Д.Ганболд: Жуулчдын тоог нэмэгдүүлэхээс илүү аяллын багцыг баяжуулах хэрэгтэй

Нийслэлийн аялал жуулчлалын газрын Захиргааны хэлтсийн дарга Д.ГАНБОЛДТОЙ ярилцлаа.

-Аялал жуулчлалын улирал аль хэдийнэ эхэлж, жуулчид олноор ирж байна. Тэдний сонирхлыг татахуйц томоохон ямар ажлыг энэ онд хийх гэж байна вэ?

-”Дээлтэй Монгол”, “Даншиг наадам”, “Тал нутгийн марафон” зэргийг уламжлал ёсоор зохион байгуулна. Үүнээс гадна “Хотын аяллын автобус” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Дэлхийн томоохон хотууд өөрсдийн онцлогийг үзүүлж харуулах автобустай аялал зохион байгуулдаг. Энэ жишгээр Улаанбаатар хотод анх удаа хотын аяллын автобус явуулна. Үүгээр гадаадын жуулчдаас гадна монголчууд аялах боломжтой. АСЕМ-ын арга хэмжээнд зориулж авсан автобуснаас эхний ээлжид хоёрыг нь энэхүү аялалд явуулах юм. Хэрэгцээ шаардлага гарвал цаашид автобусны тоог нэмэгдүүлнэ. Үүнээс гадна шөнийн гэрэлт гудамжийг гурав болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн жил нээсэн гэрэлт гудамж гадаад төдийгүй нийслэлийн иргэдийн сэтгэлд нийцсэн учраас “Чингис” зочид буудлын баруун талын талбайд гэрэлт гудамж байгуулж, энэ сарын 11-нд нээхээр болсон. Нөгөө нэгийнх нь бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Хүмүүсийн хэлж заншсанаар “Гутлын 22” орчмыг автомашингүй гудамж болгон жуулчдад зориулсан үйлчилгээ нээнэ. Мөн цайны замын орнууд хамтын ажиллагааныхаа хүрээнд “Талын салхи” нэртэй олон улсын хэмжээний мотофестивалийг зургаадугаар сарын 9-нд зохион байгуулна.

-Улаанбаатар хотыг Зүүн Хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт хэзээ биеллээ олох вэ?

-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт энэ зорилтыг тусгасан. Үүнд хүрэхийн тулд хийж буй ажлуудын нэг хэсгийг дээр дурдсан. Мөн жуулчны улирлын хамаарлыг багасгах, аялал жуулчлалын төрөл хэлбэрийг нэмж, энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор БОАЖЯ-тай хамтарсан ажлын хэсгийнхэн “Бизнес аялал жуулчлал” гэсэн хөтөлбөр боловсруулж байна.

-Манай улсад жилд хэчнээн жуулчин ирдэг вэ. Өнгөрсөн онд жуулчдын тоо нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн жилийн хувьд жуулчдын тоо өссөн. Гэхдээ үүнээс илүү аялал жуулчлалын салбарын орлого хэд дахин нэмэгдсэн. Тодруулбал, 2017 онд 471 мянга 94 жуулчин ирж, 400 сая 791 мянган ам.долларын орлого орсон. Энэ нь жуулчдын тоо өмнөх жилүүдээс 14, орлого 22 хувиар өссөн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, жуулчдын тооноос үл хамаарч эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж байна гэсэн үг. Энэ хэрээр тус салбараас нийслэлийн эдийн засагт оруулах хувь нэмэр өсч байна. Тиймээс цаашид жуулчдын тоог нэмэгдүүлэх гэхээс илүү аяллын багцыг баяжуулах нь зүйтэй.

-Жуулчдын олонх нь хөдөө тал, малчдын аж амьдрал, ёс заншилыг үзэхээр ирдэг. Ингэхдээ яалт ч үгүй Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг. Тиймээс тэднийг нийслэлд олон хоног саатуулах талд хэр зэрэг анхаарал хандуулж байна вэ?

