Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуайн дотоод ертөнцөөр аялахад

Өнгөрсөн хугацаанд улс орон маань янз бүрийн саад бэрхшээлтэй тулгарч, сөрж туулсаар өнөөдөртэй золголоо. Тэр нь зуд турхан, гал түймэр, ургац алдалт, улс төр, эдийн засаг хямрах, улс орон даяараа өрөнд унах зэргийг сөрж чадан хөгжиж ирлээ. Энэ бүгдийг улс орноороо, хүн ардаараа амсч эдлэн, юм үзэж, нүд тайлж яваа ард түмэн билээ.

Тэр бүгдэд ард түмэн эрвийх дэрвийхээрээ оролцож аварч, амь бие зориулсан буурлуудынхаа буянд өөдөлж, өнгөжиж яваа юм. Улс орны хүнд хэцүү нөхцөлд үнэ цэнэтэй зөвлөмж нь ус агаар шиг хэрэг болдог. Тийм үед төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн үнэ цэнэтэй зөвлөгөө ус агаар шиг ач тусаа өгсөөр байдаг. Хатуужил, тэсвэр сорьсон үед хашир буурлуудын оруулсан хувь нэмэр алийг тэр гэх вэ. Тэдний нэг бол Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадорж гуайг монгол түмэн андахгүй. Ядарсан цагт хэрэгтэй ганц үг ч ганцдахгүй. Хариу нэхдэггүй буянтнууд гэвэл буурлуудыг хэлнэ. Өнөө цагт олон ургалч үзэл уралдсанаас янз бүрийн үзэл бодлын урвалд орсон хүн цөөнгүй. Бид ямар ч үзэл бодлын урвалд орлоо гэсэн ганцхан эх орноо гэх сэтгэл хүн болгонд байдаг.

Эх орноо, ард түмнээ, улс үндэстнээ, удам угсаагаа, түүх соёлоо, ахмад дээдсээ хүндэтгэхэд тус дэм болох болов уу гэснээс Ерөнхий сайд асан Ш.Гүнгаадорж гуайтай цөөн хором дотоод ертөнцөөр аялах завшаан тохиосноо дэлгэе.

-Хүн болж төрсний утга учрын талаарх ойлголтоо хуваалцана уу?

-Хүн адгууснаас ялгаатай нь дээд зэргийн оюун сэтгэхүйтэйд оршино. Гагцхүү хүмүүнд заяасан энэ онцгой чанар болох ухаан сэтгэхүйн илрэл нь харилцан адилгүй байдгаас амьдралын зорилго нь ч, түүний үр дүн нь ч өөр өөр байдаг бололтой. Энэ нь ч аргагүй байх. Бүх хүний өмьдралын зорилго нь нэгэн хэвээр цутеасан мэт байвал амьдрал ямар ч сонирхолгүй, царцанги байх биз. Миний хувьд хүн болж төрсөн энэ завшаантай хувь заяаг амьдралын бүх мөчид туйлын идэвхтэй байж, орчиндоо, нийгэмдээ, үр ашигтай зүйлийг хийж, бүтээх. Амьдралын эцсийн мөч хүртэл сурах, сурч мэдсэнээ шингээж, хөрвүүлэх чадвартай байх. Энэ зорилгодоо ямар нэг хэмжээгээр хүрч яваа гэж боддог. Хүмүүний амьдралын зорилго хязгааргүй ундарч байдаг бололтой. Харамсалтай нь, тэр ундаргыг тэжээх, хүний нас даанч ахар юм. Гэхдээ хүн ганц өөрийнхөө төлөө зорилго тавьж амьдардаггүй учраас таны зорилго нийтлэг, өөдрөг, ирээдүйтэй байх аваас дараа дараагийн үе уламжлан тунгааж, өртөөлөн авах биз ээ. Залуу үедээ захихад “Та бүгд байнгын халуун эрмэлзлэл, зорилготой амьдарч, түүнээ царцааж хөргөлгүй, үргэлжийн хөрвөлт, хөдөлгөөнд байлга. Амьдралын утга учир үүнд оршино”.

-Аз жаргалтай амьдрал гэж чухам юу вэ?

