Б.ЖАВХЛАНТ:ӨНГӨРӨГЧ ХУГАЦААНД ДЭЭД ТАЛ НЬ 35 МЯНГАН ӨРХ ДААТГУУЛЖ БАЙСАН
- 2026-04-05
- Үнэн
- 0
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшгийн эрсдэл ойр ойрхон тохиолдож, ялангуяа өвөл, хавартаа малчид хохирол ихээр амсаж байна. Үүнтэй холбогдуулан “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант малчид малын индексжүүлсэн даатгалын талаар ийн ярилаа.
ХОХИРООД ҮЛДЭХ БИШ НӨХӨН ТӨЛБӨР АВНА
-Нөхөн төлбөр олгоход бас баримт бичиг бүрдүүлэх, газар дээр очиж үзэж харах, эрсдийг тооцох гээд ажил байдаг уу?
-Малын индексжүүлсэн даатгалын үндсэн зорилт бол малчдыг гамшгийн эрсдэлээс хамгаалах бүтээгдэхүүн юм. Малчид энэхүү даатгалд даатгуулсан байвал, өвөл, хаврын зуд, байгалийн аливаа гамшигт малаа ихээр алдсан тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой. Даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч малчны дансаар дамжуулан хийдэг. Даатгалд хамрагдсан малчид маань заавал нөхөн төлбөр хүссэн өргөдөл, бичиг барим хэрэггүй. Үндсэндээ тухайн аймаг, сумын малын хорогдлын тоо бодитой зөв гарсан байвал даатгалд хамрагдсан малчдын өөрсдийн данс руу даатгалын нөхөн төлбөр шууд ордог.
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол яах вэ?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу хагас жилийн мал тооллогын дүнгийн дараа нөхөн төлбөрийг сумдын малын зүй бус хорогдлыг дүнд үндэслэн олгодог. Хагас жилийн мал тооллогын дүн долдугаар сард эцэслэгдээд найман сард хамтын эрсдэлийн сангийн хурлаар ороод 9-10 дугаар сарын хооронд даатгалын нөхөн төлбөр олгогддог. Одоогоор малчдын бага хувь малаа даатгуулж байгаа ч үр шимийг хүртэж байгаа хүмүүс бас бий. Тиймээс бид малчдынхаа малыг даатгуулах тал дээр төрөл бүрийн арга хэмжээ аван ажиллаж байна.
-Өнгөрөгч хугацаанд зудын эрсдэлд орж, малаа даатгуулаад хэдий хэрийн нөхөн төлбөр авч байв. Хамгийн их нөхөн төлбөр авч байсан малчин бий юу?
-Өнгөрсөн 2024 оны өвлийн цас зуднаар манай байгууллага цас их унасан нийт 10 аймагт ажилласан. Үнэхээр хүнд өвөл болсоныг бид газар дээр нь очиж үзэж байлаа. Малын индексжүүлсэн даатгал хэрэгжиж эхэлсэн цагаас хойш 2023 онд 35 мянга гаруй малчин хамрагдсан нь өндөр тоо. Гэхдээ Монгол улс 183 мянга гаруй малчинтай. Эндээс үзэхэд манай малчид даатгалд хангалтгүй даатгуулж байгаа нь харагдаж байна. 2024 онд МИД-ын нөхөн төлбөрт 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож байна. Энэ нь даатгалаас Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр нөхөн төлбөр олгож байгаа явдал болсон. Үүнээс хамгийн өндөр нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин О.Энхбаяр 86 сая төгрөгийн нөхөн төлбөр авч байсан. Сүхбаатар аймгийн малчдын МИД-ын нөхөн төлбөрийг гардуулж явна. Зуд зулагтай гэдэг. Хатуу өвөл хаврыг даваад сайхан зунтай золгож, малчид маань тухтай сайхан намаржиж байгааг харах сайхан байдаг.
-Эрсдэлээс сэргийлэх нэг арга нь даатгал боловч манай улсын иргэдийн дунд даатгалын тухай ойлголт хангалттай биш байх шиг санагддаг. Тийм үү?
-Гамшиг гэдэг хэзээ ч хэлж ирэхгүй шүү дээ. Бид ямар эрсдэл дунд байгааг би түрүүн хэллээ. Гэхдээ иргэн, ААН эрсдэлийг өөрөө даах чадамжтай гэж үзвэл даатгуулахгүй байж болно. Эсвэл эрсдэлээ бусдад шилжүүлж болно. Тэр нь даатгалын систем. Хүмүүс даатгалд хамрагдахдаа жил бүр үр ашиггүй мөнгө төлөөд байгаа юм шиг ханддаг. Жишээ нь, малчид МИД /Малын индексжүүлсэн даатгал/-д малаа даатгуулахдаа хармын сэтгэлээр маш бага дүнгээр даатгуулдаг. Та хураамж төлөөд тэр жилдээ нөхөн олговор авахгүй байлаа гээд тэр нь үр ашиггүй зарлага биш. Таны төлсөн хураамж даатгалын эрсдэлийн санд хуримтлал болдог гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа нүүдлийн МАА-тай манай орон бол байгалийн эрсдэлээс 100 хувь хамааралтай. Үүнээс зугтах аргагүй ч эрсдэлээс сэргийлж болно. Тэр нь даатгал юм.
-Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Индекс гэхээр нэрнээс нь болдог ч юм уу малчдад нэг л буухгүй байх шиг байгаа юм. Энэ нь сумын малын хорогдлын тодорхой хувьд тохируулж даатгалын нөхөн төлбөр олгодог тогтолцоог хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг сумд малын хорогдлын босго үзүүлэлт тогтоосон байдаг. Малын хорогдол нь сумын нийт малын 5 эсвэл 6 хувиас давсан тохиолдолд нөхөн төлбөр өгөх нөхцөл үүснэ. Иргэн Дорж малаа бүгдийг нь алдсан байлаа ч сумын хэмжээнд нийт малын хорогдол 5 хувьд хүрээгүй бол нөхөн төлбөр авах боломжгүй. Сумын малын хорогдлын 6 хүртэлх хувь дээр малчин эрсдэлийг өөрөө үүрдэг. 6-аас дээш давсан хохирлыг дотоодын даатгалын компани, Үндэсний давхар даатгал ХК, олон улсын давхар даатгалтай хамтран эрсдэлийг хариуцан нөхөн төлбөр төлдөг. Ийм эрсдэлийн олон шатлалт тогтолцоог бий болгосон.

Сэтгэгдэл (0)