М.Бямбадулам: А данс нь устсан иргэний малчнаар ажилласан хугацааг шинээр тогтооно

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн М.БЯМБАДУЛАМТАЙ ярилцлаа.

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ оны нэгдүгээр сараас дагаж мөрдөж эхэлсэн. Хуулийн онцлох гол өөрчлөлтөөс уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

-Холбогдох хууль тогтоомжид томоохон хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Үүнд, тэтгэвэр тогтоолгох нас болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг зааж өгсөн. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-нд холбогдох хуульд өөрчлөлт оруулж, тэтгэвэр тогтоолгох насыг зургаан сараар нэмэгдүүлсэн. Харин энэ оны хоёрдугаар сарын 2-нд үүнийг дахин өөрчилж, тэтгэвэр тогтоолгох нас болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой хугацааг гурван сар болгосон. Хэрэв даатгуулагч эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрвэл өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож болно. Гэхдээ тэд хамгийн багадаа 20 жил, гурван сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн хүний тэтгэвэр тогтоолгох нас гурван сараар хойшилно. Өөрөөр хэлбэл, 55 нас гурван сартай тэтгэвэр тогтоолгоно гэсэн үг. Тэтгэвэр тогтоолгох нас болон шимтгэл төлөх хугацааг дээрх байдлаар үе шаттайгаар нэмсээр 2038 он гэхэд даатгуулагчийн шимтгэл төлөх нийт хугацаа 25 жил болох юм. Эрэгтэй даатгуулагчийн хувьд 2042 онд 65, эмэгтэй даатгуулагч 2067 онд 65 насандаа тэтгэвэр тогтоолгох боломжтой. Дараагийн нэг онцлох өөрчлөлт бол тэтгэврийн даатгалын хувь хэмжээ. Албан журмын даатгалт хамрагдаж байгаа ажил олгогч, даатгуулагч өнгөрсөн онд Тэтгэврийн даатгалын санд долоон хувиар шимтгэл төлдөг байсан бол энэ онд найм, ирэх онд 8.5, 2020 онд 9.5 гэх байдлаар төлнө.

-Сайн дураар даатгуулагчдын хувьд шимтгэл нь хэдэн хувиар нэмэгдэж байна вэ?

-Хувиараа даатгуулагчид энэ онд 11, ирэх онд 11.5, 2020 онд 12.5 хувиар шимтгэл төлдөг болно.

-Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 20 жилээс аль дуртай таван жилийнх нь дунджаар тооцож боддог зарчимд оруулсан өөрчлөлтийг иргэд тодруулж өгөхийг хүссэн юм. Ийм зарчим энэ онд тэтгэвэрт гарч буй хүмүүст үйлчлэх үү?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн таван жилийн дундаж цалингаар тэтгэвэр тогтоодог байсныг долоон жил буюу 84 сарын цалингаар тооцохоор хуульд өөрчлөлт оруулсан. Гэхдээ үүнийг мөн адил үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тодруулбал, даатгуулагч энэ онд тав жил буюу 60 сар, ирэх онд зургаан жил буюу 72 сар, 2020 онд долоон жил буюу 84 сарынх нь цалингаар тэтгэвэр тогтооно.

-Ийм байдлаар зайлшгүй өөрчлөх ямар шаардлага, нөхцөл үүссэн юм бэ?

-Зайлшгүй өөрчлөх нөхцөл байдал үүссэн. Яагаад гэвэл, Нийгмийн даатгалын санд хуримтлуулж байгаа орлогоор тэтгэвэр, тэтгэмж олгодог. Гэтэл өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Нийгмийн даатгалын санд 1.5 их наяд төгрөг орсон боловч эргээд 1.9 их наяд төгрөгийн зардал гарсан. Үүнээс харахад нэгдүгээрт, орлогоосоо зарлага давж байна. Хоёрдугаарт, иргэдийн дундаж наслалт жил бүр нэмэгдэж байгаа. Мөн энэ оны нэгдүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулсан. Иймд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор хууль тогтоомжид тодорхой өөрчлөлт оруулан хэрэгжүүлж байна.