-Хүн бүр аз жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг. Гагцхүү энэ хүслийн амьд илрэл нь янз бүр байдаг бололтой. Аз жаргал, сайхан амьдар гэдэг нь нэгэн ухагдахуун бөгөөд нэг юмны хоёр тал. Бие биеэ тодотгосон ойлголт. Өөрөөр хэлбэл, сайхан амьдрал үгүйгээр аз жаргал үгүй. Аз жаргал үгүйгээр сайхан амьдрал гэж үгүй. Миний ойлголтоор сайхан амьдарна гэдэг нь дутах, гутах юмгүй, амар тайван, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, эв найрамдалтай, өрх гэртээ ч өнөр олон, нийгэмдээ ч ашигтай, хэрэгтэйг бүтээхийн төлөө, байнгын эрмэлзэл тэмүүлэлтэй, өөдрөг сэтгэлтэй амьдрахыг хэлнэ байх. Аз жаргал, сайхан амьдрал тэнгэрээс унахгүй, газраас ургахгүй, хоосон мөрөөдлөөр бий болохгүй. Гагцхүү хүн та өөрийгөө хэрхэн зөв жолоодохоос шалтгаална. Ажил амьдралын явцад тохиолдсон баяртай сайхан үе алийг тэр гэх вэ. Ёр нь том, жижиг ямар ч ажил эрхэлж, хийж байхад хэрэгжүүлж бүтээхээр зорьсон ажлынхаа эцсийн үр дүнг үзэж байх л хамгийн сайхан даа. 1970-1980-ад онд Монгол Улсын газар тариалангийн салбар эрчимтэй хөгжлийнхөө замд орж, эрч хүчээ авч жилд улсын хэмжээнд 600-900 орчим мянган тонн тариа хураан авч, зам талбай, цэнгэлдэх хүрээлэнд будаа асгаж, будаа тариагаар бялхаж, ард түмнийхээ хэрэгцээг бүрэн хангаж, улаан буудай, төмс, ногоог гадаадад экспортлон гуйхын гутамшгийг үзэхгүй байсан тэр цаг мөч хамгийн баяртай үе байсан юм уу даа. Би тэр үед Хөдөө аж ахуйн яамны газар тариалан эрхэлсэн орлогч сайд (1968-1975 онд) байсан. Зөвхөн би ч биш ард нийтээрээ сэтгэл хангалуун баяртай байж дээ. Найман жил дараалан ургац алдаж, алдагдалтай ажилласан Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргаар, ажил сайжруулах даалгавар авч томилогдсон. Тэнд хоёр жил хагас ажиллах хугацаандаа газар тариаланд техник, технологийн ижбүрэн шинэчлэл хийж, нэг га-д орох үрийн нормыг 180 кг байсныг 90-120 кг болгон шинэчилж, хөрсийг хавж боловсруулах зэрэг дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлснээр хоёр жил дараалан өндөр ургац авч "Улсын тэргүүний аж ахуй болгосон"- нь миний амьдралд тохиолдсон бас нэгэн баяртай мөч байсан. Би энд зөвхөн мэргэжлийн холбогдолтой ажил үйлсэд хамаарах зүйлийг хэллээ. Нам төр, аж ахуйн салбарт ажилласан үеийн сэтгэл хангалуун баяртай мөч гэвэл зөндөө л дөө.

-Таны ажил, амьдралд тохиолдсон сэтгэл дундуур үе?

