Хүүхэд домнох монгол ухаан
- 2018-06-10
- Нийгэм
- 0

Нялх хүүхдийг эрүүл энх бойжихыг бэлгэдсэн зан үйл юм. Нялх хүүхэд сүлдээ гээж мэднэ хэмээн хүүхдээ цочooхгүйг хичээн сэрэмжилдэг. Ямар нэг шалтгаанаас гэнэт айн цочвол дэргэд нь байгаа том хүн тэврэн авч “Миний хүү бүү ай, хурай хурай” гэж хурайлдаг. Эсвэл эх нь “Бүү ай миний хүү хурай хурай” гэж гурвантаа хурайлдаг. Бас ус эргүүлж хурайлан дуудах нь ч бий. Гэхдээ цавгүй аяганд цэвэр ус хийж дээгүүр нь цагаан бүс буюу цаасаар бүтээн,нарны гэрэлд тавьж “Миний хүү хариад ир хурай хурай” гэж хурайлдаг. Нялх хүүхэд гэртээ ганцаараа үлдвэл өлгийнийх нь дэргэд гуйлан шанага хөмрөн тавьдаг. Ингэвэл ад чөтгөр ирсэн ч хүүхдийн хамар нүдийг нь эрж олохгүй гэдэг. Заримдаа хүүхдийн дэргэд алх сүх гэх мэтийн зүйлсийг тавьж хамгаалдаг.
Харин хээр гадаа унтаж байгаад цочсон хүүхдийг заавал нэрээр нь дуудаж хурайлдаг. Хүүхдийн сүүн шүд унахад өөхөнд ороон нохойд өгч “ Муу шүд авч сайн шүд өг” гэж хэлдэг заншил байдаг. Нохой хамгийн бат бэх сайн шүдтэй амьтан гэж үздэгтэй холбоотой биз ээ.
Ширгэлэх
Хүүхэд халуурч ханиад томуу тусах үед “Долоон бурханд ус адислуулж өгөх” гэж үдэш орой гэр дээрээ саванд ус хийж тавиад дараа нь хүүхдэд уулгадаг. Мөн “давс үсэргэх” “ус эргүүлэх” зэрэг ширгэлэх заншил байв. Хүүхэд өвдөх, ямар нэгэн юмнаас айж цочих, уйлагнахад, хүүхэддээ малгайг нь буруу харуулж өмсгөөд гал, цог дээр давс шатааж, үсэрч дуугарахад нь хүүхдээ тулган дээгүүрээ гурав эргүүлж, Сосорбарам бурханы тарни болон “Ган ширгэ суха, гангаа ширгэ суха, ширгэ ширгэ” гэж хэлээд, цээж рүү нь үлээдэг ёс байдаг.
Зальт шарыг урладгийн учир
Хүүхдийг элдэв гай барцдаас сэргийлхийн тулд уламжлалт арга болон домуудыг хэрэглэдэг. Үүний нэг нь эсгийгээр үнэг урлах юм. Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад нь саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай. Яагаад заавал үнэг гэж та бодож байна уу?. Үүний тухай нэгэн аман яриа байдаг. Хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд " ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн " гэж хэлдэг. Гэтэл хүүхэд айснаасаа уйлах гэтэл үнэг "худлаа худлаа" гэж тайвшруулахад баярласандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчлэх гэдэг байна.
Бор халзан туулай
Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхэж домнодог. Үүнийг бид хар халзан туулай гэж нэрлэдэг.Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж.
Хүүхэд шөнө унтаж чадахгүй хар дарж зүүдлээд байвал лаа асаан нар зөв тойруулан гурав эргүүлэн орчныг нь ариусган хамарт нь хөө түрхэн бор халзан туулайтай адилтган бодоод унтуулахад зүүдэлж дэмийрэхгүй болгодог домтой.
Буруу энгэртэй дээл
Хүүхэд тогтдоггүй айл эсвэл өвчин зовлонд өртөмтгий энхрий хүүхэдтэй айл элдэв зүйлийг цээрлэсээр ирсэн. Энхрий хүүхдэд нэр өгөх, хувцас өмсгөх, хоол унд өгөх нь бүгд учиртай. Тухайлбал хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тусгайлан барьсан гэрт эр хүн эх барьж авдаг. Төрөнгүүт нь нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийх нь дээлний баруун ханцуйнд боож авдаг. Мөн ширмэн тогоо хөмөрч авах, гүзээнд боох, хэдэн долоо хоногоор айлд хонуулах эсвэл хэдэн сараар хөл хорьдог байна. Энхрий болон хүүхэд тогтдоггүй айлын хүүхдүүдэд Ухна, Майхантай, Овоохой, Хэнчбиш, Тэрбиш, зэрэг элдэв нэр өгдөг бөгөөд түмэн даавууны өөдсөөр дээл, өлгий хийж өгдөг. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эхнэр мөртэй дээл өмсгөж, зориуд "хүүхэн" хэмээн нэр өгч баруун чихэнд нь ээмэг зүүн зүсийг нь хувиргадаг.

Сэтгэгдэл (0)