Жейми Димон: Хөгжиж буй орнуудын эдийн засаг цохилтод орж болзошгүй

“JP Morgan” – гүйцэтгэх захирал Жейми Димон Америкийн “CNBC” телевизийн “The Exchange” нэвтрүүлэгт оролцож, эдийн засаг, худалдааны дайн, Холбооны нөөцийн сангийн талаар ярьжээ.

 

-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцахаар ирсэнд баярлалаа. “FedEx”, “UBS”-ийн гүйцэтгэх захирлууд эдийн засгийн өсөлтийн таамаглал буурч байгаа талаар ярихыг сонслоо. Ер нь дэлхийн эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байна. “Business Roundtable Survey” –ээс гаргасан судалгаа ч гэсэн өөдрөг таамаглал дэвшүүлэх боломжгүй гэдгийг батлах шиг боллоо?

-Эдийн засгийн өсөлт буурч байгаа юм биш, өсөлт удаашралтай байгаа юм. “Business Roundtable” бол бусад судалгааны байгууллагатай харьцуулахад харьцангуй өөдрөг таамаглал дэвшүүлдэг. Ерөнхийдөө АНУ-ын эдийн засгийн өсөлт дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй удаашралтай байгаа.

-АНУ өнгөрсөн арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ өсгөсөн. Энэ нь дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-АНУ-ын эдийн засагт тулгарч буй богино хугацааны эрсдэл харьцангуй тогтвортой байна. Гэхдээ эрсдэл байгаа учраас инфляцын түвшнийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж, 2.5 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Ингэснээр ойрын жилүүдэд эдийн засаг тогтворжиж, өснө гэж таамаглаж байгаа. Цаашлаад инфляцын түвшин өсч, ойрын жилүүдэд Холбооны нөөцийн сангийн зорилтот төвшин болох хоёр хувьд дөхөж очно. Бодлогын хүүгээ өсгөснөөр аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн зээлийн өртөг нэмэгдэнэ. Гэхдээ энэ хадгаламж эзэмшигчдийн хувьд энэ нь таатай нөхцөл юм. Бодлогын хүү өсвөл ам.долларын үнэ дээшилж, банкууд зээл олгох нь багасна. Бодлогын хүү буурвал мөнгөний нийлүүлэлт ихэснэ. Холбооны нөөцийн сан нь ийм байдлаар нэг бол инфляцыг барьж, нэг бол эдийн засгийн өсөлтийг дэмждэг. Бодлогын хүүгээ өсгөснөөр олон орны валютын эсрэг зогсох ам.долларын ханш өснө. Хятадын эдийн засгийн өсөлт хязгаарлагдсанаас болоод Ази тив дэх ханган нийлүүлэлтийн эргэлтэд гарч болзошгүй сөрөг үр дагаврууд нь хөгжиж буй орнуудын хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлийг шахан гаргах аюул дагуулж мэдэх юм.

-Холбооны нөөцийн сангийн 16 дахь тэргүүн Жером Пауэлла тэвчээртэй байхыг хүссэн. Ер нь бид хэр удаан тэвчих хэрэгтэй вэ?

-Холбооны нөөцийн санг датагаас хамааралтай гэвэл олон хүн гайхаж магадгүй. Холбооны нөөцийн сан ч гэсэн датагаас хамааралтай. Тиймээс тэд өөрсдийн дата дээр үндэслэн зөв зүйл хийх байх гэж бодож байна.

-Холбооны нөөцийн сан дахин бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлт үүсээд байгаа. Энэ нь бизнес эрхлэгчид болон худалдаачдыг бухимдуулах шалтгаан болж байна?

-Хэдийгээр бодлогын хүүг богино хугацаанд олон удаа өөрчлөх нь эрсдэлтэй ч өөрчлөлт хийхгүй удах нь бүр илүү эрсдэлтэй. Бизнес эрхлэгч, худалдаачдын хувьд бодлогын хүү бага байх тусам ашигтай ч, эдийн засаг, тогтвортой хүчтэй байх нь хамгаас чухал.