-Миний ажил, амьдралын мөчлөг бүр ихэнхдээ хангалуун өнгөрсөн дөө. Ер нь хүн ажил, амьдралынхаа аль ч үед өмнөө тодорхой зорилго тавьж, түүнийгээ гүйцэлдүүлэх арга замаа зөв тодорхойлж, замд тохиолдох түр зуурын бэрхшээлийн өмнө сөхөрч, шантралгүй, чин сэтгэлээсээ үнэнч шударгын мөрийг хөөж ажиллаваас өмнөх зам чинь дардан байна. Тиймээс таныг сэтгэл хангалуун баяртай мөч байнга угтана гэдэгт итгэж болно. 1990-ээд оноос газар тариалангийн салбарыг зах зээлд шилжүүлэх төрийн оновчтой бус бодлогоос голлон шалтгаалж энэ салбар жилээс жилд уруудан доройтож, гурил будаа, төмс ногоогоо гадаадаас гуйж, царайчилж, энэ салбар мөхөх үү, сэхэх үү гэдэгтээ хүрсэн. Энэ үе надад мэргэжлийн хүний хувьд хамгийн гунигтай үе байв. Мцний бие энэ үед гадаадад хоёр ч орон дамнан элчин сайдаар ажиллаж байсан учир нөлөөлөх боломж даанч хязгаарлагдмал байсан. Ер нь өмч хувьчлал ялангуяа хөдөө аж ахуйд зарчмын буруу хэлбэрээр явуулсны горыг энэ салбарт бишгүй л амссан даа. 1980 оны сүүлчээр хөдөө аж ахуйд "Гэрээ түрээс"-ийн хэлбэр эрчимтэй нэвтэрч малчид, тариаланчдын талархлыг хүлээж байсан үед Хөдөө аж ахуйн яам, амьтны малын тоог хязгааргүй болгох тухай асуудлыг Улс төрийн товчоонд гурван удаа оруулаад эцэст нь сайд миний бие Товчооны эрх мэдэлтэй том даргаас “Гунгаадорж оо, чи феодализм руу энэ хэдэн нэгдлийг оруулчихаад яаж эргүүлж гаргах гэж байгаа юм бэ” гэдэг хатуу зэм авч манай санал дэмжигдээгүй өнгөрч байсан нь бас нэгэн гунигтай, сэтгэл нэн гонсгор байсан үе байв. Үүнд одоо ч харамсч байдаг. “Гэрээ түрээс” бол мал аж ахуй, газар тариалангийн салбарыг зах зээлд төвөг багатай, богино хугацаанд шилжүүлэх жинхэнэ монгол хувилбар байсан гэдэгт би одоо ч итгэдэг.

-Үндэсний бахархал гэж таныхаар...?

-Эзэн Чингисийн маань төв Азийн цээжинд он шавыг тавьж байгуулан, өвлүүлж үлдээсэн Монгол эх орон бол монголчуудын үндэсний бахархал. Бас бардамнал байх учиртай. Монгол эх орон хөгжин цэцэглэх эсвэл зэврэн доройтох нь монголчууд та биднээс шалтгаална. Монгол Улсаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд хөтлөгдөн эрдэм мэдлэг,хүсэл тэмүүллээ нэгэн зорилгод чин сэтгэлээс хандуулж чадваас эх орны маань хөгжлийн гал цог ямагт асан дүрэлзэж байх учиртай. “Сиймхий ч гэсэн гэр минь, Сэгсгэр ч гэсэн ээж минь” гэсэн орой руу орсон мэргэн үгийг цаг ямагт санаж явцгаая.

-Эх оронч гэж хэнийг хэлнэ вэ?

-Миний ойлгож байгаагаар эх оронч үзэл, үндэсний бахархал гэдэг нэг зоосны хоёр тал юм. Эх орноо үнэн голоосоо хайрлах үзэл, бодол хүний зүрх сэтгэлд шингэж, тогтвортой оршсон нөхцөлд үндэсний бахархал аяндаа бий болно. Эх орноо хайрлах, өнгөтэй өөдтэй байлгах үзэл бодол эрмэлзэл, тэмүүллийг өлгийтэй хүүхдээс эхлээд өтгөс буурал хүртэл бүх хүний сэтгэхүйд суулгаж, төлөвшүүлэх нь чухал. Ийм учраас эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх асуудлыг цэцэрлэгээс эхлээд бүх шатны сургалтын хөтөлбөрт оруулж хөгжүүлэх нь нэн чухал байна. Эх нутаг, улс орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө амь насаа золиослон тэмцэж явсан үө үеийн эх орончдын баатарлаг үйлсээс суралцах нь цаг үе улирах тутам улам үнэ цэнэтэй болохыг анхааръя. Эх оронч үзлийн нэг илрэл нь ялангуяа өнөөгийн нийгмийн үед хүн бүр улс орныхоо хөгжилд чадал боломжийнхоо хэрээр оролцож, хувь нэмрээ оруулж байгаагаар илрэх учиртай.

