Б.Обама В.Путинтай уулзана
- 2012-03-08
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Оба ма өнгөрөгч мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ цэргийн гадаад бодлогоо зөөлрүүлж байгаагаа дурдав.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Оба ма өнгөрөгч мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ цэргийн гадаад бодлогоо зөөлрүүлж байгаагаа дурдав. Тэрбээр “АНУ ирэх хоёр сарын хугацаанд Иранд ямар нэгэн цохилт өгөхгүй. Тус улсын цөмийн байгууламжуудыг устгах төлөвлөгөөгөө Вашингтон эргэн харахаар болсон. Учир нь дайн тоглоом биш” гэжээ. Б.Обама энэ үеэр мухардалд ороод буй Тегераны цөмийн хөтөлбөрийн маргааныг шийдэх гарцаар дипломат арга замыг олон дахин онцолсон байна. Түүнчлэн цааш нь “Иранд довтлох цаг миний бодлоор одоо биш” гэжээ. Тэрбээр “Дотоодын болон Израилийн тагнуулын байгууллагын мэдээллийг харгалзан үзсэний дүнд дээрх мэдэгдлийг хийж байгаа” гэж хэлсэн байна. Б.Обама Ирантай дайтах тухай “тогтмол” мэдэгдэл хийж буй улстөрийн өрсөлдөгчдөө шүүмжилж “Дайн Америкийн эдийн засаг, аюулгүй байдалд хүчтэй нөлөөлнө” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Б.Обама “АНУ Сирид агаараас цохилт өгөхгүй” гэж мэдэгдсэн байна. Өнгөрөгч даваа гаригт сенатч Жон Маккейн “Башар аль-Ассадыг унагахын тулд Засгийн газрыг дэмжигч хүчнийхэнд агаараас цохилт өгөх хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм. Харин Б.Обама Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг унагахыг тулд цэргийн хүч хэрэглэх нь алдаа гэж үзэж байна. Тэрбээр Сири, Ираны асуудлаар В.Путинтай ярилцахыг хүсч байгаа аж. Ирэх тавдугаар сарын 18, 19-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн өөр нэг өргөө “КэмпДэвид”- д “Их найм”-ын уулзалт болох гэнэ. Нийслэлээс гадна орших уг ордонд “Их найм”-ын удирдагчид цуглах үеэр Б.Обама ОХУ-ын шинэ Ерөнхийлөгч Владимир Путинтай биечлэн уулзаж ярилцахыг хүсчээ. “КэмпДэвид”- д тавдугаар сарын 20, 21-нд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох бөгөөд Б.Обама “Их найм”-ын уулзалтын Чикагод байсныг өөрчилж тус ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ. Б.Обама “Жилийн энэ үед Кэмп-Дэвидэд цаг агаар маш сайхан байдаг. Тэнд ноён Путинтай уулзаж дэлхийн өнөөгийн асуудлын талаар ярилцахдаа таатай байх болно” гэжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)