-Гэхдээ бодлогын хүү өссөнөөр банкуудын хэрэглээний зээлийн хүү өсч, зээлийн карт, моргейж, автомашины зээлийн хүү нэмэгдсэнээр ард иргэдийн зээлийн хэрэглээ буурна шүү дээ?

-АНУ-д жилд 17 сая автомашин борлуулагддаг гэсэн судалгаа бий. Гэхдээ жилд 17 сая машин худалдаалагдсанаар АНУ-ын Засгийн газарт орж буй ашиг нь өчүүхэн бага. Бодлогын хүү нэмэгдсэнээр хүмүүс жаахан өндөр үнээр байшинтай болно л гэсэн үг. Хэрвээ би Засгийн газар байсан бол зээлийн хэмжээг нэмэх байсан.

-Та нэг удаа “Худалдааны дайн хүрээгээ тэлбэл АНУ-ын эдийн засаг уналтад орно” гэж мэдэгдэж байсан удаатай. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп “Хятадтай хийж буй худалдааны дайн амжилттай явж байгаа” гэж мэдэгдээд байгаа. Хэрвээ худалдааны хэлэлцээрт хүрч чадахгүй бол юу болох вэ?

-Манай эрх баригчид маш ноцтой асуудал дээр ажиллаж, Хятадтай хийх хэлэлцээрт амжилттай байгаа талаар сонссон. Бид АНУ, БНХАУын худалдааны дайныг зохицох журмаар шийдвэрлээсэй гэж хүсч байна. Хэрвээ шийдэлд хүрч чадахгүй бол дэлхийн эдийн засагт сайнгүй нөлөө үзүүлэхээр байгаа. Гэхдээ эдийн засаг уналтад орно гэж бодохгүй байна. Худалдааны салбар сайн байх тусам эдийн засаг сайжирч, муу байх үед эдийн засгийн өсөлт буурдаг. Энэ бол эдийн засгийн бичигдээгүй хууль. Хоёр улс худалдааны асуудал дээр ухаалаг шийдэлд хүрнэ гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Магадгүй хугацаа л шаардлагатай байх. Мэдээж шийдэлд хүрэхгүй байх вий гэж болгоомжлох нь зах зээлд оролцогчдын хувьд зүй ёсны зүйл. Судалгаанаас харахад БНХАУ 30 жилийн дараа л гэхэд эдийн засгаараа АНУ-ыг ардаа орхихоор байгаа. Гэхдээ эдийн засгаараа тэргүүлэх орон болох үйл явц дардан байхгүй нь мэдээж, одоохондоо эдийн засаг нь өсөлттэй хэвээр байгаа ч цаашид магадгүй таван жилийн дараагаас сорилттой тулгарахыг үгүйсгэхгүй.

-Тэгэхээр БНХАУ-ын эдийн засагт хөрөнгө оруулах шаардлагатай гэсэн үг үү?

-Миний хэлэх гэсэн санаа бол Хятадын санхүүгийн зах зээлд асуудал үүсч магадгүй гэх таамаглал юм. АНУ л гэхэд санхүүгийн хямралд өртөж, зах зээлд гэнэтийн томоохон шок үүсч байсан удаатай. Зах зээлийн хэмжээ томрох тусам хяналт тавихад хүндрэлтэй болдог. Тиймээс Хятадын эдийн засаг хүрээгээ тэлэх тусам санхүүгийн хямралд өртөх магадлал нэмэгдэж магадгүй байгаа юм. Гэхдээ БНХАУ бусад улстай харьцуулахад макро түвшинд үүссэн асуудлаа богино хугацаанд шийдэж чаддаг.

-АНУ-ын өрийн хэмжээ түүхэндээ анх удаа 22 их наяд ам.долларт хүрээд байгаа. Түүнчлэн сүүлийн 11 сард л гэхэд нэг их наяд ам.доллароор өссөн. Өр энэ байдлаараа өссөөр байвал ирээдүйд учирч болох эрсдэл нь юу вэ?