-Малчны тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулсанд тэд талархалтай хандаж байна. Гэхдээ бүрдүүлэх бичиг баримтын хувьд хүндрэлтэй гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Яг ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

-Хуульд заасны дагуу малчид 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн байх ёстой. Үүний 15-аас доошгүй жилд нь малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 12 жил зургаан сар малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэрт гарах эрхтэй болж байгаа юм. Гэхдээ малчид ийм шаардлагыг хангахаас гадна бүрдүүлэх бичиг баримт бий. Тухайлбал, 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтрийг үндэслэж малчнаар ажилласанд тооцно. Үүнээс хойш хувиараа мал маллаж байхдаа шимтгэл төлж байсан бол энэ талаарх тодорхойлолтыг харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс авах шаардлагатай. Мөн Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу 1990-2000 оныг нөхөн тооцуулсан байвал энэ хугацааг малчнаар ажилласанд тооцно. Гэхдээ 1995 оноос хэрэгжүүлж буй одоогийн мөрдөж байгаа хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байж түүгээр ажилласан хугацааг нь тооцно. Иймд 1995 оноос хойш нөхөн даатгалд хамрагдсан ч гэсэн үүнийг Үндэсний статистикийн хорооноос баталсан мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллого буюу иргэдийн сайн мэддэгээр А дансыг үндэслэн тооцож байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар тэтгэвэрт гарах болзол нөхцөлөө хангасан малчин холбогдох газраас нь А дансныхаа баримтыг бүрдүүлэх ёстой.

-Хэрэв А данс нь олдохгүй бол яах вэ. Малчид хаана хандах ёстой вэ. Ийм тохиолдол цөөнгүй гардаг?

-Энэ асуудалтай холбогдуулан манай газраас судалгаа явуулж, нийт 339 сумаас 228-ын архив нь устсан, шатсан гэх мэт шалтгаанаар малчдын А данс дутуу, 7-8 суманд огт байхгүйг тогтоосон. Иймд үүнийг шийдвэрлэх зорилгоор энэ оны гуравдугаар сарын 24- нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А данс нь устсан малчдын малчнаар ажилласан хугацааг тогтоох тушаал гаргасан. Энэ дагуу сум, дүүрэгт тусгай зөвлөл байгуулсан. Тэд 1995 оноос хойш даатгалд хамрагдсан атлаа А данс нь олдохгүй байгаа малчдын асуудлыг шийдэх юм. Мөн ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад малчнаар ажиллаж байсныг нотлох тушаал шийдвэр нь олдохгүй бол үүнийг зөвлөлийнхөн шийдвэрлэнэ. Зөвлөлийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга ахалж, нарийн бичгээр нь нийгмийн даатгалын байцаагч ажиллаж байна.

-Тэтгэвэр тогтоолгох нас болсон ч тийм, ийм бичиг баримт дутуу гэх шалтгаанаар олон дахин буцсаар 2-3 сар алддаг гэсэн гомдол их гардаг. Энэ нь юутай холбоотой юм бол?

-Тэтгэвэр тогтоолгох иргэдийн хувьд нас нь болонгуут нийгмийн даатгалын байгууллагад ханддаг. Ингэснээр цаг хугацаа их алддаг тал бий. Иймд тэтгэвэр тогтоолгохоос 2-3 сарын өмнө материалаа бүрдүүлж, харьяа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын байцаагчидтай уулзаж, зөвлөгөө авах шаардлагатай. Яагаад гэвэл, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний, хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь тухайн үед мөрдөж байсан заавар журмыг хангахгүй тохиолдол гардаг. Ийм тохиолдолд холбогдох тушаал шийдвэр, архивын лавлагаа нэмэлтээр авах шаардлага үүсдэг.

-Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор холбогдорх хуульд зарим нэгэн өөрчлөлтийг зайлшгүй хийсэн юм байна. Ер нь хэчнээн иргэн нийгмийн даатгалд хамрагдаж байна вэ?

-Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт нэг сая гаруй иргэн нийгмийн даатгалд хамрагдсан. Үүнээс 843.3 мянга нь албан журам, 196.5 мянга нь сайн дурын даатгалд хамрагдсан.

-Сайн дураар нийгмийн даатгалд хамрагдагсдыг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд даатгалын ач холбогдлыг ойлгуулах нь зүйтэй болов уу?

-Хуулийн дагуу иргэн албан журам болон сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд хамрагддаг ч нийгмийн даатгалаас үзүүлж буй үйлчилгээ адилхан байдаг. Албан журмын даатгалд өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр, ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллагсад, төрийн албан хаагчдыг хамруулдаг. Харин тодорхой ажил хийдэггүй, хувиараа хөдөлмөр, чөлөөт уран бүтээл эрхэлж байгаа иргэн гэрээ байгуулж сайн дурын даатгалд хамрагдах ёстой. Сүүлийн жилүүдэд сайн дураар даатгуулагчдын тоо харьцангуй нэмэгдэж байна. Учир нь, хүн амьдрах хугацаандаа хөдөлмөрийн чадвараа түр алдах, ажилгүй болох зэрэг нийгмийн шинжтэй эрсдэлд өртдөг. Иймд эдгээрээс өөрийгөө хамгаалж даатгуулдаг. Хэрэв энэ мэт эрсдэл тохиолдвол тэтгэвэр, тэтгэмж, төлбөр хэлбэрээр нийгмийн даатгалын шимтгэлээ эргүүлж авдаг. Тухайлбал, тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авна. Тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан, оршуулгын тэтгэмж авдаг. Мөн даатгалд хамрагдаж байх үедээ ямар нэгэн байдлаар ажилгүй болбол Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжтой.

