Б.Артур: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг концессын гэрээгээр барина

Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд өнгөрсөн долоо хоногт “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөний үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.АРТУРТАЙ ярилцсан юм.

-Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчилж өөрчлөх төслийг боловсруулж байгаа юм билээ. Энэ талаар эхлээд танилцуулна уу?

-Төмөр замын тээврйн тухай хуулийг 2007 онд баталсан байдаг. Үүний дараа 2010 онд Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлан мөрдөж байна. Түүнд олон чиглэлд төмөр зам барих, тухайн салбарыг цаашид хөгжүүлэх бодлого багтсан. Шинээр төмөр зам барих чиглэлийг одоо мөрдөж байгаа хуульд тусгаагүй, тээвэрлэлтийн талаарх эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгаа учраас шинээр гурван бүлэг нэмж, дээрх асуудлыг тусгахаар ажлын хэсэг ажиллаж байна. Үүнд, барилгын ажил, төмөр замын салбарын аюулгүй байдал, тээвэрлэлттэй холбоотой эрх зүйн зохицуулалт зэрэг орж байгаа юм. Үүнээс гадна цаг үеийн хөгжил, өөрчлөлт дэвшилтэй холбоотой асуудлыг тусгайлан авч үзэж, төслийг боловсруулж байна.

-УБТЗ хамтарсан нийгэмлэгийн оролцогч тал ОХУ-тай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Эдийн засгийн шинэ коридор байгуулах ажил ямар шатандаа явж байгаа бол?

-Манай яамнаас ОХУ-ын хувьцаат нийгэмлэгтэй 2014 онд хоёр талын төмөр замыг хөгжүүлэх стратегийн түншлэлийг байгуулсан. Үүний дараа хоёр улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт зам тээврийн салбартай холбоотой 13 төсөл хөтөлбөр багтсан байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг хариуцсан газрын дарга нарын уулзалт хоёр удаа болж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг гаргахаар тохиролцсон. Ойрын хугацаанд болох дараагийн уулзалтаар үүнийг албажуулж, санамж бичиг байгуулахаар бэлтгэж байна. УБТЗ хамтарсан нийгэмлэг Оросын талтай тохиролцсоны үндсэн дээр дүрмийн сангаа нэмэгдүүлж, үүний хүрээнд төмөр замын тодорхой хэсгийг шинэчлэх ажлыг шат дараатай хийж байгаагаас гадна хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, дохиолол холбооны иж бүрэн шинэчлэл хийх зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Энэ онд Улаанбаатар төмөр замын бүрэн автомат хориглолтой дохиоллын системийг нэвтрүүлж дуусгахаар ажиллаж байна. Мөн УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан боловсруулж байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн онд УБТЗ-ын ТУЗ-ийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн боловч зарим санал дүгнэлтийг эргэж харахаар болж, түр хойшлоод байна.

-Уул уурхайн олборлолт, тээвэрлэлттэй холбоотой ажлыг шийдэх нэг гарц нь шинэ төмөр зам гэж ойлгож байна. Энэ талаар ямар бүтээн байгуулалт хийх бол?

-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барьж байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Үүний дагуу концессоор гүйцэтгэх ажлын жагсаалтад багтааж, зураг төсөл барилгыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байхаар шийдвэрлэлээ. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төмөр замуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр холбогдох концесс эзэмшигч, төслийн гүйцэтгэгчтэй байгуулах гэрээ контрактыг боловсруулж байна. Тавантолгой-Ганшуунсухайт чиглэлийн төмөр замын ажил одоогоор зогссон. Хамтын ажиллагааны хүрээнд Хятадын талтай ерөнхий нөхцөлөө 2015 онд тохиролцож хүргүүлсэн. Хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх талаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлээд явж байна. Нарийн сухайтын төмөр замын хувьд өмнө нь хийсэн ТЭЗҮ-ийг иж бүрэн шинэчилснийг Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн. Тухайн чиглэлд байгаа автозам болон бусад дэд бүтэцтэй холбогдсон асуудлыг бүрэн шийдээгүй байна. Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын ТЭЗҮ энэ оны эхний улиралд дууссан. Одоо орчуулга дээр ажиллаж байна гэж концесс эзэмшигч тал бидэнд мэдээлсэн. Үүний дараа яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, санал дүгнэлтээ тусгаад төслийг санхүүжүүлэгчидтэй яриа хэлэлцээ хийх боломж бүрдэнэ.

-Санхүүжүүлэгч талыг сонгон шалгаруулчихсан гэсэн үг үү?

