Нийслэлийн төвлөрлийг сааруулахад хөдөө орон нутгийнхан анхаарч эхэлжээ
- 2018-08-23
- Үнэн
- 0

Хотын дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс түр боловч хөндийрч Дархан, Сэлэнгийг чиглэсэн төв автозамаар салхи татуулан явахад өвс ногооны үнэр хамар сэртэгнүүлж, хөдөө тал ногоорон харагдах нь нэн таатай. Ойрын хугацаанд үргэлжлэн орсон бороо хур зарим нутагт аюул гамшиг авчирсан бол тариалангийн бүс нутагт хангалттай чийг өгч, газрын гарц тун сайхан байна. Гэхдээ бас зүгээр байсангүй, Борнуурын гүүр нурж, дундуураа хотойгоод зам нь эвдэрсэн харагдана. Түүнээс цааш “Урьхан” өнгөрөөд төв замаас зүүн гар тийш эргэж Төв аймгийн Жаргалант сумын төвд очлоо. Нийслэлийн төвлөрлийг бууруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нийслэл болон Дархан, Эрдэнэт хот, тэдгээрийн нутаг дэвсгэрт нь байршдаг Төв, Сэлэнгэ, Булган аймаг хамтран “Хөгжлийн алтан гурвалжин” хэмээх баримт, санамж бичигт энэ оны тавдугаар сард гарын үсэг зурсан байдаг. Энэхүү санамж бичгийн хүрээнд хийж гүйцэтгэж байгаа ажилтай танилцахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон ажлын албаныхан, нийслэлийн удирдлагын баг “Алтан гурвалжин”-д нэгдсэн зарим хот, аймгийг зорьж яваа нь энэ юм.
НИЙСЛЭЛИЙН 20 МЯНГАН ИРГЭН ТӨВ АЙМГИЙН НУТАГТ ГАЗАР ӨМЧИЛЖЭЭ
Биднийг Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс угтаж авлаа. Тус аймаг нийслэлийн хүн амыг мах, сүү, ногоогоор хангаж ирсэн олон жилийн туршлагатай бөгөөд энэ онд 100 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, 1000 га-д тэжээлийн ургамал тариалжээ. Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарын танилцуулснаар, үр тариа, хүнсний ногооны ургац арвин байгаа аж. Одоо ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх ажилдаа шуурхайлан орсон байна. Үүнээс гадна үйлдвэрлэлийг дэмжих үүднээс бусад аж ахуйн нэгж, компанитай хамтран ажиллаж, Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц, Сэргэлэн суманд “Говь” компани ноолуур боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлжээ. ДЦС-ыг түшиглэн 7000 хүн амтай суурьшлын бүс шинээр зохион байгуулах бол “Говь”-ийн үйлдвэр 2000 хүний ажлын байрыг бий болгох юм байна. “Тус аймаг 94.4 мянган хүн ам, 4.7 сая толгой малтай” гэж аймгийн Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ танилцуулсан. Мөн аймгийн нийт хүн амын 30 гаруй хувь буюу 35 мянган иргэн хашааны газраа өмчилсөн бол нийслэлийн харьяат 20 мянган хүн тус аймгийн нутаг дээр газар өмчилж авсан байна. Сэргэлэн сумын нутагт баригдах ноолуур боловсруулах үйлдвэр, удахгүй ашиглалтад хүлээж авах олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн суурьшлын шинэ бүс, үйлдвэр үйлчилгээний газар байгуулах боломж байгааг аймгийн удирдлага онцолж байлаа. Мөн 1000 айлын орон сууцны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж 25 хувийг ашиглалтад оруулсны дээр энэ онд багтааж 600 айлын орон сууцыг барьж дуусгах юм. Улмаар 2000 айлын орон сууцны асуудлыг ярилцаж эхэлсэн байна. Сэргэлэн суманд дунд сургууль байдаг ч тэнд ердөө хоёр анги л хичээллэдэг гэсэн. Энэ онд Төв аймгийнхан 42 мянган тн мах, 80 мянган тн сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх бөгөөд хурааж авахаар төлөвлөсөн төмсний 75 хувь (47 мянган тн), хүнсний ногооны гуравны нэг (5.0 мянган тн)-ийг нийслэлийн зах зээлд нийлүүлэхээр тооцоолсон байна. Тиймээс бүтээгдэхүүнээ худалдаж борлуулах тодорхой байршлыг нийслэлд бий болгох, түрээсийн төлбөрийг хямд байлгахад анхаарахыг нийслэлийн Засаг даргаас хүсч байсан юм. