Ард түмний сэтгэхүйг өөрчилж, цочрол өгөх төсөл санаачлах тийм Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд манайд хэрэгтэй

Хэдэн зуун дамжин уламжлагдан ирсэн мал шиг сэтгэхүйгч өөрчилж болдог (үргэлжлэл, доош гүйлгэн эхлэлийг үзнэ үү)

Монголчуудынхаа сэтгэхүйг бараг манцуйтай байхаас, цэцэрлэгийн наснаас эхлээд өөрчлөх хэрэгтэй мэт. Тэгээд дараа нь боловсролын системийг бүхэлд нь. Мэдээж, энэ олон телевиз, сонин сэтгүүл, дээд сургуулийг цэгцлэхгүй бол хүүхэд, өсвөр үе маань сэтгэхүйн намагт живж дууслаа. Баабарын хэлснээр Монголд 430 теле суваг, 40 FM, 600 гаруй сонин сэтгүүл бий, үүнээс 20 нь өдөр тутмынх, 160 их дээд сургуульд 180’000 оюутан сурдаг, жилд 15’000 ном хэвлэж 50 УСК бүтээдэг, у/т нам 20, Төрийн бус байгууллага 26’000 бдаг гсэн.

Манай эрх баригчид, ихэс дээдэс, эвэртэн туурайтнууд маань Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю шиг байж чадвал ч… Ядаж л Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев шиг АРД ТҮМНИЙ СЭТГЭХҮЙГ ӨӨРЧИЛЖ, ЦОЧРОЛ ӨГӨХ ТӨСӨЛ санаачлах тийм Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд манайд хэрэгтэй байна. Назарбаев улстөрийн эр зориг гаргаж нийслэл хотоо нүүлгэж чадсаныг энд сануулахад илүүдэхгүй байх.

Хрэв тэгж чдахгүй бол УИХ-ыг тарааж хэсэг хугацаанд Монгол маань Ерөнхийлөгчийн засаглалтай болж болох юм. Ардчилал нь анархи болж хувирсан Монголоо аварч, авилга утаа түгжрэл … зэрэг олон асуудал бэрхшээлээс салах арга энэ байж магадгүй гэж мунхагланам.

Сингапурын э/з-н гайхамшгийг бүтээсэн Ли Куан Ю бол Сингапур 1959 онд тусгаар тогтнолоо олсноос хойш 31 жил Ерөнхий сайдаар нь ажилласан. Түүний санаачилсан эдийн засгийн шинэчлэл өөрчлөлт Английн колони байсан энэ орныг хөгжил цэцэглэлтэд хүргэж чадсан юм. Тэрээр эгэл ард иргэдийн нийгмийн бодлогод ихэд анхааран, авилга хүнд суртал-ыг үгүй хийснээр ийм амжилтад хүрснээ онцлон тэмдэглэдэг байв. Түүний хамгийн алдартай ишлэл бол “Өөрийн 3 найзаа шоронд хорьсноор ажлаа эхэл. Тэднийг юуны төлөө суулгасныг та яг мэдэж байгаа”. Ли Куан Югийн авилгатай тэмцэх гол зарчмын талаарх материалыг өчигдөр дахин нийтэлсэн билээ.

“ХЭН Ч БИДЭНД САЙХАН АМЬДРАЛ АВЧ ИРЭХГҮЙ. БИД ТҮҮНИЙГ ӨӨРСДИЙН ХӨДӨЛМӨРӨӨР БИЙ БОЛГОХ ЁСТОЙ” гэж Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю хлсэн. Байгалийн ямар ч баялаггүй энэ орныг #Азийнбар болгосон түүний гавьяаг сингапурчууд үнэлэн мөнхийн Ерөнхий сайд гэж өргөмжилдөг. “Хүмүүсийн “мал” шиг сэтгэхүйг өөрчилж чадвал шинэтгэл боломжтой. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хэвийн амьдрах эрх хэрэгжээгүй нөхцөлд (мал шиг бус харин хүн шиг амьдрах боломжтой орчин бүрдүүлээгүй бол) өөрчлөлт, шинэтгэл хийх боломжгүй” гэж Ли Куан Ю мэдэгдсэн. Ингээд агуу Ли Куан Югийн тухай хэдэн жилийн өмнө орчуулсан зарим материалаа дахин орууллаа.

