Өнгөрөгч долоо хоногийн дэлхийн онцлох үйл явдлууд

-Египетийн албаныхан 43 буяны ажилтан түүний дотор Америкийн 19 иргэнийг гадаадын сангаас их хэмжээний мөнгө хууль бусаар авсанд буруутган шүүхээ мэдэгдэв. Түүнчлэн тэднийг ардчиллыг дэмжигч бүлгүүдэд гадаадын дэмжлэгийг үзүүлж, эрх баригч цэргийн зөвлөлийг төрийн эрхээс буулгахыг завдсанд буруутгасан байна. Тэдний нөлөөгөөр Порт Сайд дахь хөлбөмбөгийн тэмцээний үеэр 74 хүн амь үрэгдсэн гэж үзжээ. 
    Өнгөрөгч долоо хоногт дэлхий нийтийг Иран, Сирид анхаарлаа хандуулах хооронд олон улсад нэлээд хэдэн улстөрийн үйл явдал болжээ. Тэдгээрээс онцлууштай гэсэн заримыг нь хүргэе. 
-Египетийн албаныхан 43 буяны ажилтан түүний дотор Америкийн 19 иргэнийг гадаадын сангаас их хэмжээний мөнгө хууль бусаар авсанд буруутган шүүхээ мэдэгдэв. Түүнчлэн тэднийг ардчиллыг дэмжигч бүлгүүдэд гадаадын дэмжлэгийг үзүүлж, эрх баригч цэргийн зөвлөлийг төрийн эрхээс буулгахыг завдсанд буруутгасан байна. Тэдний нөлөөгөөр Порт Сайд дахь хөлбөмбөгийн тэмцээний үеэр 74 хүн амь үрэгдсэн гэж үзжээ. 

-“Сомалийн өлсгөлөнг зогссон. Гэхдээ тус улсын хүн амын гуравны нэгт одоог хүртэл хүнсний тусламж хэрэгтэй байна” гэж НҮБ хэлжээ. Сомалийн Засгийн газар “Өлсгөлөнд нэрвэгдлээ” гэж мэдэгдсэн долдугаар сараас хойш тус улсад олон 10 мянган хүн өлбөрч үхсэн байна. “АльКайда”- тай холбоотой “Шабаб” бүлэг тусламжийг зарим хэсгийг замаас нь булаан авснаас ийнхүү олон хүн амь үрэгджээ.

 -Мексикийн эрх баригч Үндэсний үйл хэргийн нам Жозефина Васкес Мотаг даргаараа сонгожээ. Ингэснээр тэр долдугаар сарын 1-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Тэр ирэх сонгуульд оролцохоо мэдэгдсэн гурван гол намын нэр дэвшигчид доторх ганц эмэгтэй нь юм. “Хүчирхийлэл, хүн амины гэмт хэрэг хамгийн их гардаг тус улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болохоор шийдсэн бололтой. Ер нь Латин Америкт эмэгтэй удирдагчийн моод дэлгэрсэн” гэж улстөрийн шинжээчид хэлжээ. 

-Бразилийн Засгийн газар гурван нисэх буудал түүний дотор Сан-Паулу хотын хамгийн том олон улсын нисэх онгоцны буудлын 51 хувийг дуудлагаар худалджээ. Нийтдээ 14.3 тэрбум ам.доллараар зарагдсан төрийн эзэмшлийн гурван нисэх буудлын 51 хувийг Аргентин, Франц, Өмнөд Африкийн бизнесмэнүүд авсан байна. 

-Бразилийн Бахиа мужид цагдаа нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаясан. Үүний улмаас багт наадмын баярыг хойшлуулжээ. Түүнчлэн цагдаа нар ажил хаяснаас хойш хүн амины хэргийн гаралт хоёр дахин нэмэгдсэн байна. 

-Хятад улс ганцхан сарын дотор хоёр дахь удаагаа усны бохирдлын түгшүүр зарлажээ. Албаныхан өнгөрөгч долоо хоногт Хөх мөрний Шанхай хотын ойролцоохь хэсэг фенол хэмээх тун аюултай химийн бодисоор бохирдсоныг тогтоожээ. Гуанси мужийн цагдаа нар уг хэрэгт холбогдуулан зургаан хүн баривчилсан байна. Үүнээс өмнө тус мужийн цагдаа нар Лонжиан голыг кадмигаар бохирдуулсан долоон үйлдвэрийн эзнийг баривчилж байсан юм. Бохирдсон голыг одоог хүртэл хүмүүс ундны ус болгон хэрэглэж байгаа аж. 

-Суданд босогчдод барьцаалагдсан хятад ажилчдыг суллаж дуусчээ. Суданы цэргүүд Өмнөд Суданы босогчидтой хилийн ойролцоо тулалдсаны дараа Хятадын иргэд хулгайлагдсан юм. Харин “Улаан загалмай”-н нийгэмлэг босогчидтой хэлэлцээ хийсний дүнд үлдсэн 15 хүнийг сулласан аж. Түүнчлэн Өмнөд Суданы Ардын чөлөөлөх армийн босогчид хятад иргэдийн аюулгүй байдлын үүднээс болон тэднийг суллах хэлэлцээ хийхийг хүсч байвал Өмнөд Кордофан мужийг бөмбөгдөхөө зогсоо гэж Суданы Засгийн газраас шаарджээ. 

-Филиппинд аюулгүйн хүчнийхний агаарын дайралтад 12 босогч амь үрэгджээ. Тэдний дотор “Абу Сайяф”, “Жемаа Исламиа” бүлгийн нөлөө бүхий гишүүд байсан байна. Түүнчлэн Малайзын иргэн Зулкифли бин Хир байжээ. Филиппиний Засгийн газар түүний толгойг таван сая ам.доллараар үнэлээд байсан юм. Мөн энэ үеэр тус улсын өөр нутагт газар хөдөлж 15 хүн амь үрэгджээ. 

-Испанийн Социалист нам Альфредо Перес Рубалькабаг шинэ даргаараа сонгожээ. Социалистууд өнгөрөгч арваннэгдүгээр сарын сонгуульд Ардын намд ялагдсаныхаа дараа даргаа солихоор болжээ. Тус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Ардын нам эрх баригчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

-Румыны Засгийн газар Ерөнхий сайд Эмиль Бокийг албан тушаалаас нь огцруулжээ. Тус улсын Ерөнхийлөгч Траян Бэсеску Засгийн газрын тэргүүний албанд Тагнуулын албаны дарга Михай Рэзван Унгурянуг томилсон байна. Британийн эрчим хүчний сайд Крис Хьюн хурд хэтрүүлсэн, худлаа ярьсан хэргээр албан тушаалаасаа огцорчээ. Тэрбээр 2003 онд хурд хэтрүүлэн давхисан бөгөөд жолооны ард эхнэр нь сууж байсан гэж худал ярьжээ. Харин 2010 онд гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нь энэ талаар сонины сэтгүүлчид хэлсэн байна. Эвслийн Засгийн газрын хуралдаан дээр Консерватив намын бодлогыг үргэлж шүүмжилдэг Либерал Ардчилсан намын гишүүн К.Хьюнийг дээрх хэрэгт холбогдуулан олонхчууд огцруулсан юм. Олонх Консерватив намын дарга, Британийн Ерөнхий сайд Дэвид
Камерон түүнийг огцруулсан нь зөв шийдвэр байсан гэж хэлжээ.
www.UNEN.mn Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)