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ талаар анхаарал хандуулахаа илэрхийлсний дээр тус аймгийн нутаг дэвсгэр дээр “Майдар эко”, “Aeroport sity” зэрэг суурьшлын бүсийг шинээр байгуулахдаа эхнээс нь бодлого төлөвлөлтийг сайтар хийх, нийслэлийн суурьшлын бүсээс шахаж гаргасан мал бүхий айл өрхийг байршуулах, эрчимжсэн Нийслэлийн төвлөрлийг сааруулахад хөдөө орон нутгийнхан анхаарч эхэлжээ мал аж ахуй, фермерийг дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал (элс, хайрга дайрга зэрэг)-ыг тус аймгийн нутгаас олборлохоос аргагүйг учирлаж, Эмээлт, Баянзүрхэд шинээр байгуулах малын зах, төмс, хүнсний ногооны цэгүүдэд худалдаа эрхлэхэд нь тусалж дэмжихээ амласан юм. Ажлын хэсгийн энэ удаагийн бүрэлдэхүүн нэлээд олуулаа байсны дотор нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ажлын албаны дарга бөгөөд нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөр болон газар, хэлтсийн дарга нар багтсан юм. Бид Жаргалант сумаас хөдөлж, Дарханыг зорих зам зуураа Хонгор сумын ойролцоо орших Малын удмын сангийн үндэсний төв хэмээх шинэ тутам эмхлэн байгуулагдсан байгууллагын ажил байдалтай танилцав. Тус төвийн Үйлдвэр, технологийн албаны дарга Н.Бархасын мэдээлснээр малын генийн санг хамгаалах, удмын санг сайжруулах зорилготой энэ байгууллага нь шилмэл омгийн мал үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх судалгааг хийхээр малын байр, жүчээ зэргийг барьж, ашиглахад бэлэн болсон байлаа. Дараа нь Дархан-Уул аймагт байрлах ХААИС-ийн харьяа Агроэкологи, бизнесийн сургуулиар зочлов. Тус сургууль нь 1969 онд Усны аж ахуйн техникум нэртэйгээр Архустад байгуулагдаж байсан, 50 шахам жилийн түүхтэй юм. 1991 оноос Дархан хотод шилжиж байрласнаас хойш ХААИС-ийн харьяанд орсон байна. Агроэкологийн бизнесийн сургуулийн захирал, доктор З.Нэргүй танилцуулснаар тус сургууль 20 орчим чиглэлээр мэргэжил, бакалаврын зэрэг олгодог бөгөөд 1400 оюутан суралцуулах хүчин чадалтай аж. Гэвч одоогоор 700 гаруй оюутан суралцдаг байна. Энэ нь залуучууд нийслэл рүү тэмүүлж байгаатай холбоотой гэж сургуулийн удирдлага дүгнэж байлаа. Нийслэлийн Засаг дарга тэдэнтэй санал бодлоо хуваалцсаны дараа ахмад эрдэмтэн багш, судлаачдыг орон байраар хангавал багшлах боловсон хүчнийг татах, мөн хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр суралцагчдыг мэргэжлээр нь ангилж, элсэлт авдаг болбол илүү үр дүнтэй байж болохыг зөвлөсөн. Агроэкологи бизнесийн сургуулийнхан байгалийн нөхөн сэргээлтэд ашиглах, хот суурин газрын ногоон байгууламжийг сайжруулах үүднээс Чехийн технологиор нарс, шинэс, гацуур зэрэг 10-аад төрлийн модны суулгацыг үрээр тариалж байгаагаа нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Тус аймагт 10 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж, 5000 оюутан суралцдаг юм байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМАНД АРЬС, ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ ажилд томилогдсоныхоо дараа хотын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, суурьшлын бүсийг ангилах, агаарын бохирдлын бүсийг тогтоох захирамж гаргасан нь хэт төвлөрлийг сааруулахад тодорхой үр нөлөө өгч байгааг Дархан-Уул аймгийн удирдлага, ЗДТГ-ын ажилтнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр онцолж байлаа. Тус уулзалтад аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон ЗДТГ-ын дарга Д.Энхбат тэргүүтэй албаныхан оролцсон юм. Тус аймаг 327 мянган га газар нутагтай боловч түүний 70.7 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газарт тооцогддог төдийгүй Орхон, Хонгор сумыг Засгийн газрын тогтоолоор эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүсэд хамааруулсан байдаг. Одоогоор 101.8 мянган хүн амтай тус аймаг ойрын хугацаанд 300 мянган оршин суугчтай болох томоохон зорилтыг тавьсан байна. Үүнд, ирэх жилүүдэд барьж байгуулах Дарханы технологи, үйлдвэрлэлийн парк, Хонгор суманд барихаар төлөвлөсөн үхрийн фермерийн аж ахуй, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор томоохон хувь нэмэр оруулна гэж тооцож байгаа талаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхбат танилцуулж байлаа. Тус аймаг өөрийн нутаг дэвсгэрийг аялал жуулчлалын дөрвөн бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөсний дээр Дархан хотын усан хангамжийг Японы Жайка олон улсын байгууллагын 14.