Ондоон хүн
- 2018-05-26
- Үнэн
- 4

БАЙГААГААРАА Л БАЙДАГ НЭГЭН
“Намсрай эрхлэгч” гэж албан ажлын хаяг, өөрийнх нь нэртэй хамсаж нэршсэн, ондооноос ондоон тэр хүнийг би сайн таньдаг байсан. “Байсан” гэж өнгөрсөн цагт хамааруулахын учир гэвээс тэр хүн одоо байхгүй. Бурхан болсноос нь хойш он жилээр хэмжигддэг амьдралын хүрд олон удаа эргэсэн байна. Тэр хүний нүнжиг чанар буюу тогтсон таалал нь унаган монгол төрхөө хадгалсан учир тухайн үедээ бусдаас ондоон байсан юм. “Намсрай эрхлэгч” гэдэг тэр л нэгэн эрхэм хүнээс олон жилийн тэртээ өөрийн биеэр сонссон бадаг үгийг энд онцолж хэлэхийг хүслээ. Эл бадаг үг нь “Шагнуулах, сургуульд явах, албан тушаал дэвших хүнд битгий саад хийгээрэй” гэсэн утгатай. Ингэж боддог хүнийг одоогийн улстөрчдийн дотроос олоод ир гэвэл олохгүй байж магадгүй тул энд олзуурхан иш татлаа. Урт сормуустай, хөөрхөн нүдтэй дэгжин гоё залуу явсан гэж ханийнх нь тодорхойлсон Цэндийн Намсрай бээр хожим жар шүргэх насандаа ингэж хэлснийг зарим уншигчид гадарласан байж магадгүй. Үгүй ч байж мэднэ. Энэ үг бол номноос хуулсан үг биш тэр хүний мөн чанараас нь аяндаа урган гарсан үг. ОНДООН ХҮН Өнгөрсөн зууны дунд үед Монголдоо хамгийн царайлаг сайхан хүүхэн хэн байсан билээ гээд асуувал Лувсанжамцын Цогзолмаа хэмээн ам уралдан хариулна биз. Тийм ээ, Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар тэр алдарт бүсгүй Цогзолмаагийн нэгэн насны журамт хань нь Ц.Намсрай гуай юм. Дор бүрнээ л сайхан бүсгүй мөрөөдсөн нэгэн цагийн тэрсхэн олон залуу эрчүүдийн дундаас цагийг эзэлсэн гоо бүсгүйг тийнхүү бусдаас илүү соронздон татсан хүн нь энэ хүн байсан гээд бодохоор Намсрай гуай аяндаа л тодорном. Цогзолмаа гуай хожим дурсан бичихдээ: “1942-1943 оны үе.
Тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны хэвлэл, суртал ухуулгын хэлтэс урлаг соёлын байгууллагын ажлыг хариуцан давхар хянадаг байсан юм. Үе үе болдог тэрхүү хяналт шалгалтаар Төв хорооны ажилтан, нүдэндээ шилтэй, нэг их боловсон дэгжин нөхөр манай театр дээр байн байн ирж ажил шалгаж хянаад л явдаг байлаа. Урт сормуустай, жижигхэн, давхраатай их хөөрхөн нүдтэй тэр залуу бас циркт болдог олон нийт дээр ирж их гоё бүжиглэнэ. Тэгж яваад л 1944 оны төгсгөлөөр нэгэн үдэшлэг дээр бид хоёр илүү дотно танилцсан юм. Би сүүлд “Чиний нүд их хөөрхөн байсан даа” гэхэд тэгэхгүй яадаг юм гэж ирээд л инээдэгсэн… Тэгсээр байгаад нөгөө залуудаа дасч дурласан юм шиг байгаа юм. 1945 оны нэгдүгээр сарын 5-ны ид хүйтэн жавар тачигнаж байсан үдэш, Самбууням ахын хашаанд, хаяавчгүй дөрвөн ханатай жижигхэн гэрт бид хоёр хуримаа хийсэн. Тэр үед чинь боловсон маягаар хурим хийж мэддэггүй байсан цаг. …Бидний хуримд тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны бүрэлдэхүүн тэр чигээрээ ирж оролцож байлаа. Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв, Ч.Лодойдамба, ”Орос” Дүгэрсүрэн, мальчик Самдан гээд л. Гэтэл Лодойдамбын Долгорсүрэн бид хоёр тэр өдөр театрт тоглолттой учир хуримаа дөнгөж эхлүүлчихээд, нөгөө хэдийгээ орхичихоод очиж жүжгээ дуусгаад ирж үргэлжлүүлж байлаа. Одоо бодоход яасан ч хэнхэг өвчтэй байсан юм. Хурим өндөрлөхөд нөгөө хэд маань явахдаа заншил ёсоор бид хоёрын гэрийн өрхийг бүтээж, хаалгыг том хар сүхээр даруулж орхиод л явсан нь сүх шиг бат бэх гэр бүл болоорой гэсэн сайн нөхдийн ерөөл байлаа. Үнэхээр ч бид хоёр тэр үеэс эхлэн 44 жилийн турш бат бэх сайхан гэр бүл байж, аз жаргалтай амьдарсан даа. Хуримаас хойш нэлээд хэд хоногийн дараа маршал Чойбалсан гуай бид хоёрыг хүлээн авч уулзаад баяр хүргэж байсан” гэж “Түмэн хүрээлж, төр соёрхсон гэр бүл” номонд дурсан бичсэн байна. Үүнийг уншихуйд Цогзолмаа гуай зөвхөн царайлаг сайхан хүүхэн байсан төдийгүй жинхэнэ монгол эх хүний ёс жудгийг барьсан, өөрийн хань, үр хүүхдийнхээ эцэг болох эр хүнийг үнэхээр олж ханилсан сайн хүүхэн гэдэг нь тод харагднам. Төрийн шагналт, ардын жүжигчин Сувдаа, сэтгүүлч Шүрээ, төгөлдөр хуурч, багш Ганчимэг, соёлын гавьяат зүтгэлтэн, дуучин Ганхуяг, урлаг судлаач Энхтүвшин нар эдний удам залгаж, голомт сахиж яваа үр хүүхдүүд. “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч Балдоржийн Нандинтүшиг, Номинтүшиг, өсөж яваа эрх зүйч Бат-Оргил гээд багаасаа тодорч байгаа ач зээ нарыг нь харсан ч энэ хоёр хүний асаасан гал голомт ямар их элч гэрэлтэй бадарч байгааг төсөөлж болно.
НАМТРЫН ТОВЧ МЭДЭЭ
Намсрай гуай өөрөө 1918 онд Баянхонгор аймгийн Заг-Байдраг нутгийн алдарт Биндэрьяа хөх нуураас зүүн урагш холгүй орших Бумбатад төрсөн юм гэдэг. Түүний оюунлаг авьяас чадвар эрт нээгдэж, дөнгөж гуч шүргэх насандаа онол улс төрийн орчуулгын бүтээлээр төрийн соёрхол хүртсэн юм. Онол улс төрийн олон сонгодог томьёоллууд энэ хүний хөдөлмөрөөр монгол хэлэнд онож буусан юм билээ. “Засгийн эрх бол ямарваа хувьсгалын гол асуудал мөн”, “Тэргүүний тэмцэгчийн ролийг тэргүүний онолоор удирдуулсан нам гүйцэтгэж чадна” зэрэг мэргэн цэцэн хэллэгтэй олон томъёолол Ц.Намсрайн гараар анх удаа цагаан цаасан дээр монгол үгээр бичигдэж номонд хэвлэгдэж нийтэд түгсэн түүхтэй. ЗХУКН /Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам/-ын XIX-XXVI Их хурал, энэ хооронд болсон бүгд хурлын материалууд ихэвчлэн энэ хүний гараар шүүгдэж монгол хэл дээр нийтлэгдсэн. Түүний төрсөн ганц ах Ц.Баттөмөр 34 настайдаа Гэгээрлийн яамны сайд байж байгаад 1937 онд хэлмэгдэж цаазлагдсан гэдэг юм. Гэвч тэр хэлмэгдүүлэлт нь МАХН- ын буруугаас биш гаднын бусармаг явуулгын улмаас болсныг сайн мэддэг учраас тэнэгүүдтэй адил намдаа элдэв хар буруу санаагүй харин насан эцэс болтлоо МАХН-ын үнэнч цэрэг нь явсан хүн.
Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГЫН УНАГАН БАГЫН НАЙЗ
Намсрай гуай дүргүйгээ хүрэхээр муу собак /нохой/ л гэдэг байсан. Харин 1984 онд Ю.Цэдэнбал даргыг өвчний гэсэн шалтгаанаар бүх албан тушаалаас нь зайлуулахад их харуусан бухимдаж ”Муусайн бардакнууд /шаарнууд/ хуйвалдсан байна” хэмээн маш их дургүйцэж байсан юмдаг. Цэдэнбал даргатай дотнын найз байсан гэдэг юм билээ, тэгэхээс ч аргагүй биз. Ерөөсөө тэгээд тэр үед Цэдэнбал даргад манайхан дэндүү хуншгүй муухай зан гаргасан нь үнэн юм чинь. Үүнтэй холбож Цогзолмаа гуайн дурсамжаас ишлэн дурдъя. “Аав /Намсрай гуайг дандаан аав эсвэл папа гэж дууддаг юм билээ/ ер нь хэнэггүй, хээгүй юм шиг хэрнээ цэмцгэр, цаг нарийн баримталдаг, юу хийхээ хэзээд мэддэг, жигтэйхэн зарчимч, шударга зантай хүн байсан юм… Бүр санаа зовмоор. Цэдэнбал даргад хүртэл шал тоохгүй хэлэх юмаа хэлж орхино. Учиргүй найз явсан хэр нь дарга, даргын авгай гээд гүйгээд сүйд болох ч үгүй. Айхтар улс бол ийм боломжийг өчнөөн ашиглачихсан байхсан. Гэтэл аавд ерөөсөө тийм юм байхгүй шүү дээ. Найзын хувьд ч жигтэйхэн найзууд байсан юм. Бүр авгайгүй байхад нь одоо энэ банкны дээд давхарт амьдардаг үед нь бид хоёр очиж хонож өнждөг, сайн муугаа хуваалцсан сүрхий найзууд байсан юм. Филатова чинь анх ирэхдээ царай муутайхан, туранхай жаахан шар хүүхэн байлаа. Сүүлд л харин махалж таргалаад аюулын царай зүстэй сайхан хүүхэн болсон юм. Цэдэнбал даргад хайртай ч гэж сүрхий... Аав яагаад ч юм авгайд нь дургүй. Гэрт нь очих нь ч цөөрсөн. Нэг үе хүмүүс даргын авгайг муулаад л даргыг байнга загнадаг. Ажил төрөлд нь хэт оролцдог гэдэг байлаа. Ийм яриа гараад удаагүй үеэр аав даргатай хамт Төв аймаг руу явах нь таарч л дээ. Хоёулаа буудалд нэг өрөөнд сууж байхдаа аав бүр хэргээр даргад “Чи одоо эхнэрээ дэндүү даврааж толгой дээрээ гаргаж байна. Тэгдэггүй юм. Бушуухан дарж ав” гэх зэргээр баахан зэмлэж. Тэр үед чинь аль ч талаараа бодсон даргад ааваас өөр шударгаар сайн мууг нь шулуухан зүрхлээд хэлчих хүн ч байхгүй байсан болов уу… Хожим нэг хэсэг даргыг бүгд муулаад л сүйд болж байхад аав бүр жигтэйхэн их уурлаад л “Цагтаа бөгсийг нь арчсан цаасаар амаа арчиж байсан муусайн собакууд одоо ингэж ярьж байгаа юм даа” гээд учиргүй бухимддаг байж билээ. Ёстой унаган багын найзууд явсан юм чинь тэгэхээс ч яах билээ…” гэж дурссан байна. Намсрай гуай үнэхээр тулхтай, гуйвж дайвдаггүй чигч хүн байсныг, тэгээд арын хаалга маалга гэх муу зангүй жинхэнэ монгол эр хүн байсныг эл дурсамж итгүүлж байна. Гэгээрлийн яамны сайд байсан Баттөмөр ахыгаа хэлмэгдсэнээс хойш арваад жилийн дараа өөрөө бас Гэгээрлийн яамны сайд болж ахынхаа сууж байсан ширээнд суусан удаа бий.
