”Чингис Хаан” үзэсгэлэн Чикагод нээгдлээ
- 2012-02-27
- Дэлхий
- 0
АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын Байгалийн түүхийн “Фильд” музейд “Чингис хаан” үзэсгэлэн сар шинийн 3-нд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнг их хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа аж.

АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын Байгалийн түүхийн “Фильд” музейд “Чингис хаан” үзэсгэлэн сар шинийн 3-нд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнг их хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр оролцсон “Олстэйт” компанийн дэд ерөнхийлөгч Ж.Грефин үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Олон мянган үзэгчдэд Чингис хаан гэж хэн байсныг таних, ойлгоход энэ үзэсгэлэн ихээхэн тус болно. Мөн тэрбээр ердөө 25 жилийн хугацаанд Ромын эзэнт гүрний дөрвөн зууныг зарцуулж эзэлсэн газар нутгаас хэд дахин том газар нутгийг байлдан дагуулж чадсан. Хүн төрөлхтний анхны хууль цаазыг хэрэгжүүлсэн хийгээд чөлөөтэй худалдааны бүс, дипломат эрх ямба, шуудан өртөөний тогтолцоо зэргийг санаачилсныг үзэсгэлэнгээс сонирхож болно” хэмээжээ. Элчин сайд Х.Бэхбат Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой тохиосон 2012 онд АНУ-ын гурав дахь том хот Чикагод, Америкийн нэр хүнд бүхий музейд тус үзэсгэлэн нээгдэж буйд Монголчууд баярлан бахархаж байгааг илэрхийлсэн. Мөн “Чингис хаан” үзэсгэлэнг хүлээн авч зохион байгуулсан “Фильд” музей, “Олстейт” компани болон бусад ивээн тэтгэгч байгууллагууд, “Имэжин” компанид Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр энэ жил Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой мөн тохиож буйг онцлон тэмдэглээд энэхүү үзэсгэлэн Монголын түүх, соёлыг Америкийн ард түмэн таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн юм. “Фильд” музей нь 1893 онд байгуулагдсан бөгөөд Америкийн хамгийн эртний, нэр хүндтэй музейн нэг. Байгалийн ухааны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны томоохон төв юм. Тус музей гурван сая гаруй үзмэртэй бөгөөд түүнийхээ ердөө гуравхан хувийг олны өмнө дэлгэсэн байдаг аж. Нэг жилийн турш дунджаар 1.3 сая үзэгчийг хүлээн авдаг бөгөөд “Чингис хаан” үзэсгэлэн есдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна.
UNEN.MN

Сэтгэгдэл (0)