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сайжруулж, дулааны шугам сүлжээгээ өргөтгөж, цахилгаан эрчим хүчний хангамжаа 35 МВт-аар нэмэгдүүлсэн зэрэг нь шинээр суурьших иргэдийн хэрэглээг хангаж чадна гэж аймгийн удирдлага үзэж байгаа юм. Үүнээс гадна 10 мянган айлын орон сууцны цогцолборыг барьж байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж дуусчээ. Энэ үеэр Дархан-Уул аймагт тулгарч байгаа зарим хүндрэлтэй асуудлын талаар аймгийн Засаг дарга С.Насанбат танилцуулсан. Тухайлбал, Технологи үйлдвэрлэлийн парк байгуулах, хөгжүүлэх эрхийг орон нутгийн мэдэлд бүрэн гүйцэт олгохгүй байгаагаас асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Мөн 770 га газрыг эзэлсэн, дөрвөн шатлалтай цэвэрлэх байгууламж барих анхны ТЭЗҮ-ийн тооцоог дахин хийж, хоёр дахин бага өртгөөр барих тооцоолол гаргасан ч санхүүжилтийг шийдэж чадаагүй байна. Үүнийг “Дархан нэхий”, “Дархан минж” зэрэг арьс, шир ашигладаг үндэсний томоохон компанитай хамтарч шийдэх буюу гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэл барьж байгаа аж. Үүнд нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулах боломжийг судлахыг хүссэн юм. Бас нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах чиглэлээр Орхон суманд хэрэгжүүлэх кластер төсөлд анхаарлаа хандуулахыг нийслэлийн удирдлагад санууллаа. Уг төслөөр төмс, хүнсний ногоог зооринд хадгалах бус гүн хөлдөөх технологийг ашиглах замаар бүтээгдэхүүний чанар, хэрэглээний хугацааг уртасгахаар төлөвлөжээ.

ШААМАРТ ГУРВАЛЖИН БУДАА ТАРИАЛСАН НЬ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ
Ажлын айлчлалын төлөвлөгөө ёсоор мягмар гарагт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин, зөгийчидтэй нийслэлийн Засаг дарга уулзалт зохион байгуулсан. Тэд “Сэлэнгийн ногоон өдрүүд” уламжлалт арга хэмжээ, худалдааны үеэр төмс, хүнсний ногоо, Шаамарын брэнд бүтээгдэхүүн зөгийн бал болон жимсний чанамал зэргийг худалдан борлуулахад талбайн түрээсийн төлбөрийг хөнгөвчилж, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг нийслэлийн удирдлагаас хүсч байв. Сэлэнгэ аймаг 41.1 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй ч нийт нутгийн 50.6 хувь нь мөн л хөдөө аж ахуйн эдэлбэр газар байдаг аж. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Шаамар сумын ногоочин, зөгийчдөд зориулан 10 ширхэг хүлэмж, төв замын дагуу автомашины зогсоол бүхий зах байгуулж өгөхөөр болсноо мэдэгдлээ. Мөн Японы Шизоко мужтай хамтран ажиллаж, гурвалжин будаа тариалсан туршлагадаа үндэслэж, нарийн ногоо тариалах, зөвлөгөө өгөх мэргэжилтэн урьж авчрахаар болсныг дуулгасан юм. Нийслэлийн Засаг дарга С.Батболд эдгээр санал санаачилга, ажлын зорилгод нь амжилт хүсч, Шаамарын брэнд бүтээгдэхүүнээ нийслэлд худалдаалахыг урьснаар уулзалт өндөрлөлөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн төвлөрлийг сааруулах, задлах талаар дэвшүүлсэн зорилтын хүрээнд байгуулсан “Хөгжлийн алтан гурвалжин” санамж бичигт тусгасан зарим ажлын эхлэл сайн байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагддаг Манзуширын хийдийг харж хамгаалах, тэнд үйлчилгээ нэвтрүүлэх, орон нутагт их дээд сургуулийн харьяа салбарыг байгуулах талаар төлөвлөж хийх ажил багагүй байгааг онцолж байлаа.
Д.МӨНХЖАРГАЛ

Сэтгэгдэл (0)