ЛИ КУАН Ю: ХЭДЭН ЗУУН ДАМЖИН УЛАМЖЛАГДАН ИРСЭН МАЛ ШИГ СЭТГЭХҮЙГ Ч ӨӨРЧИЛЖ БОЛДОГ

Миний стратегийн нэг хэсэг нь Сингапурыг Зүүн өмнөд Азид “дэлхийн анхны баянбүрд” болгох явдал байлаа. Бид хөгжингүй орнуудын стандартын жишгээр хотуудаа тохижуулбал Сингапур бүс нутагтаа бизнес, аялал жуулчлалын бааз болох байлаа.

Үнэндээ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ХҮМҮҮСИЙН ДАДАЛ ЗУРШЛЫГ ӨӨРЧЛӨХӨӨС ХЯЛБАР байсан. Олон хүн гадаа жорлонтой урц, овоохойноос нүүж, цэвэр ба бохир устай орчин үеийн тэнгэр баганадсан өндөр байшинд нүүж орсон ч тэдний авир төрх, үйлдэл хэвээрээ. Иймээс бид хог хаягдал, бүдүүлэг зан авир, дуу чимээний эсрэг тэмцэж, хүмүүсийг бие биедээ эелдэг, боловсон ханддаг болгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн.

Бид маш доогуур түвшнээс эхэлсэн. 1960-аад онд сайд, парламентын гишүүд бид ард түмэнтэйгээ уулзах үед ажилгүй хүмүүс эхнэр, хүүхдүүдтэйгээ ирж, урт дараалал үүсгэдэг байв. Тэд ажил олж өгөхийг гуйн, гудамжны худалдаа эрхлэх эсвэл такси барих, сургуулийн хоолны газарт хүнсний бараа зарах зөвшөөрөл хүсдэг байсан.

Хэдэн мянган ийм хүн гудамж талбайд хоол хийж талхны мөнгөө олдог ч тэд замын хөдөлгөөний дүрэм, ариун цэврийн болон бусад шаардлагыг үл тоомсорлодог байв. Ингээд манай хотын ихэнх хэсэг хог новшиндоо дарагдаж, бохир заваан, эмх замбараагүй байхын зэрэгцээ өмхийрч ялзарсан хоолны үнэр үнэртдэг байлаа.

Бид ялаа, шумуулыг устгаж, өмхий үнэртэй жорлон, суваг шуудууг үгүй хийсэн. Үүний дараа мнай хотын нийтийн бүх жорлон зохих шаардлагыг хангах болсон.

Олон иргэн ямар ч зөвшөөрөлгүй, даатгалгүй хэрнээ хулгайгаар хүн тээвэрлэдэг байв. Тэд хаа ч хамаагүй зорчигчдыг авч буулган замын хөдөлгөөнд аюул учруулж байсан. Олон зуу, мянган хулгайн такси нийтийн тээврийн хөгжлийг бараг зогсоох шахсан тул Засгийн газархэдэн жилийн турш үүнтэй тэмцлээ.

Бид автобусны системийг өөрчилж, 1971 оноос хойш олон ажлын байрыг шинээр бий болгож, хувиараа машин барьдаг хүмүүст боломж олгосны эцэст хулгайн таксинаас гудамжуудаа цэвэрлэж авсан.

Гудамжны худалдаа, гуанзыг авто замын дэргэдээс холдуулж халуун ба хүйтэн ус, хог зайлуулагч бүхий төвүүд рүү нүүлгэж чадсан. Тэдний зарим нь алдартай тогооч болж, амттай, сайхан хоолоороо жуулчдыг татдаг боллоо. Тэр бүү хэл баяжсан тогоочид одоо саятан болж, мерседес унаж, зөөгчдийг хөлсөлж байна. Ийм хүмүүсийн бизнес сэтгэлгээ, эрч хүч, авьяас билэг л өнөөгийн Сингапурыг бүтээсэн юм.

Бид Сингапурыг хот-цэцэрлэг болгохоор шийдсэн. Би төрөл бүрийн нээлт, ёслол, янз бүрийн байгууллага дээр, мөн замын хажууд гээд хаа сайгүй мод тарих суулгахад оролцдог блов. Харин дараа нь би дандаа биечлэн очиж тарьсан модоо шалгадаг. Зарим газар ургаагүй модны оронд намайг ирэхээс өмнө шинийг суулгаж байсан тул удалгүй Үндэсний хөгжлийн яамны хүрээнд ногоон байгууламжийг хамгаалдаг байгууллагатай болсон юм.

