Чанаргүй вакцин малыг хээл хаяхад хүргэсэн үү
- 2012-03-02
- Эрүүл мэнд
- 0
Өнгөрсөн жил орон нутагт цас зудгүй, малчид отор нүүдэл багатай, өвлийг өнтэй сайхан давсан билээ. Малчид магнай тэнэгэр, мал сүрэг ч тарга хүч сайтай хаврын улиралтай золголоо. “Хаврын салхи хавирга нэвт үлээдэг” гэж ярьдаг ч малчид мал тарган, хадлан тэжээл өвөлдөө хэрэглэгдээгүй өвс тэжээлийн нөөцтэй, мал төллөхөд айх аюулгүй байгааг онцолж байна. Мал төллөх хугацаа энэ сарын дундаас эхэлдэг хэдий ч өвөл өнтэй орсноос Цагаан сарын өмнө малчны хотонд төлийн дуу цангинаж эхэллээ.

Өнгөрсөн жил орон нутагт цас зудгүй, малчид отор нүүдэл багатай, өвлийг өнтэй сайхан давсан билээ. Малчид магнай тэнэгэр, мал сүрэг ч тарга хүч сайтай хаврын улиралтай золголоо. “Хаврын салхи хавирга нэвт үлээдэг” гэж ярьдаг ч малчид мал тарган, хадлан тэжээл өвөлдөө хэрэглэгдээгүй өвс тэжээлийн нөөцтэй, мал төллөхөд айх аюулгүй байгааг онцолж байна. Мал төллөх хугацаа энэ сарын дундаас эхэлдэг хэдий ч өвөл өнтэй орсноос Цагаан сарын өмнө малчны хотонд төлийн дуу цангинаж эхэллээ. Гэхдээ “Сайны хажууд саар” гэхчилэн шалтгаангүйгээр мал хээл хаяж байна гэсэн таагүй мэдээ сүүлийн үед дуулдах болов.
Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт нийт төллөх малын 60 гаруй хувь нь хээл хаясан талаар малчид өгүүлж байна. Мөн өмнөх жилүүдэд ийм олон мал хээл хаяж байгаагүйг онцолж байсан. Ховд аймагт гэхэд өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган мал хээл хаяжээ. Үүний шалтгааныг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр хийж буй вакцинтай холбон тайлбарлаж байна. Тус аймгуудад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бруцеллёзын вакциныг бүх малд хийжээ. Эмийн хүчтэй бодис нөлөөлсөн буюу мал дөнгөж хээл авсны дараа тарилга хийснээс болсон хэмээн үзэж байгаа аж. Бруцеллёзын вакциныг манай улсын Био эмийн үйлдвэр хийдэг. Ер нь эл вакцин чанаргүй байдаг хэмээн малчид шүүмжилдэг байна. Иймээс энэ талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын халдварт өвчин хариуцсан их эмч Ц.Гантөмөрөөс тодруулсан юм.
Тэрбээр “Вакцин хийснээр мал хээл хаях шалтгаан байхгүй. Учир нь, манай улс олон жилийн турш бруцеллёзын эсрэг вакциныг үйлдвэрлэж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг өвчин гарсан голомтот газруудад жил бүр хийсээр ирсэн. Энэ хугацаанд ийм зүйл гараагүй. Ер нь вакцин хийснээр малын өвчин бүрэн эдгэрнэ гэж байхгүй. Зөвхөн дархлаа суудаг. Харин сүүлийн жилүүдэд бруцеллёз өвчин орон нутгийн малд ихээхэн илрэх боллоо. Энэ нь малчдын өөрсдийнх нь буруугаас буюу бууц хороонд ариутгал хийдэггүйтэй холбоотой. Бруцеллёз өвчний нян хөрс, бууцанд удаан хугацаанд амьдрах чадвартай байдаг. Ялангуяа, хавар дулааны улиралд, мал төллөх үеэр халдварын дэгдэлт ихэсдэг. Бруцеллёзтой мал хээлтэх үед эхсийн шингэнд тухайн нян эрчимтэй үржиж малын хээлийг хордуулж төл амьгүй, дутуу гардаг” гэв. Вакцинаас болж мал хээл хаяагүй гэдгийг ч онцоллоо. Мөн тэрбээр 2011-2015 он хүртэл Засгийн газрын санхүүжилтээр нийт аймгийн малыг хуваарийн дагуу бруцеллёзын вакцинд бүрэн хамруулахаар ажиллаж байгааг өгүүлсэн юм. Эхний ээлжинд баруун аймгуудаас эхлээд цаашдаа хэсэгчилэн бусад аймгийн малд хийх юм байна. Харин мал ихээр хээл хаяж буй орон нутагт учир шалтгааныг нь тогтоохоор Нийслэлийн мал эмнэлэг, мал үржүүлгийн газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байгаа аж.
Б.Цэцэгдэлгэр
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)