-Эрдэнэт-Овоотын төмөр зам бол Эдийн засгийн коридорын төсөл хөтөлбөрт багтсан бүтээн байгуулалт. Тийм болохоор санхүүжилтийн хэд хэдэн механизмыг ашиглах боломжтой гэж бид үзэж байгаа юм. Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай концесс эзэмшигчид цөөнгүй удаа уулзалт хийсэн нь хамгийн тохиромжтой хувилбар гэж бодож байна. Тэднийх урт хугацаа, бага хүүтэй зээлийг санал болгож байгаа юм. Бусад төсөл хөтөлбөрийн хувьд санхүүжилтийн асуудлыг тухай бүрт нь шийдээд явах боломжтой гэж найдаж байна.

-Урд хил дээр төмөр замын асуудал хүндрэлтэй, ачааны галт тэрэг саатдаг тухай ярьсаар байна. Энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

-Монгол, Хятад, ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд нарын уулзалт өнгөрсөн сард болсон. Энэ үеэр Хятадын Гадаад харилцааны дэд сайдтай энэ талаар ярилцаж, ойрын хугацаанд нааштайгаар шийдэж өгөхийг хүссэн. Хүлээж авч туслахаа амлалаа. Мөн Эрээн боомтыг хариуцдаг ӨМӨЗО-ны Боомтын газарт яамны зүгээс албан бичгээр хандаж, Бүх Хятадын төмөр замын газар, Хятадын төмөр замын ерөнхий газартай ярилцсан. Асуудлыг нааштайгаар шийдэхээр хариу ирүүлээд байна. Ер нь бид Эрээний боомтын хүчин чадлыг сайтар судалж үзмээр юм билээ. Тиймээс Хятадын талаас тус боомтын ТЭЗҮ-ийг авч үзсэн. Эрээнд гурван газар нурмаг ачааг буулгаж ачдаг юм байна. Жилдээ 6.7 сая тонны хүчин чадалтайг одоо бүрэн ашигладаг. Контейнерын терминал дээрээ 40 футын 144 чингэлгийг ачиж буулгаад гаалийн бүрдүүлэлт хийдэг юм. Ачаалал маш их байдаг. Бас нэг шалтгаан нь Хятадын Коммунист намын Их хурлын дараагаас төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийснээр дотооддоо нэлээд хөдөлгөөн орж, зарим хүндрэл үүсэх нөхцөл болсон байна. Цаашдаа Эрээний боомтын захиргаанаас контейнерын талбайгаа томсгох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн.

-Хятадын тал амласнаа биелүүлэх байх. Манай төмөр замын хувьд өөрчлөлт шинэчлэлийн ямар ажил хийх гэж байна вэ?

-Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж, 57 хопер вагон, зам засварын бусад механзмыг авч ашиглахаар төлөвлөж байна. Үүнйг УБТЗ-д түрээслүүлэхийг ЗТХЯ-ны зүгээс дэмжиж байгаа ч төлбөрийн асуудал хүнд байна. Учир нь, хөнгөлөлттэй зээлээр авах дээрх вагон, тоног төхөөрөмж нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн хөрөнгө хэлбэрээр орж ирэх юм. Гэтэл тэдгээрт элэгдэл хорогдол тооцох, зээлийн эргэн төлөлтийг цаг тухайд нь хуваарийн дагуу барагдуулах гээд зарим асуудал байна. Гэхдээ ойрын хугацаанд гарц олж шийдэхгүй бол моралийн /гаднын нөлөө/ элэгдэлд орох, зээлийн эргэн төлөлт хүндрэх зэрэг олон асуудал байна. Уг нь УБТЗ-д шаардлагатай энэ олон вагон, зам засвар, арчлалтын механизмыг олдсон дээр нь авч, төмөр замдаа өргөн далайцтай шинэчлэл хиймээр байгаа юм.

-Төмөр замд хамаарах арав гаруй төсөл хөтөлбөр багтсан “Эдийн засгийн коридор”-ын тухайд зөвлөгөөнд оролцогчид эргэлзээтэй байх шиг санагдсан. Энэ талаар та өөрийн санал бодлоо хуваалцана уу?

-Гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор”-ын нэршлийн тухайд л хүмүүс саналаа хэллээ гэж ойлгосон. Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдээс 2010 онд гаргасан нэг зөвлөмж байдаг юм билээ. Түүнд л энэ нэршлийг оруулж ирсэн байдаг.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)