Цэвэр хот, ногоон байгууламж-ийн төлөөх хөдөлгөөнд өндөр албан тушаалтай түшмэдийг бүгдийг татан оруулсан. Бид сая сая мод, бут суулгасан, учир нь НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛ ХҮМҮҮСИЙН ЁС СУРТАХУУНЫ ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛДЭГ ТУЛ ИРГЭД ӨӨРИЙН ХОТООР БАХАРХДАГ боллоо. Бид ажилчин анги болон дунд давхаргын төлөөлөгчдийн амьдарч байгаа орчинг адил түвшинд хүргэж чадсан юм. Гэвч хүмүүсийн буруу зуршлуудтай тэмцэхийн тулд шаргуу тэмцэх хөдөлмөрлөх хэрэгтэй болсон.

Хүмүүс ногоон дээгүүр туучиж, цэцгийн мандлыг сүйтгэж, суулгацыг хулгайлж, унадаг дугуй ба мотоциклоо мод түшүүлж тавин гэмтээдэг байсан.

Зөвхөн ядуус гэлтгүй докторын зэрэгтэй хүмүүс хүртэл өндөр үнэтэй сортын нарсыг хулгайлж, гэрийнхээ гадаа тарихаар авч явдаг байлаа. Хүмүүсийг ногоон байгууламжинд хайртай болгохын тулд бид ЭХЛЭЭД СУРГУУЛИЙН СУРАГЧДАД УРГАМАЛ НОГООГ АРЧЛАХ, ХАМГААЛАХ ХИЧЭЭЛ ЗААСАН юм. Тэд дараа нь эцэг, эхтэйгээ туршлагаа хуваалцдаг болсон.

Би дэлхийн бараг 50 улсад айлчилсан, тэдгээр орны үйлчилгээний түвшин надад их таалагдсан. Ингээд бид дэлгүүрийн худалдагч, таксины жолооч, үйлчилгээний хүрээний болон зочид буудал, зоогийн газрын ажилтнуудад эелдэг, боловсон харьцааны хичээл зааж эхлэв. Мөн Аялал жуулчлалын болон Худалдаа, үйлчилгээний яам өөрсдийн ажилтнуудын дунд үйлчилгээний чанарыг дээшлүүлэх кампанит ажил явуулдаг боллоо. Харин би энэ үед хөндлөнгөөс оролцож, “ЗӨВХӨН ГАДААДЫН ЖУУЛЧДАД ТӨДИЙГҮЙ ӨӨРИЙН АРД ИРГЭДЭД ЗӨВ БОЛОВСОН, СОЁЛЧ ХАНДАХ ЁСТОЙ” гэж мэдэгдсэн.

Дараа нь би Батлан хамгаалах яаманд даалгавар өгч, цэргүүдээрээ хүн амын дунд энэ талаар ухуулга сурталчилгаа явуулахыг даалгав. Түүнчлэн Боловсролын яам хагас сая оюутнуудаа, Зам харилцааны газар хэдэн зуун мянган ажилчдаа бүгдийг ийм ажилд хамруулсан. Ийнхүү эелдэг, боловсон зан манай амьдралын хэв маяг болж, Сингапур маань жуулчдад төдийгүй оршин суугчдад таатай газар болон хувирсан даа.

Бүтээн босголтын ажилтай холбоотойгоор бид хүн амыг нүүлгэн шилжүүлэх тусгай тасаг байгуулсан. Тэд гудамжны худалдаачин, фермер, гар урлалч зэрэг хүмүүстэй эцэс төгсгөлгүй яриа өрнүүлж, сэнхрүүлдэг болов. Учир нь иргэд өөрсдийг нь нүүлгэн шилжүүлж, эсвэл ажил төрлийн чиглэлээ өөрчлөхийг шаардахад дургүйцэн хандаж байсан юм. Энэ бол #улстөрийн осолтой даалгавар байлаа.

Хэрэв бид үүнийг маш болгоомжтой, хүмүүстээ ихэд анхаарал халамж тавин шийдээгүй бол дараагийн сонгуульд саналаа алдах байсан. Албан тушаалтнууд, парламентын гишүүдээс бүрдсэн зөвлөл эдгээр арга хэмжээнээс үүдэлтэй улстөрийн хохирлыг багасгахад бидэнд тусалж байлаа.

Хамгийн хүнд нь фермерүүдийг нүүлгэх байсан. Фермийн барилгын үнэ, хатуу хучилттай талбай, жимсний мод, загас үржүүлгийн газар зэргийг тооцон тэдэнд нөхөн төлбөр олгож байлаа. Энэ үед манай эдийн засаг өндийж хөгжин цэцэглэж бсан тул бид нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн. Гэвч заримдаа хамгийн өгөөмөр нөхөн төлбөр ч хангалтгүй болж байлаа.

