Карлос Слим хамгийн баян хүнээр хоёр дахиа шалгарлаа
- 2012-03-07
- Дэлхий
- 0
“Форбес” сэтгүүл олон улсын санхүүгийн мэдээллийн “Блумберг” корпорацитай хамтран дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг нийтлэв.

“Форбес” сэтгүүл олон улсын санхүүгийн мэдээллийн “Блумберг” корпорацитай хамтран дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг нийтлэв. Жагсаалтыг ливан гаралтай Мексикийн тэрбумтан Карлос Слим 68.05 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлсэн байна. Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн баян хүнээр хоёр дахь удаагаа тодорч байгаа юм. Хэдийгээр Карлос Слимийн хөрөнгө өнгөрөгч онд олон тэрбумаар буурсан ч тэрбээр тэргүүлэгч байр сууриа алдаагүй байна. Өдгөө 72 настай К.Слим Мексик, Латин Америкийн харилцаа холбооны зах зээлийн ихэнх хувийг эзэмшдэг нэгэн. “Бразил Эмбрейт”, “Америка Мовиль”, “Телсель”, “Телефонос де Мексик”, “Алтриа Групп” зэрэг харилцаа холбооны компаниуд түүний мэдэлд байдаг. Дэлхийн хамгийн баян 20 хүний жагсаалтын хоёрдугаар байрт “Майкрософт” корпорацийг үндэслэгч Билл Гейтс 62.4 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэгээрээ бичигджээ. Гуравдугаар байрыг 43.8 тэрбум ам.долларын бэл бэнчинтэй, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Уоррен Баффет эзэлсэн байна. Дэлхийн хамгийн баян хүний сэнтийд ээлжлэн заларсан уг хоёр эрхэм олон тэрбум ам.долларыг буяны үйлсэд зориулснаас ийнхүү байр ухарсан юм. “Форбес” сэтгүүл 1986 оноос хойш дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийг тодруулж буй бөгөөд “Майкрософт” корпорацийг үндэслэгч Билл Гейтс хамгийн олон удаа жагсаалтыг тэргүүлж байжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)