ЭРИН ЗУУНТАЙ ТЭНЦЭХ ХОРИН ЖИЛ
Нам төрийн төв хэвлэл “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч гэдэг төрийн сайд зэргэмжийн албыг 20 гаруй жил хашсан. Энэ завсар тус сонины захиалгын тоо гурав дахин нэмэгдсэн мэдээ байдаг. Ер нь энэ хорин жил бол бүхэл зуунтай тэнцэхүйц их бүтээлийн тод мөр үлдээсэн хорин жил байсан. Улаанбаатарын орон сууцны арваад шинэ хороолол, нийслэлийн таван том эмнэлэг, мах гурил, сүү, ноолуур, арьс ширний үйлдвэрүүд, 3, 4 дүгээр цахилгаан станц, Дархан, Эрдэнэт хотууд энэхэн зурвас хугацаанд амжин баригдаж, Монгол Улс газар тариалангийн гол бүтээгдэхүүнээр өөрийгөө хангадаг болж, олон тооны орчин үеийн үр тариа тэжээлийн аж ахуй байгуулагдсан зэрэг баримтыг дурдахад зуун жилтэй тэнцэхүйц хорин жил байсан нь нотлогдоно. Эдгээрийг бүтээн байгуулахад нөхөр Намсрайн удирдсан “Үнэн” сонин тодорхой хувь нэмрийг оруулсны учир 1967, 1980 онд тус тус Сүхбаатарын одонгоор шагнуулсан байна. Ц. Намсрай нь Монголын сэтгүүлчдийн байгууллагыг хориод жил толгойлж явахдаа Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр удаа дараа улиран сонгогдож байсан баримт намтарт нь бий. Монголын Парламентын бүлгэмийн даргаар олон жил ажиллаж байсан. Аспирантурт суралцаж эдийн засгийн шинжлэх ухааны мэргэжлээр цол хамгаалсан анхны цөөн эрдэмтдийн нэг нь энэ хүн юм билээ. Намсрай эрхлэгч бол ерөнхий редакторын хувьд монголоор найруулан бичих эрдэм ухааныг бүрэн эзэмшсэнээс гадна зөв бичих дүрмийг маш сайн мэддэг хүн байсан. Нэгэн үе монголын олон нийт зөв бичихийн тулд ”Үнэн” сонины бичлэгийг үлгэр жишээ болгон дагаж байсан нь үнэндээ Намсрай эрхлэгчийг л дагаж байсан хэрэг юм.
Ц. НАМСРАЙ ГЭЖ ЧУХАМ ХЭН БЭ
Хүнээс эсэн бусын өө сэв хайх, аашилж загнах, их мэдэгчийн дүр үзүүлэх, бусдыг муу хэлэх, эрх тушаалаар далайлгаж сураагүй сайд дарга хүн олъё гэвэл тэр цагт манай эрхлэгч л тийм хэмжүүрт таарах хүн байсан. Үнэхээр тулхтай сайн хүн байсныг хамт олон нь одоо хүртэл домог мэт сонин баримтууд тоочин дурсацгаадаг. Сонинд үг үсгийн алдаа гарах нь ердийн үзэгдэл. Тэр бүхэнд арга хэмжээ авч хариуцлага тооцох тухай яриа болно. Нэгэн удаа үг үсгийн алдаа гарсан байж. Тэр шөнийн ээлжинд ажилласан жижүүрүүдийн уншилтын дардсуудыг аваад ирсэн байж. Шалгасан хүн нь энэ нөхөд жижүүрлэж байхдаа хөзөр тоглож байгаад анхаарал самгардаж алдаа гаргасан юм шиг байна, хөзөр тоглосон тухай тэмдэглэл нь энд байна хэмээн танилцуулахад Намсрай эрхлэгч “алийв нааш нь өгөөтөх” гэж мөнөөх дардсыг авч нэлээн харж байснаа “Чи чинь ядаж ганц хожиж чаддаггүй хүн юмаа” гээд инээвхийлэн харж олны анхаарлыг сатааруулахад цөм нирхийтэл инээлдэн тарсан гэх. Ерөнхийдөө бол хүнийг загнах, баалах дургүй их сонин хүн байсан. Тэгвэл Ц.Намсрай гэдэг энэхүү нийгэм-улс төрийн нэрт зүтгэлтэн маань хувь хүнийхээ хувьд чухам хэн байсан бэ. Би хэдүйгээр олон арван жил цаас цоохорлосон, олон арван хөрөг бичих гэж чадлаараа л зүтгэж явсан гэх боловч Намсрай гуайн онцлох сайн талыг мэддэг болсон хүний хувьд яг үнэнийг үнэнээр нь тодорхойлж бичье гэхээр долигоносон болж харагдах гээд нэн бэрх байгаа юм. Тэр бол дэндүү сайн хүн байсан учраас гоц сайн хүний олон сайн талыг тоочиж бичихэд яалт ч үгүй хэцүү байдаг юм байна аа. Хэцүү байна гээд бичихгүй орхилтой биш ямарч атугай оролдоод л үзье. Намсрай гэдэг энэ зүтгэлтэн бол