-Энэ бол манай байгууллагын ганц зорилго. Жуулчид Улаанбаатар хотод хоёр хонодог бол түүнийг гурав болгохын төлөө бид ажиллаж байна. Үүний тулд жуулчдын үзэж харах зүйлийг нэмэгдүүлж, аяллын багцыг баяжуулах хэрэгтэй. Тухайлбал, өнгөрсөн жил шөнийн гэрэлт гудамжийг санаачлан бий болгосон нь жуулчдыг нийслэлд байлгах, нөгөө талаараа хотын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Учир нь, манай улсын үйлчилгээний байгууллагууд ихэнх нь 00.00 цагт хаадаг учраас түүнээс хойш жуулчид буудалдаа байхаас өөр аргагүй. Тиймээс бид төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл олон нийт үүнийг ойлгодоггүй. Угтаа бол жуулчны аяллын багцад багтаж буй бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж байгаа юм. Тэр хэрээр хотын эдийн засгийн үр өгөөж дээшилнэ.

-Нийслэлд ирсэн жуулчид юу үзэж харж байна вэ?

-Аяллын компаниудын гаргасан багцаас шалтгаалаад харилцан адилгүй. Гэхдээ ихэвчлэн Чингисийн хөшөө, Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчэнлин хийд, Зайсан гэх зэрэг газрыг үздэг. Хүмүүс аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлнэ гэхээр ганц хөшөө босгох төдийгөөр ойлгоод байна. Цогц бүтээгдэхүүн бий болгох нь чухал. Тодруулбал, хөшөөний эргэн тойрныг тохижуулж гэрэлтүүлэг хийх, мөн гар урлал, фото зураг дарах зэрэг үйлчилгээний газрыг давхар бий болгосноор аялал жуулчлалын цогц бүтээгдэхүүн болно.

-Цаашид аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх газар Улаанбаатар хотод бий юү?

-Олон бий. Бидэнд байгаль, түүх соёл, барилга байгууламж, хүн хүчний нөөц бололцоо хангалттай байна. Манай улс бусад орныг бодвол харьцангуй онцлогтой. Тухайлбал, сонгодог урлагаар Азид дээгүүрт ордог. Мөн нүүдэлчдийн нөлөө бий. Хүмүүсийн мэддэггүй хэрнээ аялал жуулчлалын бүс, бүтээгдэхүүн болгох боломжтой түүхэн газар олон бий. Тухайлбал, Японы жуулчдын сонирхлыг татдаг Дамбадаржаалин, цайны замын өртөө байсан газарт байрладаг Дулмаалан хийд, Их тэнгэрийн аманд хадны дээр үеийн сүг зураг байдаг. Гачууртын аманд зосон зураг, Туулын хөндийд Чингис хааны дөрвөн ордны нэг байна. Цаашид Улаанбаатар хотыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх бүрэн боломжтой ч бидэнд төсөв хөрөнгө байдаггүй.

-Гандантэгчэнлин хийдийн гудамжийг аялал жуулчлалын бүс болгох ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Ийм байдлаар хөгжүүлэх боломжтой гэдэг судалгааг нь бид гаргасан. Түүнийг бодит ажил болгоход нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллага ажиллаж байгаа болов уу. Тухайн хэсгийг аялал жуулчлалын бүс болгохын зэрэгцээ оршин суугчдынх нь амьдрал ахуй дээшилнэ.

-Зуны улиралд манай улсад жуулчид олноор ирдэг. Гэхдээ манай орны хувьд аль ч улиралд жуулчдыг татах боломж бий гэж үздэг. Гэтэл өвлийн аялал жуулчлал төдийлөн сайн хөгжихгүй байгаагийн шалтгаан нь юу юм вэ?

