В.Путинийг унагах ажиллагаа эрчимжжээ
- 2012-03-02
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путиныг энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч гэж шинжээчид үзэж байна.

ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путиныг энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч гэж шинжээчид үзэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудаас тун их найдварыг сөрөг хүчнийхэнд төрүүлж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг энэ жилээс эхлэн зургаан жил болгон сунгасан, В.Путины рейтинг буурсан явдал сөрөг хүчнийхнийг илүү идэвхтэй болгожээ. Энэ сарын 4-нд болох Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүсч байна. Уг сонгуульд анх арав гаруй хүн нэрээ бүртгүүлж өрсөлдөхөө мэдэгдээд байсан ч одоогийн байдлаар Владимир Путин, Геннадий Зюганов, Сергей Миронов, Владимир Жириновский, Михаил Прохоров гэсэн таван нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байна. Эдгээрээс ганцхан М.Прохоров л бие даагч юм. Орост сонгуулийн өрсөлдөөн дээд шатандаа хүртлээ ширүүсч байна гэхэд хилсдэхээргүй болжээ. Тус улсын сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдтай халз мэтгэлцээн хийхийг санал болгосон байна. “Гудамжны сөрөг хүчин”-тэй мэтгэлцээн хийхгүй гэж мэдэгдээд авсан Ерөнхий сайд зөөлрөв бололтой мэтгэлцээн хийхийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ. Гэсэн ч одоогоор ямар нэгэн мэтгэлцээнд оролцоогүй В.Путиныг сонгуулиас өмнө мэтгэлцээн хийхээс эмээж байна гэж сөрөг хүчнийхэн шүүмжилжээ. Тэдэнд В.Путиныг сонгуулиас өмнө халз мэтгэлцээнд оруулж чадвал ялалт байгуулснаас өөрцгүй зүйл болох гэнэ. Халз мэтгэлцээнээр В.Путины амыг таглах гэнэ. Түүнийг гарцаагүй дийлэх хүнээр сөрөг хүчнийхэн “Юкос” компанийн ерөнхийлөгч асан Михаил Ходорковскийг сонгожээ. Үүний дагуу нэгэн цагт Оросын хамгийн баян хүн хэмээгдэж байсан М.Ходорковский В.Путиныг халз мэтгэлцээнд дуудсан байна. Харин В.Путин оролцох эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн В.Путин энэ удаагийн сонгуульд нэлээд барьц алдаж байгаа тухай сөрөг хүчнийхэн мэдэгдээд амжив. В.Путин саяхан “Сонгуульд булхай орж саналын хувь өөрчлөгдөж болзошгүй” гэж хэлсэн байна. Түүнийхээр, түүний бусад өрсөлдөгч бохир арга хэрэглэх төлөвлөгөө боловсруулж байгаа аж. В.Путин “Өрсөлдөгчдөө заль хэрэглэхээр бэлдэж байсныг мэдсэн гээд сонгуульд зөв оролцохыг уриалсан байна”. Харин сөрөг хүчнийхэн түүний энэ мэдэгдлийг сонгуулийн өмнө рейтинг өсгөх заль гэж үгүйсгэжээ. Хэд хэдэн төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзсан тэрбээр сонгуулийн хороодын ажил байдалтай танилцжээ. Мөн сонгууль хүртэл өөрийг нь бусад нэр дэвшигчтэй харьцуулсан ямар нэгэн судалгаа нийтлэхийг хориглов. Төрийн өндөр албан тушаалыг өмчлөх гэсэн В.Путины санаархал сөрөг хүчнээс гадна эрх баригч “Нэгдсэн Орос” намын нөлөө бүхий зарим эрхэмд таалагдахгүй байгаа нь ил болов. В.Путины хамгийн ойрын холбоотон, Ерөнхийлөгч Дмитрий Медведев нэг хүнд хоёроос илүү Ерөнхийлөгчөөр сонгогдох эрх олгох заалтыг эргэн харья хэмээсэн бол “Нэгдсэн Орос” намын нөлөө бүхий улстөрч, Москва хотын дарга Сергей Собянин В.Путиныг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан зохион байгуулахад саад хийгээгүй байна. Харин тэрбээр В.Путиныг дэмжигчид жагсаал цуглаан зохион байгуулахад саад хийж байсан удаатай.