төр түмний хүлээлгэсэн итгэл найдвар, өгсөн аливаа үүрэг даалгавар бүхнийг үлгэр жишээч биелүүлж ирсэн Монгол Улсын эрэлхэг дайчин эр цэрэг нь мөн байсныг онцолж хэлье. Намсрай гуай бол эх орон ард түмэн, монгол үндэстний эрх ашгаас урвасан, хохироосон, хор уршиг учруулсан бол хэнийг ч өмөөрч хамгаалж яваагүй Монгол төрийн тулхтай зүтгэлтэн мөн байсан гэдгийг цохон хэлье. Тэр бол хэнээс ч айдаггүй үнэнхүү зангарагтай удирдагч хүн байсныг бас дуулгая. Тэр бол шударга зарчимч хүмүүжилтэй Монгол Улсын өмнөө барьдаг том зүтгэлтэн мөн гэдгийг бас нэмье. Ц.Намсрай гуай бол монгол хэл, монгол соёл, монгол мөс жудаг, монгол ухаан, монгол сэтгэлээр насан туршийн амьдрал ахуйгаа авч явсан жинхэнэ халхын сайхан эр хүн байсныг бас тэмдэглэе. Тэр хэзээ ямагт хувиршгүй ариун хайраараа журамт ханьдаа итгэж ханилсан гүндүүгүй эр нөхөр мөн байлаа. Тэр бол хүүхэд шиг хөгжилтэй, хөнгөн цайлган ааштай, энэрэлт эцэг хүн мөн байлаа. Ийм олон сайн шинж чанар нэгэн биед нь цогцлон бүрдсэн хүнийг монголчууд хэн гэж авгайлан хүндэлдэгсэн билээ хэмээвэл амьд бурхан гэдэг байсан байгаа юм. Тийм ээ, Намсрай эрхлэгч бол яалт ч үгүй амьд бурхан байсан. Мөхөс миний бие “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогчоор томилогдож дөрвөн жил гарынх нь дор хамт ажиллахдаа дээрх мэт олон сайн шинж чанарууд энэ хүнд байдгийг мэдэж авсны дотор хамгийн чухал нэгэн зүйл гэвэл сэтгүүлч хүн өөрөө сайн хүн байж гэмээнэ бусдыг сайн сайхан зүйл рүү дагуулан хөтлөх ёстой юм байна гэдгийг л тусгаж авсан. Нийтлэл, нэвтрүүлэг хэмээх тэсэрч дэлбэрдэг бөмбөгтэй зүйрлэж болох аюултай зэвсгийг туйлын болгоомжтой, маш хянуур нямбай ашиглах ёстой юм билээ. Хэрвээ худал хуурмаг зүйл нийтэлж алдаа завхрал гаргавал бусдыг хэлмэгдүүлнэ, өөрөө ч алуулж мэднэ, төр түмэнд гай түйтгэр тарина. Үг өгүүлбэр бүхэн, дэлгэцээр үзэгдэх зураг дүрс бүхний ард хүний хувь заяа, хамт олны эрх ашиг, эх орны тусгаар тогтнол уяатай явдаг учраас нийгмийн хариуцлага, хүмүүнлэг ёс зүй юуны өмнө хэвлэл мэдээллээс эхэлдэг учиртайг бид хүндэт эрхлэгчээсээ суралцдаг байсан. Сэтгүүлчийн ажил гэдэг бол олон түмнийг мэдээ баримт болон шинэ үзэл санаа, шинэлэг мэдлэгээр соён гэгээрүүлэх ажил юм. Ингэж нүдийг олж сэнхрүүлэхгүйгээр нийгэмд ямар нэг үр ашигтай шинэчлэл өөрчлөлт гардаггүй. Хэвлэл мэдээллийн шүүмжлэл өөрийн гэсэн онцлогтой соён гэгээрүүлсэн сэрэмжлүүлэг байдаг. Бурханлаг эрхлэгч маань надад, тус сонины сэтгүүлч, уран бүтээлчдэд ийм л чиг баримжааг суулгаж өгсөн гавьяатай юм. Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн сэтгүүлч, нэрт орчуулагч, редактор Ц.Намсрай гэж ийм л гавьяа зүтгэлтэй ондооноос ондоон хүн байсан билээ. Би хувьдаа арваад жилийн өмнө Ц.Намсрай эрхлэгчийн нэрэмжит шилдэг редакторын шагналаар шагнуулсандаа туйлын их баярлаж бахархаж явдаг юм.
/МУСГЗ сэтгүүлч/ Хорлоогийн ЦЭВЛЭЭ

Сэтгэгдэл (4)
varanee (66.181.178.70)
Би урлагт хайртай жирийн хүн.
ZOCHIN (103.14.38.2)
Setguulchid sain unshij ajil amidraldaa ulger jishee avaasai
зочин (66.181.179.93)
Намсрай гуайтай харьцуулбал Цэвлээ бөөс болой
иргэн (202.21.108.98)
Илтгэл тайлан,тайлбар дээд газар дарга нарт танилцуулах үед хааяа үг үсэг,эгшиг гээгдэх зэрэгт юу билээ гэж эргэлзэхдээ "Алив ҮНЭН сонин аваад ир" гэдэг байсан шүү. Одоо ч ээ мэдэхгүй ,юу л бол.Нохойн замаар орж мэднэ.