С.Батболд: Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга дээр үүрэн холбооны антенн байрлуулахгүй

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж, цэцэрлэг, сургуулийн барилгын дээвэр дээрх үүрэн холбооны антенныг 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үе шаттайгаар цэгцлэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сард холбогдох газруудад нь үүрэг болгосон. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөлөл өчигдөр уулзаж, санал бодлоо солилцлоо. Тэдний байр суурийг хүргэе. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: -Гар утасны долгион хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээ мэдээлэл их гарч байна. Гэтэл хүүхэд ихэнх цагаа өнгөрүүлдэг сургууль, цэцэрлэгийн барилгын дээвэр дээр үүрэн холбооны операторуудын антенн байдаг. Тэнд сурч, хүмүүжиж байгаа хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг байж магадгүй гэж эцэг, эхчүүд үзээд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч, Хүүхдийн төлөө зөвлөлд хандсан. Тиймээс бид ажлын хэсэг гарган судалсан. Бүх дүүргийн 24 сургууль, 12 цэцэрлэгийн барилга дээр үүрэн холбооны операторуудын антенн байдаг юм байна. Үүнээс гадна интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын долгион цацруулагчийг байршуулсан байна. Ингэхдээ ямар нэгэн хууль, тогтоомж мөрдөөгүй. Хэн нэгэнтэй гэрээ хэлэлцээр байгуулаагүйг ажлын хэсгийнхэн тогтоосон учраас би энэ асуудлыг богино хугацаанд цэгцлэх үүрэг өгсөн. Төр, засгаас нэг шийдвэр гарангуут хэдэн хүн нийлээд ямар нэгэн төрийн бус байгууллага байгуулж, заргалддаг жишиг тогтсон. Манай улсад 6000 төрийн бус байгууллага байдаг. Энэ жишгээр Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас албан бичиг ирүүлж, уулзах хүсэлт тавьсан. Үүнд сургууль, цэцэрлэгийн барилга дээр байршуулсан антенн, долгион цацруулагч хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй гэж бичсэн байсан.

ҮҮРЭН ХОЛБООНЫ АНТЕНН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын дарга З.Амгалан: -Улаанбаатар хотод 15 сургууль, гурван эмнэлгийн барилга дээр үүрэн холбооны антенн байдаг. Энэ нь тухайн газарт ажиллаж, сурч буй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэх, Монгол Улсын болон олон улсын стандартад заасан хүний биед нөлөөлөх хязгаарын төвшинг давсан үгүйг тогтоож, дүгнэлт гаргаж өгөхийг Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас хүссэн. Үүний дагуу дээр дурдсан 18 байршилд хэмжилт шалгалт хийсэн. Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөллийн аюулгүйн төвшин гэсэн стандарт бий. Манай улсын хувьд стандартад заасан буюу хүний эрүүл мэндэд нөлөөлөх аюулгүйн төвшнөөс 78-3500 дахин бага байгааг тогтоосон. Монгол Улсын хэмжээнд үүрэн холбооны 4500 орчим антенн байдаг. Үүнээс 1800 орчим нь Улаанбаатар хотод бий. Олон улсад хэрэглэж буй үүрэн холбооны бүх технологийг Монгол Улсад нэвтрүүлчихсэн байна. Хүн амыг үүрэн холбоогоор хангахын тулд 200-300 метр тутамд антенн байршуулах шаардлагатай. Гэхдээ тухайн антеннууд Монгол Улс болон олон улсын стандартад заасны дагуу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой.

СТАНЦЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭД ХҮНДРЭЛТЭЙ ОЛОН ЗҮЙЛ ГАРНА

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир: -Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Өмчийн харилцааны газраас 18 байршилд байгаа антенныг нүүлгэн шилжүүлэх тухай албан бичгийг өнгөрсөн таван сард манайд ирүүлсэн. Ингэхдээ Барилгын тухай хуульд зааснаар барилгын хийц, даацад нөлөөлөх зориулалтыг өөрчилсөн гэдгийг үндэслэл болгосон байсан. Мэдээлэл технологи, ялангуяа гар утасны үйлчилгээ хурдтай хөгжиж буй энэ үед бааз станцыг олноор байгуулах зайлшгүй шаардлагатай. Бид 35 бааз станцыг хөдөлгөхийн тулд сүлжээний төлөвлөлтийг дахин хийх ёстой. Тиймээс нүүлгэн шилжүүлэхэд хүндрэлтэй олон зүйл гарна. Мөн нэг бааз станцыг шилжүүлэхэд ихээхэн хэмжээний өртөг зардал гарна. Дэлхийн эрүүл мэнд, олон улсын цахилгааны холбооны байгууллагууд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон удаа судалгаа хийсэн байдаг. Ингэхдээ радио долгион хүний биед сөргөөр нөлөөлдөг гэсэн дүгнэлт гаргаж байгаагүй юм билээ.

РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТЫГ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХИЙДЭГ

“Скайтел” компанийн Технологи хариуцсан захирал Ч.Даваажамц: -Нийслэлийн ЗДТГ-аас гаргаж буй санал санаачилгыг шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байна. Шаардлагатай бүх мэдээллийг өгч болно. Мөн ажлын нэгдсэн хэсэг байгуулан эдгээр байршилд байгаа барилгын болон бусад стандартыг хангуулахад хамтарч ажиллая. Барилгын тухай хуульд “Радио соронзон орны нөлөөлөл орон сууцны байшинд байж болохгүй” гэж тусгасан байдаг. Үүнийг хүмүүс буруугаар ойлгож, олон нийтэд ташаа мэдээлэл түгээгээд байх шиг байна. Монгол Улсад мөрдөж буй Радио давтамжийн хуваарилалтыг Харилцаа холбооны зохицуулах хороо хийдэг. Ингэхдээ олон улсын цахилгаан холбооноос гаргасан тухайн бүсэд мөрдөх радио давтамжийн зохицуулалтыг мөрддөг. Радио давтамжийн хуваарилалтыг хийхээс өмнө маш олон төрлийн судалгаа хийдгийн нэг нь хүний биед хэрхэн нөлөөтэйг тогтоодог. Ямар нэгэн асуудалгүй тохиолдолд операторуудад эрх олгодог.

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛДАГ

“Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат: -Үүрэн холбооны антеннууд хүний биед, ялангуяа хүүхдэд хортой гэдэг асуудал хүмүүст хиймэл айдас төрүүлж байна. Радио, холбооны бүх л тоног төхөөрөмжийг хортой гэдэг. Гэтэл эдгээр төхөөрөмжийг зөвхөн Монголд биш дэлхийн бүх улс орон ашиглаж байна. Дэлхийд ашиглаж буй тоног төхөөрөмжийг Монголд оруулж ирж, нэг стандартын дагуу, техникийн ижил нөхцөлд суурилуулдаг. Гэр хорооллын бүс нутагт дэд бүтэц байгуулах орчин нөхцөл дутагдалтай байдаг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн барилгыг сонгодог юм. Цаашид гэр хорооллыг орон сууцжуулсан тохиолдолд хүссэн хүсээгүй нүүлгэн шилжүүлнэ. Сургууль, цэцэрлэгтэй нь гэрээ байгуулдаггүй гэдэг ташаа мэдээлэл байна. Бид тодорхой хууль дүрмийн хүрээнд томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудтай гэрээ хэлэлцээр байгуулдаг.

САНААТАЙГААР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ СОНГОЖ АНТЕНН БАЙРЛУУЛААГҮЙ

“Жи-Мобайл” компанийн тэргүүн дэд захирал С.Баярсайхан: -Үүрэн холбооны антенн байршуулсан сургуулиуд хотын захад гэр хороололд байрладаг. Бид санаатайгаар сургууль, цэцэрлэгийн барилгыг сонгож байрлуулаагүй. Тухайн газарт байгаа өндөрлөг цэг, дэд бүтцийг нь шийдвэрлэсэн боломжит газар нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг болоод байна. Тэнд үүрэн холбооны газрууд антенн байрлуулаад 10, 20 жил болж байна. Гэнэтхэн өнөөдөр байрлуулчихсан юм биш. Хотын төвд байрлах сургууль, цэцэрлэгийн барилга дээр нэг ч антенн байхгүй. Монгол Улс хөгжиж, гэр хороололд өндөр орон сууц, барилга, байшин баривал тэртээ тэргүй нүүлгэн шилжүүлнэ. Тиймээс ирэх сарын 1 гэхэд бүгдийг нүүлгэн шилжүүлэх ёстой гэдэг шийдвэрээ эргэж харахыг хүсч байна. Дэд бүтцийн хөгжил зэрэгтэй уялдуулж, шат дараатай нүүлгэн шилжүүлэх боломж олгохыг хүсч байна. Ийн талуудын байр суурийг сонссоны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Би үүрэн холбооны антенныг сургууль, цэцэрлэгийн барилга дээр байршуулж болохгүй гэдгийг хөндсөн. Орчин үеийн холбооны технологийн хөгжлийг ярих шаардлагагүй. Ийм тайлбар хүлээж авахгүй. Хортой хоргүйн талаар нэлээд ярилаа. Та нарын хэлж буйгаар хоргүй гэдгийг нь дэлхий нийтэд баталчихсан юм байна. Би, ард иргэд үүнийг мэдээгүй, хоцрогджээ. Би жирийн эцэг хүний хувьд бага насны хүүхдээ гар утсаар тоглуулахыг хүсдэггүй. Хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Эцэг эх, иргэд “Миний хүүхдийн сурч хүмүүждэг сургууль, цэцэрлэгийн барилгын дээвэр дээр яагаад ийм олон антенн байршуулсан юм бэ. Энэ хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх юм биш үү” гэж хэлж байна. Үүнийг Улаанбаатар хотыг удирдаж буй хүний хувьд анхааралдаа авч, шийдвэрлэх ёстой. Бид үүрэн холбооны антенн, долгион хүний биед хортой, хоргүй гэж хэлэх эрхгүй. Энэ талаар дэлхий нийтэд маргалдаж байна. Магадгүй хор нөлөө нь олон жилийн дараа гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга дээр үүрэн холбооны антенн тавиулахгүй. Бид өнөөдөр цэвэр, бохир ус, дулааныг шийдэж чадахгүй байгаа ч цахилгааны асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэж байгаа. Тиймээс ажлын хэсэг байгуулж, хүүхдүүдийн төлөө энэ асуудлыг хамтдаа шийдвэрлэе” гэв.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)