Оросын Ерөнхийлөгчийн сонгууль барууны анхаарлыг татаж байна
АНУ болон түүний холбоотон баруун Европын орнууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа хандуулж байна. Иран, Сирийн асуудлаас үүдэн баруунд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь нэн сонин байна. Үүний дагуу өрнөдийнхөн Европын зөвлөлийн парламентын ассамблей (PACE)- гаас 29 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын багийг тус улсад илгээлээ. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хяналт тавьж, булхай орохоос сэргийлнэ. Ажиглагчдын багийг Нидерландын зүүний үзэлт улстөрч Тини Кокс ахалж байгаа аж. Тэд Москва, Санкт-Петербург, Казан, Нижний Новгород, Архангельск, Петропавловск-Камчатскт хяналт тавих гэнэ. Харин бусад газруудад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын ажиглагчид хяналт тавих аж. Тэд энэ сарын 5-нд сонгууль хэрхэн болж өндөрлөсөн тухай хамтарсан мэдэгдэл хийх гэнэ. Саяхан болж өнгөрсөн Туркменистаны Ерөнхийлөгчийн сонгуульд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага ажиглагчдаа илгээгээгүй. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов саналаас татгалзсанаа тус байгууллага тэнцвэргүй, ардчилсан бус өрсөлдөөнд төлөөлөгчдөө илгээхгүй хэмээн тайлбарласан юм. Г.Бердымухамедов өрсөлдөгчдөө хэдийнэ худалдаад авчихсан байжээ. Засгийн газрын өндөр албан тушаал, авлига авсан тэд сонгуулийн кампанит ажлын үеэр өрсөлдөгчөө магтан түүнийг сонгоорой хэмээж байсан гэнэ. Одоогийн байдлаар ОХУын Ерөнхийлөгчийн сонгуульд барууны голдуу гадаадын 700 гаруй төлөөлөгч ажиглагчаар оролцохоо мэдэгдээд байна.
Оросын иргэдээс гадна дэлхийн орнууд Путиныг дэмжих, дэмжихгүйгээрээ хуваагджээ
ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос хамаарч дэлхийн нийтэд тулгамдаад буй асуудлууд өөр өөр шийдлийг олох гэнэ. Ийм учраас барууны орнууд Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа хандуулж байна. Хэн сонгогдохоос хамаарч тэдний гадаад бодлого өөрчлөгдөнө. Иран, Сирийн маргаанд ОХУ-ын энэ удаагийн сонгууль цэг тавьж ч мэдэх юм. Барууны тоймчдын таамаглаж буйгаар хэрвээ Владимир Путин Ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос улс одоогийн бодлогоо цааш үргэлжлүүлнэ. Гэхдээ дотоод, гадаад хоёуланд нь яхир бодлого хэрэгжүүлэх гэнэ. Өнгөрсөн парламентын сонгуулиар нэр хүнд нь буурсан В.Путин дахин хамгийн нөлөөтэй улстөрч болохын тулд улс орноо хатуу гараар удирдаж, эрс шийдэмгий бодлого хэрэгжүүлнэ. Түүнчлэн олон улсын зүгээс удаа дараа ирсэн дарамт шахалтад жинтэйхэн хариу барина. Энэ удаа В.Путин гарч ирвэл барууныхантай сүрхий тэмцэлдэх гэнэ. Өрнөдийнхөнд “дарамтлуулсан” Беларус, Украин зэрэг орнууд В.Путиныг дэмжиж байна. Украины гудамж талбай Оросын Ерөнхий сайдын зурагт хуудсаар дүүрчээ. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаас ганц Гүрж улс л В.Путиныг дэмжихээ байгаагаа үйл хөдлөлөөрөө харуулав.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)