-Цаг агаарын онцлогоо бид давуу тал болгож ашиглах хэрэгтэй. Сүүлийн үед аялал жуулчлалын компаниуд энэ талд санал санаачилга гарган идэвхтэй ажиллах болсон. Хамгийн гол нь манай улсын дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн төвшин хангалттай биш учраас жилийн дөрвөн улиралд жуулчид ирэх нөхцөлийг төдийлөн сайн бүрдүүлж чадахгүй байна. Аялал жуулчлалын хөгжил зам тээвэр, тохижилт, хоол хүнс, эрүүл мэнд, байгаль орчин, харилцаа холбоо гэх мэт 40 гаруй салбараас хамааралтай байдаг. Тиймээс аялал жуулчлалыг үсрэнгүйгээр хөгжүүлж чадахгүй байна. Тухайлбал, ирсэн жуулчдын дийлэнх нь Хөвсгөл далайг үзэх сонирхолтой байдаг. Гэтэл тухайн газар руу тогтмол нислэг байдаггүй. Дэд бүтцийг нь ч сайн шийдээгүй. Бусад салбарын хөгжил сайжрах хэрээр аялал жуулчлал хурдтай хөгжинө. Үүнээс гадна нэгдсэн бодлого дутагдалтай, эрх зүйн орчин төгс болж чадахгүй байна. Гэсэн ч бид өвлийн аялал жуулчлалын төрөл хэлбэрийг нэмэгдүүлж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын өвлийн наадмыг жил бүр хийхдээ үндэсний болон орчин үеийн спортын төрөл, бусад арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн бүргэдийн баярыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Ингэснээр заавал Баян-Өлгийд очиж бүргэд үзэх биш дэргэдээс нь харах, Монголын онцлог бас нэгэн соёлтой танилцах боломжийг олгож байгаа юм.

-Монгол наадам цогцолборт жилийн дөрвөн улиралд жуулчид очдог бүс болгоно гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Энэ газрыг хотын аялал жуулчлалын томоохон бааз суурь болгох боломжтой. Тиймээс хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн. Гэтэл хөрөнгө санхүүгийн хувьд нэлээд хүндрэлтэй байна. -Жуулчдыг эх орондоо авч ирэхийн тулд тогтмол нислэгийн тоог нэмэгдүүлэх, тийзний үнийг бууруулах нь зүйтэй гэдэг ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрч чадаагүй л байна. Энэ талд танайх ямар санаачилга гаргаж байна вэ? -Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг шийдэл нь нислэгийг нэмэгдүүлэх, тийзийн үнийг бууруулах ёстой талаар хүн бүр ярьж байна. Энэ асуудалд Засгийн газар шуурхай ажиллаж, тодорхой арга хэмжээ авах байх. Зам, тээврийн сайд санаачилга гарган ажиллаж байгаа учраас энэ асуудал удахгүй шийдэгдэх болов уу.

-Олон улсын аялал жуулчлалын чиг хандлага ямар байна вэ. Зарим томоохон улс орон жуулчдыг татах зорилгоор тусгай хөтөлбөр боловсруулдаг юм билээ?

-Бүх улс орон өөрсдийн онцлогоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлдэг. Гэхдээ үйлчилгээний стандарт зэрэг нийтлэг зүйлийг бусад улс орноос суралцаж, ижил төвшинд хүргэх ёстой. Харин аялал жуулчлалыг ямар төрлөөр хөгжүүлэх үү гэдгийг бодлогоор тодорхойлох ёстой. Ер нь аялал жуулчлалын хамгийн гол зүйл нь ондоошил юм. Тухайн жуулчин өөрийн улс оронд байхгүй зүйлийг үзэхийн тулд өөр газар руу аялдаг. Тухайлбал, шарын шашны томоохон хийдийг Түвдэд очиж үзэж болно.

-Тэгвэл манай улс бусад орноос юугаараа ондооших боломжтой гэж үздэг вэ?

-Энэ талаар хүн бүрийн бодол өөр. Одоогоор улсын хэмжээнд тодорхойлсон бодлого алга. Тиймээс Монгол Улс бусад орноос юугаараа ондооших уу гэдгээ нэн дариу тодорхойлж, тэр чиглэлд хөгжүүлэх нь зүйтэй.

-Манай улсад ихэвчлэн аль улсын жуулчид ирж байна вэ?

-Өнгөрсөн онд БНХАУ, ОХУ, Солонгос, Япон зэрэг улсын жуулчид олноор ирсэн. Энэ нь тухайн орноос манай улс руу зорчих дэд бүтэц, зам харилцааг хөгжүүлсэнтэй холбоотой. Үүнээс харахад манай улсын аялал жуулчлалын голлох зах зээл бол хөрш болон Зүүн Азийн орнууд болж байгаа юм. Тиймээс зах зээлтэйгээ уялдуулан Улаанбаатар хотыг Зүүн Хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв болгох зорилт дэвшүүлсэн.

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (121.163.78.70)

    2018-05-13

    Zuuulchin uzex xarax sonirxox ym chin xaana b.na be uuniigee olon bolgo chanartai bolgo