Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад талуудын оролцоо чухал

Гадаад харилцааны яам, Европын холбоотой хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл: нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” бага хурлыг зохион байгууллаа. Хүүхэд, өсвөр үеийнхний эсрэг хүчирхийллийн гэмт хэргийн гаралт өсч, хэлбэрийн хувьд ноцтой болж байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. Үндэсний статистикийн хорооны тоо мэдээгээр өнгөрсөн оны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 12 хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байна. Мөн өнгөрсөн онд 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алджээ. Хурлаар хүчирхийллийн гэмт хэргийг өдөөж байгаа хүчин зүйл, хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоо, үр нөлөөг хэлэлцэж улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр авах бодлого, арга хэмжээний талаар зөвлөмж гаргах зорилготой аж. Олон улсын бага хуралд холбогдох байгууллагынхны тавьсан илтгэл болон зарим хүний гаргасан саналыг тоймлон хүргэж байна.

ХҮҮХЭД ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ АМЬДАРЧ БАЙХДАА БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх: -Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 76 хувь нь эцэг, эхтэйгээ амьдардаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд эцэг, эхтэйгээ амьдарч байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол их байна. Бэлгийн хүчирхийлэгч хүүхдийн хажууд байдгийг судалгаагаар тогтоосон. Тодруулбал, хүчирхийлэл үйлдэгчдийг ангилбал, үл таних этгээд 26.5, хөрш болон төрсөн эцэг тус бүр тав, эцэг, эх болон танил 17.5, төрсөн ах, төрөл садан 30, хойд эцэг 16.2 хувьтай байна. Энэ нь эцэг, эхийн хараа хяналтгүйгээс хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг харуулж байна. Тиймээс бид хүүхэд хамгааллын даатгалыг олон нийтэд санал болгож эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд есөн мянга орчим хүүхдийг зайлшгүй даатгуулах шаардлагатай гэсэн тооцоо гаргалаа. Хүүхэд алга болох эрсдэл, эрэн хайх зардал, бүх хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд аюулгүй байдлыг хангахтай холбоотой тээвэрлэх, хамгаалах, нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ, хууль зүйн туслалцаа, өмгөөлөгчийн зардлыг даатгалын компани санхүүжүүлэх тооцоо хийсэн. Даатгалын нөхөн олговрын дээд хэмжээ таван сая орчим төгрөг байхаар тооцлоо. Мөн хурдан морь унаач хүүхдийн даатгалын суурь хураамжийг 100 мянган төгрөг байх тооцоо гаргаж, зургаан аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Үүгээр тооцвол нөхөн олговрын дээд хэмжээ 20 сая байх юм. Монгол Улс хүн амын бодлого, халамжид суурилсан 74 төрлийн үйлчилгээнд 1.9 их наяд төгрөг зарцуулдаг. Гэтэл гэр бүлийг чадавхжуулах, хамтын амьдралыг дэмжих, урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх чиглэлд тодорхой төсөв хуваарилж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхгүй байна. Тиймээс цаашид энэ талд анхаарал хандуулах хэрэгтэй.

ЖИЛД 411 ХҮН АМИА ХОРЛОЖ БАЙГААГИЙН 30 ХУВИЙГ ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫХАН ЭЗЭЛДЭГ

Улсын ерөнхий прокурорын газрын Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал Б.Өнөрмаа: -Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл, нийгмийн шалтгаан нөхцөл, хамгаалал нь макро төвшний асуудал. Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгааг прокурорын байгууллага өнгөрсөн онд анх удаа хийсэн. Амиа хорлосон нийт тохиолдлын 30 хувийг өсвөр насныхан эзэлж байна. Хамгийн бага буюу арван настай хүүхэд амиа хорлосон тохиолдол гарлаа. Насанд хүрэгчдийн сэтгэл зүйн давамгүй байдал, зүй бус харьцааны улмаас шууд бус нөлөөллийн дор хүүхэд амиа хорлож байна. Тоглож наадах насан дээрээ хүүхэд амиа хорлож байгаа нь чимээгүй хүчирхийлэл. Монгол Улсад жилд 411 хүн амиа хорлож байгаагийн 30 хувийг хүүхэд, өсвөр насныхан эзэлж байгааг өнгөрсөн жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалгаагаар тогтоолоо. Харин энэ онд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийн суурь судалгааг сүүлийн таван жилээр манай хүрээлэн гаргасан. Монгол Улс бүх асуудлыг архидалт, ядуурал, ажилгүйдэл рүү олон жил чихэж ирлээ. Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах бодлого, эрх зүйн орчин дутаагүй. Бодлогоос илүү түүнийг хэрэгжүүлэх механизм доголдоод байна. Дээд болон бага, дунд боловсролын тухай хуульд зааснаар захирал, багш хүүхдийг аюултай эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. 2016, 2017 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 27 хувь нь 3-7 жилийн хугацаанд ойр дотныхоо хэн нэгний хүчирхийлэлд амьдарч байжээ. Энэ хугацаанд сургуулийн болон өрхийн эмч хаана, юу хийж байсан бэ. Дүүрэг, хорооны эмнэлэг оршин суугаа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах үүргээ яагаад биелүүлэхгүй байна вэ.