Ахмад үеийн фермерүүд цаашид ямар ажил хийх, нөхөн төлбөрийн мөнгөөр юу хийхээ мэдэхгүй байсан юм. Тэд орон сууцанд амьдардаг болсон ч гахай, нугас тахиа, жимсний мод, ногооны газраа санагалзсаар байв. Шинэ хорооллуудад нүүлгэн шилжүүлснээс 10-15 жилийн дараа ч Ардын хөдөлгөөний намын эсрэг саналаа өгөгчид байсаар л. Тэд Засгийн газрыг өөрсдийнх нь амьдралыг баллаж сүйтгэсэн гэж үзсээр байсан юм.

Хотын орчин ямар бохирдолтой байгааг ургамал ногоогоор амархан тодорхойлж болно. Хөнгөн болон ачааны машин, автобусны утаа нөгөө ногоон ургамлуудыг хөө тортгоор хучиж, үхүүлж байлаа. Би 1970 оны намар Бостонд очоод шатахуун түгээгүүрийн дэргэд урт оочир үүссэнийг хараад гайхсан юм. Жолооч маань надад “Өнөөдөр бол ирэх жилийн турш машин барих лицензээ сэргээх сүүлчийн өдөр. Тусгай эрх авсан шатахуун түгээгүүрийн газруудад машинтай хүмүүс машинаа ашиглаж болох эсэхийг шалгуулдаг” гэж тайлбарлав.

Би Засгийн газрын бүтцэд Хүрээлэн буй #орчныбохирдол-той тэмцэх тасаг байгуулж, хөдөлгөөн ихтэй авто замууд дээр машины #утаанынягтрал, #тоосны бөөгнөрөл, хүхрийн давхар ислийн агуулгыг хэмжих төхөөрөмжүүдийг суурилуулав.

Дэлхийн бусад хотын орчимд цэвэр, ногоон дагуул хотууд байдаг. Харин жижигхэн Сингапурт бид энэ жижиг орон зайдаа ажиллаж, амьдарч, бас амрах ёстой. Иймээс БАЯЧУУДАД БА ЯДУУЧУУДАД Ч ГЭЖ ЯЛГАЛГҮЙ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАН ХАМГААЛЖ, ХЭВЭЭР АВЧ ҮЛДЭХ ЁСТОЙ болсон.

100 орчим фабрикаар хүрээлүүлсэн Журонг хотын төвд 1971 онд шувууны хүрээлэн байгууллаа. Хэрэв бид байгаль орчны бохирдуулалтын хэм хэмжээг тодорхой тогтоож, хатуу чанд дүрэм гаргаагүй бол дэлхийн өнцөг булан бүрээс авч ирсэн тэдгээр шувуу үхэх байсан биз.

Мөн би тээврийн хэрэгсэл, барилгын ажил, чанга яригч, зурагт, радиогийн дуу чимээтэй тэмцсэн. Байнгын тэмцлийн дүнд бид шинэ, шинэ дүрэм гарган шуугианы түвшнийг бууруулсаар байлаа. Ялангуяа Хятадын шинэ жилийн баяраар #салют буудуулах уламжлалтай тэмцэх их хэцүү байсан. Энэ салют их дуу чимээтэй төдийгүй хүмүүсийг гэмтээдэг. Түүнээс болж модон урц, овоохойтой бүхэл бүтэн тосгон шатсан тохиолдол олон.

1970 онд салютаас болж, том түймэр дэгдэхэд таван хүн амь үрэгдэж, олноороо шархадсан. Иймээс би Хятадын энэ уламжлалыг бүрмөсөн хорилоо. Гэсэн ч эсэргүүцэгчид байсаар л байв. Тэд нэг удаа шаардлага тавьсан зэвсэггүй цагдаа нарыг харгисаар зодсоны дараа би гадаадаас салют оруулахыг бүрмөсөн хориглов.

Хүн ам нь бараг тэр чигээрээ 10-20 давхар байшинд амьдарч байгаа нөхцөлд ХУУЧНЫ ЗАРИМ УЛАМЖЛАЛААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ.

1960-аад онд хотуудын өөрчлөн байгуулалт эрчимжиж, шинэ барилга барихын тулд хотын хуучин төвийг нураан түүхэн дурсгалт газруудыг сүйтгэдэг үе шат өнгөрлөө. 1971 онд Засгийн газар Хөшөө дурсгалыг хамгаалах газар байгуулав. 1970-аад оноос бид залуусыг буруу зуршлаас сэргийлэхийн тулд тамхины сурталчилгааг бүрмөсөн хориглосон. Дараа нь бид олон нийтийн газар, автобус, галт тэрэгний буудал, оффис, зоогийн газарт ч тамхийг хорьсон. Би дэлхийд үлгэр дуурайл болсон Канадаас жишээ авч байлаа.

