болох уу?

-Байгаа.

М.ӨНӨРЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (73.200.190.195)

    2018-05-11

    Otgonbileg nariin hulgailaad gargachihsan mongiig butsaaj olj avah arga baihgui yu.

  • Иргэн (202.179.27.24)

    2018-05-01

    ТӨРД ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН БайХГҮЙГИЙН ГАЙ

  • Зочин (202.179.27.24)

    2018-05-01

    АРАБЫН БАЯчуудын оффшор ИЛРЭНГҮҮД УЛС НЬ ХУРААГААД АВЧИХЛАА, МАНАЙХ ингээд л суугаад бх уу

  • Зочин (202.179.27.24)

    2018-05-01

    ОФФШОРЧИД бүхэл бүтэн улсыг ЯАЖ доромжилж бна аа Би оффшор дансаа өөр хүн рүү шилжүүлчихлээ ӨӨР ТИЙШ НУУЧИХЛАА УХААНЫ ЮМ ЯРИАД Л, БҮХ ХӨРөНГИЙ НЬ ХУРАА Насаар нь ШОРОНД ХИЙ

  • .i (119.40.103.186)

    2018-05-01

    durguid huchgui gedeg bna