Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад Монголын шатарчид түүхэн амжилт бүтээлээ
- 2 цаг 50 мин
- Нийгэм
- 0

Узбекистаны Самарканд хотноо болсон Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад Монголын шатарчид шуугиан тарьж, түүхэн амжилт бүтээлээ.
189 орны шилдгийн шилдэг шатарчдаас бүрдсэн багууд өрсөлдсөн энэ олимпиадад Монгол Улсын шатрын үндэсний эмэгтэй шигшээ баг 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарснаар Монголын шатрын түүхэн дээд амжилтыг шинэчиллээ.
Манай эмэгтэй шигшээ баг өмнө нь 1990 оны Нови Садын олимпиадад 12 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин энэ удаа дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж, анх удаа дэлхийн шилдэг 10 багийн нэг боллоо.
Манай охид АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай 3-7 дугаар байрыг ижил оноогоор хуваан эзэлж, зөвхөн коэффициентийн зөрүүгээр 7 дугаар байрт бичигдлээ. Энэ бол Монголын шатар дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх бүрэн боломжтойг харуулсан түүхэн үр дүн юм.

Х.Баясгалан дөнгөж 19-хөн насандаа нэг ч өнжилгүй 11 өрөг тоглож, 8 оноо авч, III ширээний хувийн үзүүлэлтээр дэлхийд 4 дүгээрт жагслаа.
Эрэгтэй шигшээ баг маань ч нийт дүнгээр дэлхийд 26 дугаар байрт шалгарч, “В” ангилалд мөнгөн медаль хүртэн, бас нэгэн түүхэн амжилтыг бүтээлээ.

Эх орноо төлөөлөн дэлхийн шилдэг багуудтай өрсөлдсөн Монголын охид, хөвгүүдээрээ үнэхээр бахархаж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн шатарчдын их олимпиадад Монголын баг ийнхүү түүхэн шинэ босго тогтоолоо.
Хөвгүүд маань тэмцээний турш уналт, босолттой олон хүнд өргийн ард гарч, монгол хүний эр зориг, сахилга бат, тэсвэр хатуужлыг харууллаа. Өнөөдөр тэднийг Монголын далбаатайгаа шагналын тавцанд зогсож байхыг харах нь жинхэнэ монгол омогшлыг төрүүлж байна.

Энэ олимпиадыг өөрийн биеэр өдөр бүр үзэж, тамирчдаа дэргэдээс нь дэмжихдээ нэг зүйлийг маш тодорхой ойлголоо.
Дэлхийн шатрын тэргүүлэх орнууд өндөр түвшний дасгалжуулалт, спортын шинжлэх ухаан, академи, санхүүжилтэд тулгуурласан олон жилийн тогтолцоотой. Харин бидэнд энэ хэмжээний нөөц боломж хараахан бүрдээгүй ч Монголын шинэ үеийн залуус ур чадвар, сахилга бат, сэтгэлийн хүч, төрмөл авьяас, оюуны потенциалаараа хэнээс ч дутахгүй гэдгийг энэ олимпиад дэлхийд харууллаа.

Сэтгэгдэл (0)