-Ахмадаа сонсч хүндлэх уламжлал...?

-Ахмадаа хүндэлж бас үнэтэй сургаалийг нь хэрэгжүүлж ирсэн сайхан уламжлалыг сэргээж, ахмад залуу үеийн холбоог, орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажил хэрэг болгож бэхжүүлэх нь чухал байх шиг. Энэ нь төрийн төвшинд ч, түмэн олны хувьд ч нэгэн адил үзэж, хэвшүүлж төлвшүүлэх ёстой юм болов уу. “Ах нь сургаж, дүү нь сонсдог” гэсэн сургаал зөв боловч орчин цагт хэт нэг талыг барьсан, дарангуйлсан шинжтэй учраас арай уяруулж, харилцан сонсдог байх. Гэхдээ оймс илүү элээсний хувьд ахмад нь арай давуу эрхтэйгээр ахмад, залуу үеийн холбоог нягтруулж төлөвшүүлэх нь зүйтэй юм шиг. Монголчууд дээр үеэс байгаль дэлхийгээ шүтэж. хайрлаж, халамжилж ирсэн сайхан уламжлалыг сэргээх, харьцангуй унаган төрхөөрөө байгаа тансаг сайхан байгалиа хайрлах, хамгаалах сэтгэлийг иргэн бүрт төлөвшүүлэх эндээс л нөгөө "Эх оронч үзэл, үндэсний бахархал" жинхэнэ утгаараа илэрнэ шүү дээ.

-Улсын хөгжлийн үндсэн суурь юу вэ?

-Монгол Улсын хөгжлийн үндсэн суурь нь гурван сая хүнээ бүх талаар хөгжүүлэх тодорхой түвшинд боловсрол, мэргэжил, мэдлэг эзэмшүүлэх, эрүүл энх байлгахад чиглэсэн бодлогыг нэгдүгээрт тавих учиртай. Эрүүл, боловсролтой иргэдтэй, төр нь тэдэндээ түшиглэсэн бодлого явуулдаг улс орон хөгжилд хүрнэ. Улс орны хөгжил өрх гэрээс эхтэй. Төрийн хөгжлийн бодлогыг "Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөдөг" сургаалд тулгуурлаж явуулбал үр дүнд хүрнэ. Эзэн Чингисийн "Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөе зас" гэж айлдсан сургаал чухамдаа “Хүнээсээ, айл гэрээсээ” хөгжлийн бодлогыг эхэл гэсэн үг юм биш үү. Бид дээдсийн сургаалийг хий цээжлэх бус, үг бүрийг ухаж ойлгоод амьдралд буулгах учиртай юм даа.

-Эв нэгдлийн тухай таны ойлголт?

-"Эвтэй байхдаа хүчтэй" гэдгийг буурал түүх бидэнд бэлхнээ хэлж сургаад байгаа. Энэ үгийг төрийн томчуудаас аваад толгойтой бүхэн амны уншлага болгон хэлдэг. Гэтэл 1990 оноос хойш 20-иод жилийн хугацаанд улс орныхоо сайн сайхны төлөө үнэхээр эвтэй найртай байж чадав уу. Эвтэй байна гэдэг найрч үгсэн хуйвалдахын нэр биш. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэсэн мэргэн сургаалийн жинхэнэ илрэл өнөөдөр Монголд хэлбэр агуулгын аль ч утгаараа тод, харагдаж байгаа нь хөдлөшгүй үнэн. Ийм нөхцөлд үндэсний эв нэгдэл гэдэг хоосон лоозон болно. Ганцхан жишээ хэлэхэд, дэлхийд зартай ашигт малтмалын орд газруудаа хэрэгтэй үед ашиглах асуудлыг шийдэж чадахгүй, улс төрийн амбицад хөтлөгдөн хэрэлдэж маргалдан, жагсаал цуглаан болж, үймэж шуугисаар өнөөдөр түүнийхээ горыг яаж амсч байна вэ. Энэ бол үндэсний эв нэгдэл гэж аман дээрээ хэлдэг ч ачир дээрээ арван зүг рүү зөрөөд суучихдагийн тод жишээ. Учир иймд эв нэгэдэлтэй байх үзэл санааг эхлээд иргэдэд биш засаг төрийн дээд түвшинд, дээдчүүдийн тархи толгойд гүнзгий суулгаж, төлөвшүүлэх нь чухал. Ингэж байж үнэдсний эв нэгдэл, ард иргэдийг төлөвшүүлж чадна. Сайхан сайхан бүхний эх үндсийг эндээс тавина.