-Одоогийн байдлаар АНУ-ын өрийн хэмжээ нийт ДНБ-ий 80 хувьд хүрээд байгаа. Гэтэл энэ тоо Япон Улсад л гэхэд 250 хувьтай тэнцэж байх жишээтэй. Мэдээж төсвийн сахилга бат чухал. Гэхдээ энэ бол асуудал биш. Хамгийн гол нь энэ асуудал маргаашийн эдийн засгийн бууралтын шалтгаан болох ёсгүй. Нөгөө талаас бодлого боловсруулагчид бизнес эрхлэгчдэд зохистой татвар ногдуулах хэрэгтэй.

-Ирэх 2020, онд магадгүй 2021 онд эдийн засгийн хямрал болж магадгүй гэх таамгийг судлаачид дэвшүүлж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Яг үнэндээ би хэлж мэдэхгүй байна. Энэ асуултыг надаас маш олон хүн асуудаг. Ирээдүйд эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг судалгаанд үндэслэн таамаг дэвшүүлдэг ч ирээдүйд яг юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ нөгөө талаас үүнийг үгүйсгэж болохгүй. Сүүлийн жилүүдэд зардал өссөөр байгаа ч хөрөнгө оруулалт зардлаа нөхөх хэмжээний хангалттай бус байгаа шүү дээ.

-Дэлхийн болоод Ази тивийн эдийн засгийн байдал энэ онд ямаршуухан хандлагатай байна гэж та үзэж байна вэ?

-Эдийн засгийн өсөлтөд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж буйн дүнд өнгөрсөн онд гурван хувь байсан дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд яльгүй буурч 2.9 хувь орчимд хүрэх болов уу гэсэн таамаг бий. Үүний дүнд хөгжиж буй орнуудын хувьд дэлхий дээрх өргөн нэрийн бараа бүтээгдэүхүүний үнээс шалтгаалж, эдийн засгийн цохилтод орж болзошгүйн дээр эдийн засгийн нийт дэлхий дахины байдал ихээхэн хэврэг болж, сорилтуудтай тулгарсан хэвээр байх бололтой. Газрын тос, хий, нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортлогчид үнийн үргэлжилсэн уналт бүхий эдийн засгийн сорилтуудыг давах шаардлага тулгарч байгаа юм.

-Таны бодлоор хэзээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал сайжрах вэ?

-Дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож байгаа эдийн засгийн хямралууд урьд өмнө нь байсаар л ирсэн. Хямралтай байгаа нь хэний ч буруу биш. Дэлхийн нэг хэсэгт эдийн засгийн хямрал болж байхад нөгөө талд эдийн засаг өсч байдаг. Олон улсын хоорон дахь мөнгөн тэмдэгтийн гүйлгээг зохицуулж байх нь биллийн үүрэг. Харин гол тоглолтыг улс орнуудын мөнгөн тэмдэгт л гүйцэтгэнэ. Улс орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, ханшийг барих гэж зовж зүдэрч байхад нөгөө хэсэг нь улам баян болж байна. Гол ялгаа энд л байна.

-Эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үүсгэдэг зүйл нь мөнгө. Мөнгө нь мөнгөн тэмдэгтээр холбогдож бусад улс орны мөнгөн тэмдэгтэд “дарамтлуулж” байна. Мөнгөн тэмдэгтийн ханшид үйлчилж, нөлөөлж байгаа цорын ганц хүчтэй зүйл нь юу вэ. Жишээ нь, алт ч гэх юм уу?

-Дээр үед алт, дундад үед газрын тос байсан. Харин өнөөдөр байгаль экологийн ашигтай байрлал, байгалийн баялгийн нөөц болж хувирч байх шиг байна.

Эх сурвалж: https:// www.nbcumv.com/news/ cnbc-transcript-jp-morgan-chase-ceo-jamie-dimon-and-american-university-president-sylvia?network=33135 https://www.cnbc. com/2018/12/06/cnbc-exclusive-cnbc-transcript-jp-morgan-chairmanand-ceo-jamie-dimon-speaks-withcnbcs-becky-quick-today.html

 

Ц.ДАВААСАМБУУ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)