Орлон тоглогчгүй бодис бол ус

Усыг “чандмань эрдэнэ” хэмээж өвөг дээдэс үнэлсэн нь чухамхүү ижилгүй гоц ухаан юм. Усны ач холбогдлыг таньж мэдсэн хэр хэмжээ нь яаж тийм өндөр байж, яаж тэгж онож зүйрлэсэн нь гайхамшиг мөн болно. Амьд биетийн гарал, үүсэл, хувьсал, хөгжил устай л амин холбоотой. Хүний биеийн 80 хувь, уураг тархины нь 70 хувь нь ус. Бид усан биетэй, усан амьтай, хүний биеийн бүхий л үйл ажиллагаанд ус оролцдог. Усны үүрэг олон талтай, усыг орлох бодис байхгүй.

 

Хүний бие эрхтэнд хоол, унд, агаараар дамжин орж ирдэг бүх хорыг ус л зайлуулдаг. Нүднээс гарах нулимс ч гэсэн чийглэх, цэвэрлэх үүрэгтэй. Амьтны биен дэх шаг, хог, хаягдлыг ч биенээс элдэв замаар ялгардаг ус л зайлуулдаг. Булчин хатангирших, арьс үрчийхээс ус л сэргийлдэг.

 

Амьтны өтгөн хатах нь бас л усны дутагдалтай холбоотой. Хүн өдөрт 2-3 литр цэвэр ус уух нь бүдүүн, шулуун гэдэс, давсагны хорт хавдраас хамгаалдаг. Хоол идэхээс өмнө 200-300 гр ус уух нь ходоодны дүүргэлтэнд нөлөөлж их хоол идэх, жин нэмэгдэхээс сэргийлдэг. Идэж цадаж байгаагаа хүн ходоодон дахь хоолны эзэлхүүнээр биш, жингээр нь мэдэрдэг, мэддэг юм байна. Ходоодны хүчил ч усны нөлөөгөөр сулардаг сайн талтай. Энэ нь хоолны дараа эм уудаг хүнд эмний үйлчилгээг зохих түвшинд нь байлгадаг. Хүний бие, эрхтэнд хэрэгтэй ихэнх бодис усанд уусаж байж л биенд шингэдэг... Анхны амьд биетүүд усан дотор, усны тусламжтай л үүсчээ. Цэвэр усыг ариг гамтай хэрэглэх, уухаас бусад ажилбарт ашиглах усыг цэвэршүүлж, дахин давтан хэрэглэх нь аль ч улс оронд тулгамдсан асуудал болчихоод байна. Устай хэрхэн харьцаж буй нь соёлын нэгэн чухал үзүүлэлт мөн болно. Амьтан бүхэн биеийнхээ хаягдлыг элдэв замаар гадагшаа л ялгаруулж зайлуулдаг. Амьтны биенээс хөлс, шээс, баас, нулимс, шүлс, нус зөвхөн усны тусламжтайгаар гадагшилдаг. Ингэхлээр ус бол хүний хувьд бие нь ч мөн, тэжээл нь ч мөн, ариутгагч нь ч мөн, биен доторх “тээврийн хэрэгсэл” нь ч мөн, товчхон хэлэх аваас бүх хэрэгцээ, хүслийг нь хангагч чандмань эрдэнэ юм. Ямар ч амьтны идэш тэжээл, амьсгалдаг агаар нь ч уснаас л эх үүсвэртэй. Хөрс шороо ба агаар мандлын завсарт усан мандал байж, нөгөө хоёроо тэтгэж хамтдаа шим мандлыг бүтээжээ. Шим мандлын нарийн холбоо, хослолын урт, удаан хувьслын бүтээгдэхүүн нь ургамал, амьтан, хүмүүс юм.

 

Дэлхий дээр, бүр манай галактикад ч бурхан, түүний бүтээл гэж байхгүй. Байгалийн эх нь ч, бас эцэг нь ч байгаль өөрөө. Байгаль өөрөө бүхний эзэн, бүтээгч “бурхан” мөн. Хүний биенд байх ёстой ус, цус (нас, жингээс хамаарч) хоёр үүрэг, ач холбогдлоороо бараг л адилхан. Хоёулаа зохих хэмжээндээ байж байж л хүн амьд явдаг.