-Эдгээрээс иргэдийн амьдралд илүү ойр боловч зарим тохиолдолд авч чаддаггүй ажилгүйдлийн тэтгэмжийг тодруулж асуумаар байна. Ямар шаардлага хангасан хүн энэ төрлийн тэтгэмжийг, хэдэн хувиар авах боломжтой вэ?

-Хуульд заасны дагуу 24 сараас доошгүй, ажилгүй болохын өмнөх есөн сар тасралтгүй шимтгэл төлсөн байвал тухайн даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Гэхдээ энэ тэтгэмжийг ажилласан жилээс хамаарч харилцан адилгүй хувиар олгодог. Тухайлбал, тав хүртэлх жилд 45, 5-10 жил 50, 10- 15 жил 65, үүнээс дээш жил ажилласан бол 70 хувиар ажилгүйдлийн тэтгэмж олгоно. Ингэхдээ үүнийг 76 хоногийн дотор олгодог. Өөрөөр хэлбэл, ажлын өдрөөр тооцож хоёр сар орчим ажилгүйдлийн тэтгэмж авах юм.

-Сайн дураар даатгуулагчийн орлогын хэмжээг хэрхэн тодорхойлдог вэ?

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог. Тус газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг байхаар 2016 онд баталж, өнгөрсөн оноос хэрэгжүүлсэн. Иймд сайн дурын даатгуулагч доод хэмжээ буюу 240 мянга, дээд хэмжээ буюу үүнийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 2.4 сая төгрөгийн хооронд орлогоо тодорхойлж, зөвхөн энэ онд түүнийхээ 13 хувиар сар бүр шимтгэл төлнө.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг нийгмийн даатгалд хамруулах боломжийг бүрдүүлсэн ч зарим нь тодорхой мэдээлэлгүй байна. Тэд шимтгэлээ хэрхэн төлөх вэ?

-Манай байгууллагын вэб хуудаст тэдэнд зориулсан цэс суулгасан. Үүнээс өмнө гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг төлөөлж гэр бүлийн гишүүн нь ирж гэрээ байгуулан даатгалд хамруулдаг байсан асуудлыг цэгцэлсэн. Одоо аль ч улс оронд ажиллаж, амьдарсан даатгалд хамрагдах бүрэн боломжтой. Хамгийн гол нь тухайн иргэн хувийн данстай байх шаардлагатай.

-Сүүлийн үед ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадвараа түр болон бүр алдах тохиолдол цөөнгүй гарах болсон. Ийм хүмүүс хэрхэн тэтгэмж авах вэ?

-Тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсэн, амаржсан, оршуулгын тэтгэмж олгож байна. Гэхдээ ямар шаардлага хангасан хүн эдгээр тэтгэмжийг авах вэ гэдгийг хуулиар зохицуулсан. Тодруулбал, гурваас доошгүй сар шимтгэл төлсөн бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрх үүснэ. Гэхдээ дээр дурдсанчлан ажилласан жилтэй нь мөн холбоотой. Тав хүртэлх жил 50, 5-14 жил бол 55, 15 ба түүнээс дээш жил ажилласан бол 75 хувиар тооцуулж тэтгэмж авах боломжтой.

-Сайн дураар нийгмийн даатгал төлдөг иргэн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хэдэн хувиар авах вэ?

-Жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүмүүс 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлж ажилласан, чөлөө авахаас өмнөх зургаан сард тасралтгүй ажилласан байх ёстой. Тэтгэмжийг бодож олгохдоо 12 сар буюу нэг жилийн дунджаар албан журмын даатгуулагч 100, сайн дурынх 70 хувиар авдаг. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаанд төлсөн бол оршуулгын даатгал олгох боломжтой.

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.93.206)

    2018-05-07

    тэтгэвэр тогтооход 5 жилиййн дунджийн 45 хувиар тогтоодог байсан одоо 7 жилийн дунджийн 45 хувиар бодох уу? нэрийн данс юу болсон бэ? бүрэн мэдээлэл өгвөл сайн байна.