“Оюутолгой“-н шалгалт жагсаалтад багтаагүй ч олон нийтийн анхааралд байна
- 2018-09-17
- Улс төр
- 0

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нээлт ирэх сарын 1-нд болно. УИХ- ын ээлжит чуулган бүр завсарлахаасаа өмнө дараагийн чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтыг баталдаг. Үүний дагуу хэлэлцүүлгийн шатанд яваа болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд тэргүүн ээлжид хэлэлцэх хуулийн төслүүдийг багтаасан бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 16 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнд, сүүлийн хэдэн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтаав. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах юм. Тухайлбал, намрын чуулганы эхэнд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор нөхөн сонгууль, Зам, тээврийн хөгжлийн сайдын томилгооны асуудал, Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт хүлээгдэж байна. Жил жилийн намрын чуулганы хамгийн халуун сэдэв нь ирэх жилийн улсын төсөв байдаг. Төсөв тойрсон хэлэлцүүлэг хэсэгтээ л үргэлжилнэ. Бас цаг хугацааны хувь хязгаарлалттай байдаг. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, хэлэлцжээ. Сүүлийн хэдэн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. “Эцэг” хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг урьдчилсан байдлаар ард түмнээрээ хэлэлцүүлж, шинээр гарсан саналыг нэгтгэж дуусч байгаа аж. Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй өөрчлөлтийг улс төрийн зарим хүчин зөвшөөрөхгүй байгаа ч хуульд өөрчлөлт оруулах зайшгүй шаардлага байгааг цаг хугацаа харуулж байгаа юм.
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЭЖ, НИЙТ ГИШҮҮДИЙН ГУРАВНЫ ХОЁРЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР САНАЛ АСУУЛГЫГ ШИЙДНЭ
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг 2017 оны тавдугаар сарын 25-нд байгуулж, нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа, санал асуулгыг нэгтгэсэн долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулсан байдаг. Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга, найм, есдүгээр сард олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, төсөлд тусгасан. Тухайлбал, УИХ- ын гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаар, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэх, хууль батлах саналын босгыг өндөрсгөх заалтыг гишүүдийн саналаар оруулжээ. Мөн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ-ын зарим гишүүн бүрэн эрхээсээ татгалзах, Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх, УИХ-ын гишүүн сайд байх тоог бууруулах зэрэг заалтыг оруулжээ. Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлагын тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан байна. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарлыг тогтоохоор тусгажээ. Сонгууль бүрийн дараа төрийн албанд хийдэг халаа, сэлгээг хязгаарлах зорилгоор төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх албан тушаалд дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах аж. Тус төслийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлж, гуравдугаар хэлэлцүүлгийн эхэнд нийт гишүүний гуравны хоёрын дэмжлэгтэйгээр санал асуулгыг шийднэ гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заажээ.
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд тасралтгүй ажиллаж, гэрээний хэрэгжилтийг шалгаад 200 гаруй хуудас материал, дүгнэлтийг бэлэн болгосон гэдгийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдэгдээд буй. Хэдийгээр УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад уг асуудал багтаагүй ч ажлын хэсгийн дүгнэлтийг энэ чуулганаар хэлэлцэх юм. Ажлын хэсэг “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүү, дэд бүтэц, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын болон хөрөнгө оруулалтын бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны асуудлыг нарийвчлан шалгасан юм.
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛНЭ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг тодорхой болгосон байна. Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан оруулжээ. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгасан байна. Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоо бий болгох, бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хийх аж. Түүнчлэн уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулах зэрэг олон заалтыг нэмжээ.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (0)