 

Биеийн жинг 0.03-аар үржүүлж уг хүний хоногт хэрэглэх ёстой усны хэмжээ (литрээр) гардаг. Элдэв шалтгаанаар (гүйлгэж, түлэгдэж) ус их алдах аваас хүн ухаан алддаг, ялангуяа хүүхэд! Иймд алдаж буй усыг нь цаг алдалгүй, тогтмол нөхөж өгөх ёстой. Олон гүйлгэж буй бол бүлээн ус бага багаар байнга уулгах хэрэгтэй. Ус болон цуснаасаа л амьтан бүхэн хатуу хамааралтай. Энэ нь ус буй болсноор л амьтад үүссэн болохыг, ус алга болбол амьтад ч мөн алга болно гэдгийг хүмүүст сануулдаг, гэрчилдэг. Аль ч тив, арал, хойг дээр буй хүмүүсийн анхдагч хэрэглээ, хэрэгцээ, сонирхол нь цэнгэг ус юм. Хүмүүсийн түүх бол ус дагасан л түүх байдаг. Нүүдэл, суурьшлын түүх ч мөн уснаас л “уяатай”. Хүмүүсийн сансар хорвоо дахь хөдөлгөөн, шилжилт, суурьшил ч гэсэн усыг л дагана, усаа зөөнө, устайгаа хамт явагдана. Алт, мөнгө хоёр огт байхгүй, огт ашиглагддаггүй байж болно. Тэднийг өөр металл орлож чадна. Харин усыг өөр юу ч орлохгүй. Алт, мөнгө хоёр хүний анхдагч хэрэглээ биш, энэ хоёр металлаар буй болсон үнэ, хэрэглээ бол үндсэндээ л нийгмийн гарвальтай, түүхэн үзэгдэл гэж хэлж ч болно. Энэ хоёрын хэрэглээг төрийн хуулиар хориглож ч болно, арилжаа солилцооны хэрэгсэл болох утга, ач холбогдлыг нь ч үгүйсгэж болно.

 

Өнөөдөр гэхэд л хатуу баталгаагүй ногоон цаас (доллар) яг л алтан, мөнгөн биет зоос шиг л гүйлгээ, солилцоо, нөөцийн хэрэгсэл болоод явж байна. Энэ бол түүхэн сонин үзэгдэл, банк санхүүгийн үйл ажиллагаанд байгаа том гажуудал юм.

 

Энэ үзэгдэл (зохих тохироо нь бүрдэх аваас) дэлхий дахинд том хямралыг үүдэх болно. Аливаа нөөц бол биетэй юмсаар, хүмүүсийн ярьдгаар “хатуу” юмсаар хийгдэж байвал л өлзийтэй. Түүхийн туршлага, сургамж ч тийм шүү дээ! Эх дэлхийг маань бүхэлд нь авч үзвээс, бүр нэгэн амьд гэхээр биет гэж тооцвоос түүний цэвэрлэгээг, ариутгалыг мөн л ус, дөрвөн их далай маань хариуцаж байдаг. Таван тивүүд, том арлууд дахь бохир бүхнийг далайд цутгадаг голууд урсган, тээвэрлэн авч ирээд далайд юүлдэг. Далайн давстай ус, нарны гэрэл, байнгын долгилох хөдөлгөөний нөлөөгөөр бохир бүхэн ариусдаг жамтай. Чингэж л эх дэлхий маань цэвэр, цэмцгэр, үзэсгэлэн төгс янзаараа, олон зүйл амьтад, олон зүйл загас, олон зүйл шувууд, олон зүйл мод, ургамал, цэцэг ногоотойгоо оршин байж иржээ. Энэ бол жинхэнэ гайхамшиг юм. Энэ гайхамшгийг хүмүүс бид хайрлах, унаган янзаар нь хадгалах журамт үүрэгтэй. Цэвэр усны хувьд хүмүүс бидний хүлээх үүрэг, хариуцлага бол, дүрсэлж хэлбэл, бүр шүтлэг, бишрэлийн хэмжээ, түвшинд байх учиртай хууль болно. Далайн усны цэвэр, ариун нь аль ямарч тансаг бассейныхаас илүү их байдаг нь нотлогджээ. Бассейны усанд микроб ч бий, хүний хир, шээс, өтгөний хувь хэмжээ ч бас буй. Энэ бол нарийн багажаар тодруулсан бохирдолт юм. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл гэсэн үг!

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)