Америкчууд энэ тал дээр бидний ард хоцорсон, учир нь тэдний тамхины лобби хэт хүчирхэг. Бид жил бүр “тамхигүй долоо хоног” зохиохын зэрэгцээ би зурагтаар хувийн туршлагаа ярьж өгдөг байсан. Тамхины эсрэг тэмцэл бол дуусдаггүй тулаан. Эд баялаг, АНУ-ын тамхины үйлдвэрлэлийн сурталчилгааны боломж үнэндээ тамхийг хүчирхэг дайсан болгосон. Хөгшин тамхичдын тоо цөөрсөн ч залуус болон охид бүсгүйчүүд занганд орсоор байсан ч бид энэ тулаанд ялагдах эрхгүй улс.

Манайд #бохь зажлахыг хориглоход #америкчууд шоолж инээж байлаа. 1983 онд Үндэсний хөгжлийн сайд “Зажилсан бохио цоожны нүх, шуудангийн хайрцаг, цахилгаан шатны товчлуур руу чихсэнээс үүдэн, метро галт тэрэгний хөдөлгөөн зогсох зэрэг асуудал гарах боллоо. Иймээс бохийг хориглоё” гэж уриалав. Шаланд наалдсан бохиноос болж цэвэрлэгээний өртөг нэмэгдэж, цэвэрлэх багаж төхөөрөмжийг эвдэрч байлаа.

Эхлээд би бохийг бүрэн хориглох нь арай хэтэрнэ гэж үзсэн. Харин миний дараа Ерөнхий сайд болсон Го Чок Тонг болон түүний хамтран зүтгэгчид 1992 оны нэгдүгээр сараас бохь хэрэглэхийг бүрмөсөн хориглосон. Дэлгүүрүүдийн бүх бохийг хураасны дараа метро, галт тэрэгтэй холбоотой асуудал багаслаа.

Сүүлдээ мнай Сингапурт ирсэн #гадаадын #сэтгүүлчид авлига, том гэмт хэргийн талаар мэдээ эрж хайгаад ч олж чадахаа болив. Иймээс харийн сэтгүүлчид мнай дээр дурдсан кампанит ажлуудын талаар бичиж, Сингапурыг Асрагч-улс (#NannyState) гэж шоолох болсон юм даа.

Харин бид өөрсдөө хамгийн сүүлд инээнэ гэдэгт би итгэлтэй байсан. ХЭРЭВ БИД АРД ИРГЭДИЙНХЭЭ ДАДАЛ ЗУРШЛЫГ ӨӨРЧЛӨХӨӨР ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГААГҮЙ БОЛ, ТЭДНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭН ТЭТГЭЖ БОЙЖУУЛААГҮЙ БОЛ ОДОО ИЛҮҮ БҮДҮҮЛЭГ, ЗЭРЛЭГ НИЙГЭМД АМЬДРАХ БАЙСАН БИЗ. Сингапур маань ч ёс суртахуунтай, хүмүүжилтэй, соёлжсон хот болохгүй байсан. Иймээс бид хамгийн богино хугацаанд тийм нийгэмтэй болох оролдлогоосоо ичээгүй юм.

БИД ХҮМҮҮСИЙН ХҮМҮҮЖЛЭЭС, АРД ИРГЭДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХЭЭС ЭХЭЛСЭН. Ингээд ихэнх хүмүүст итгүүлсний дараа зориудаар дүрэм зөрчдөг ЦӨӨНХИЙГ ШИЙТГЭХ ХУУЛЬ гаргасан. Энэ бүхэн л Сингапурыг амьдрахад таатай газар болгон хувиргасан билээ. Хэрэв үүнийг #АСРАГЧУЛС гэдэг юм бол би түүнийг байгуулсандаа бахархаж байна.

Дэлхийн #гуравдагч орныг ганцхан үеийн дотор #тэргүүлэгч блгосон нууц ердөө энэ гэж үү? Мнай #монголчууд чаднаа чадна!
орчуулсан М.Цогзолмаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (73.200.190.195)

    2018-08-07

    huue nuhduu ene elbegeeg yah ve heduulee...

  • (182.160.36.128)

    2018-08-06

    Маш маш маш эрс шинэчлэл хэрэгтэй байна