-Чин эрмэлзлэл, тэмүүллийн тухай таны ойлголт?

-Хүн бүр өсч төрсөн өлгий нутаг Монгол эх орноо, цаг үргэлж хайрлан хамгаалж түүний сайн сайхан хөгжил, цэцэглэлтэд нэмэр хандиваа байнга оруулж байдаг. Байнгын эрмэлзэл, тэмүүлэл, эрхэм зорилготой байх учиртай. Энэ бүхнээ үр хүүхэд, ач,гуч, зээ нартаа үе дамжуулан уламжлан үлдээх. Хүний амьдралын ахархан хугацааны нэг ч мөчийг үргүй дэмий бүү өнгөрөө. Тогтмол сурч, хөдөлмөрлөж, өөрийгөө байнгын ачаалалтай байлга. Зав гарахгүй байна. Ажил олдохгүй байна гэдэг огт худлаа. Амьдарч буй хугацаандаа дэмий үргүй өнгөрүүлсэн цагаа эргээд нэг бод.тооц. Олон олон сар жилээр хэмжигдэнэ. Та өөрийгөө байнга дайчилж, шахаж шаардвал 2 сая 500 мянган км кв нутагт ажил олдохгүй гэвэл түүн шиг худал юм байхгүй. Бод, бод, дахин сайн бод. Өөрөө өөрийгөө байнга дайчил. Бэлэн будаа бүү хүлээ. Төр, засаг юу өгөх вэ гээд хэвтээд байвал та л хохирно. Урьдахаа сайн хар, ухаанаа бүрэн шавх.

-Дээдэс, мэргэн ардынхаа сургаалийг та хэрхэн шүтдэг вэ?

-Миний амьдралдаа анхаарч баримталж ирсэн нэг зарчим бол мэргэн ардын маань онч мэргэн үг, ухаантай хүмүүсийн айлдсан ном, сургаал. Энэ бүгдийг ухааран шүтэж, хэрэглэж чадваас мөн ч их хэрэг болно доо.

Ингээд би эдүгээ ч ач холбогдлоо алдаагүй байгаа “Эзэн богд Чингис хааны зарлиг” сургаалаас (Эрдэмтэн Ц.Нацагдоржийн эмхэтгэн гаргасан) энд дурдъя.

Хөх Монголын уужим хөрсөнд

Мянган толгойтой могой амилуузай.

Хойчийг залгамжлах Монгол Улс

Өлөнд хучсан өгөр болуузай

Хаан хишигт багтах ахул

Хөлжин баяжихийг цээрлэ.

Дархан эрх эдлэх ахул

Дураараа авирлахыг цээрлэ

Ашиг харж төр түшилцэгч

Атаатнаас дор аюул удмой

Олз хайж, ханьсагч садан

Орд гэр цөлмөн хоосолмой

Хаан хүмүүстэй ханьсав хэмээн

Хазгай бурууг бүү үйлдэгтүн

Хас төрийг түшив хэмээн

Харц олноо бүү огоорохтун

Ухаант мэргэд төрийн тулд

Үг хэлэлцэн эрхэнд хүрмой

Ухвар мөчдүүд өөрийн тулд

Үг уралдуулж эв эвдмой

Эрх дарх эдлэхийг тэвч

Эв эеийг эрхэмлэн сахигтун

Эрдэм ухаанд хичээн шамдаж

Шударгуу ёсыг дээдлэн сахигтун

Б.ПҮРЭВСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)