Д.МЕДВЕДЕВ В.ПУТИН-ээс нүүр буруулсан уу
- 2012-03-01
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Төрийн Думд суудалгүй ч төрд нөлөөллөө хүргэж чаддаг сөрөг хүчний удирдлагуудтай уулзалдах үеэр нэг хүн гурав дахь удаагаа Ерөнхийлөгч болохыг хориглох хүсэлтэй буйгаа дуулгажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Төрийн Думд суудалгүй ч төрд нөлөөллөө хүргэж чаддаг сөрөг хүчний удирдлагуудтай уулзалдах үеэр нэг хүн гурав дахь удаагаа Ерөнхийлөгч болохыг хориглох хүсэлтэй буйгаа дуулгажээ. Тэрбээр Ерөнхий сайд Владимир Путины хамтаар Үндсэн хуульд нэг хүн хоёроос дээш удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрх олгосон заалт бүхий нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг нь тус улсын Үндсэн хуульд нэг хүн хоёр л удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй хэмээн тусгасан байсан юм. Сөрөг хүчнийхэн дээрх үйлдлийг буруушаан Д.Медведев, В.Путин нарыг төрийн хоёр том албан тушаалыг өмчилж байна гэсэн. Үнэхээр В.Путин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаагаа дуусгасан даруйд өөрийн хүнийг Ерөнхийлөгчөөр гаргаж Үндсэн хуульд нэг хүн хоёроос дээш удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож болох заалт оруулсан билээ. Оросын улстөрийн гол хүчин “Нэгдсэн Орос” нам сонгуульд байнга 60-аас дээш хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулдаг. Уг намын дарга, Ерөнхий сайд Владимир Путин “эрх шилжүүлэх заль” зохиосон нь Оросын ард түмний дургүйцлийг хөдөлгөсний дээр тэр хамгийн нөлөөтэй улстөрчийн байр сууриа алдаж эхлэв. Гэхдээ тэр Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайд, Ерөнхий сайдаас Ерөнхийлөгчид байнга сонгогдох үүдээ нээсэн. Ерөнхийлөгчөөс буусан даруйд намын дарга болно. Мэдээж нам нь парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулдаг болохоор Ерөнхий сайдын суудал халаасанд бий гэсэн үг. Хэрвээ Путин Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ теором батлагдана. Тэр Ерөнхийлөгч болсныхоо дараа намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаа Д.Медведевт шилжүүлж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусвал буцаад одоогийн албан тушаалдаа очиж байх “тасралтгүй үргэлжилсэн” эрх шилжүүлэх тохиролцоог өнөөгийн Ерөнхийлөгчтэй байгуулсан. Энэ тохиролцоо хэдий болтол үргэлжилж, сэлгээний хүн нь дандаа Медведев байх эсэх нь тодорхойгүй болж ирсэн гэнэ. Түүнчлэн дөрвөн жилээр сонгогддог Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон сунгасан байна. “Эв санааны нэгдэл” намын тэргүүн, бүртгэгдээгүй “ПАРНАС” намын хамтран даргалагч Борис Немцов “Известия” сонинд ярилцлага өгөхдөө энэ тухай дурдаж, “Нэг хоёр удаа л Ерөнхийлөгчөөр сонгогдоход хангалттай. Медведевийн саналыг би дэмжиж байна” гэжээ. Түүнчлэн “Ногоонтнууд” намын дарга Анатолий Панфилов “Өнөөгийн төрийн тэргүүн энэ асуудлыг эргэн харж нааштайгаар шийдвэрлэх хүсэлтэй байгаад талархаж байна” гэжээ. Түүний хэлснээр “Нэгдсэн Орос” нам дээрх нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд олонхиороо хүч түрэн оруулсан нь буруу алхам болжээ. В.Путины төрийн эрхийг гартаа хийх энэ бусармаг үйлдэлд дотнын анд, Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони багагүй нөлөөлсөн гэнэ. Энэ сарын 4-нд Оросын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд Путин ялалт байгуулбал гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох ба ирэх зургаан жилд улс орныг удирдана. Цаашлаад хэчнээн жил ч улс орныг удирдах нь тодорхойгүй. Түүнчлэн Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллаж, хоёр дахь удаагаа энэ албан тушаалд нэрээ дэвшүүлээгүй Медведевийн дээрх хүсэл ч талаар болно.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)