ХУУЛЬД ХАМААРАЛТАЙ ЖУРМЫГ ОДОО ХҮРТЭЛ ГАРГААГҮЙ БАЙНА

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн албаны дарга Л.Нямгэрэл: -Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг боловсролын салбаргүйгээр ярих боломжгүй. Судалгаанаас харахад сургуулийн орчинд хүчирхийлэлд өртсөн болон амиа хорлох оролдлого хийсэн, энэ талаар боддог хүүхдүүдийн дийлэнх нь багш, нийгмийн ажилтандаа хэлсэн байдаг юм билээ. Яагаад гэвэл, өнөө үед эцэг, эх хүүхдийн харилцаа амьд биш болсон учраас тэд өөрт ойр хүндээ ханддаг. Мөн гэр бүлийн орчинд үйлдэгдэж буй хүчирхийлэл, хохирогчийн талаар хамгийн түрүүнд мэдэх боломжтой нь боловсролын бүх төвшний байгууллага. Хүчирхийллийг ярихаар эрүүл мэнд, нөхөн сэргээлтийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Гэтэл харамсалтай нь, энэ хуралд боловсрол, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл алга. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагуулж, боловсролын салбараас гаргах ёстой хоёр журмын нэгийг өнөөдрийг хүртэл гаргаагүй л байна. Тодруулбал, сургуулийн орчин болон дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг тандаж, гаргаж ирэх үйл явцыг зохицуулах журмыг боловсруулж гаргаагүй. Хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдсэн орчныг авч үзвэл 77 хувь нь эцэг, эхээс хамааралтай газар байна. Тухайлбал, хүчирхийллийн 56 хувь нь хүүхдийн гэрт, 20 хувь нь уул, хээр тал зэрэг эзгүй газарт болсон байгаа юм. Уг нь хүүхэд гэртээ, эцэг, эхийнхээ дэргэд хамгийн сайн хамгаалагдсан байх ёстой. Үүнээс гадна бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 87 хувь нь ойр дотныхоо хүнд хүчирхийлүүлсэн байдаг.

БАГШ НАР САХИЛГА БАТ ТОГТООХДОО ХҮЧИРХИЙЛЛИЙН АРГЫГ ХЭРЭГЛЭДЭГ

“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг: -Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүчирхийллийн асуудал ярихаар бид эргээд социализм руугаа буцаад байна. Хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гээд хайрцаглах талаар яриад байдаг. Хүүхдийг эрх мэдэлтэй болгох, сонголт хийлгэх, дуу хоолойг нь сонсох, мэдлэг мэдээллээр хангах талаар огт хөнддөггүй. Боловсролын салбарын бодлогод тэднийг обеъкт гэж харсан хэвээр байна. Хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл аюулгүй байдал нь сурч боловсрох зэргээр бүх талаар хөгжих эрхэд нь нөлөөлнө гэдэг фокус боловсролын бодлого, тогтолцоонд алга. Мөн боловсролын салбар эцэг, эхчүүдийг сонсдоггүй, тэдэнтэй хамтарч ажиллахгүй байгаа ийм үед хүүхэд хамгааллын асуудлыг ярих боломжгүй болоод байна. Сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэл хамгийн их үйлдэгдэж байгааг судалгаагаар тогтоосон. Ёс зүйн асуудлаар нийслэлийн есөн дүүргийн арван сургуулийн багш нартай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Багш нар үймүүлсэн хүүхдийг зодно, загнана. Тэдний сайн сайхны төлөө ингэдэг гэсэн ойлголттой явдаг юм билээ. Багш нар сахилга бат тогтоох арга замаа мэддэггүй. Тэд айлгах, сүрдүүлэх, зодох аргыг хэрэглэдэг. Тиймээс энэ аргыг өөрчлөх цаг нь болсон.

ЭЦЭГ ЭХЧҮҮД “АЖЛААС ЧИНЬ ХАЛУУЛНА” ГЭЖ БАГШИЙГ ЗАНАЛХИЙЛДЭГ

Нийслэлийн 44 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Б.Өлзий-Эрдэнэ: -Хүүхэд төдийгүй багш нарын эрх ашиг хөндөгдөж буйг өөрийнхөө сургуулиар жишээ татаж ярья. Манай сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Хүүхдийн ачаалал хэвийн хэмжээнээс хоёр дахин их. Өөрөөр хэлбэл, 1400 хүүхэд сурах ёстой сургуульд 3700 хүүхэд суралцдаг. Би үүнийг хүүхдийн эсрэг нийгмийн хүчирхийлэл гэж ойлгодог. Багш нар бие махбодын хүчирхийлэл үйлддэггүй. Гэхдээ хүүхдийг санаатай болон санамсаргүйгээр хэл амаар доромжлох буюу сэтгэл санааны хүчирхийлэлд оруулдаг тал бий. Хүүхдийн асуудлаас болж сургуулийн удирдлагууд эцэг, эхчүүдэд загнуулж байна. Зарим хүн уур бухимдлаа хэн нэгэн рүү дайрч давшлах байдлаар гаргадаг. Өөрт нь зүй ёсны шаардлага тавьж, тайлбар хэлэхээр “Холбогдох байгууллагад нь хэлж, ажлаас чинь халуулна. Би өөрийнхөө хүүхдийг мэдэж байна. Чамд хамаагүй” гэх мэтээр заналхийлдэг. Тиймээс эцэг, эхийн мэдлэгийг дээшлүүлж, үүрэг, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй.

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)